БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны дөрвөн сая гаруй Монгол үндэстэн өөр хоорондоо монгол бичиг, үсгээр харилцаж, ойлголцдог.

Хатуухан хэлэхэд тэд биднээс илүү үндэсний бичиг үсгийн үнэ цэнийг ухамсарлаж, өөриймсөг сэтгэлээр ханддаг байв. Харин Хятадын талаас гаргасан тодорхой шийдвэр, зохицуулалттай холбоотойгоор тэд дахин монгол хэлний хичээл судлах боломжгүй боллоо. Энэ нь тус улсын Засгийн газраас бүх шатны боловсролын байгууллагуудад мандарин хэлний хичээлийг түлхүү зааж, монгол хэлний хичээлийг багасгахыг үүрэг болгосонтой холбоотой. Уг өөрчлөлтийг эсэргүүцэж, удаа дараа жагсаал цуглаан зохион байгуулсан ч амжилт олсонгүй. Ингээд өвөрмонголчууд мянга гаруй жилийн үүх түүх, соёл бүхэлдээ шингэсэн эх хэлээсээ алсарч, сүүлийн удаа үндэсний дээл хувцсаараа гоён хичээлд оролцов. Харин одоо биднээс өөр эх хэлээ идэвхтэй ашиглах хүн үгүй боллоо.

Хоёр жилийн дараа “Хос бичигтэн” болох тухайд

Тэртээх 1946 онд манай улс кирилл бичиг үсгийг анхлан хэрэглэж эхэлсэн бөгөөд 1973 онд бүх нийтээр бичиг үсэгтэн болсон түүхтэй. Мэдээж хэрэг кирилл бичиг үсэг бидний амьдралд нэвтэрсэн нь олон өөрчлөлт, шинэчлэлийг авчирсан. Гэтэл нөгөө талаас аман болон бичгийн хэлэнд кириллийг түлхүү ашигласнаар үндэсний бичиг үсэг орхигдож, гээгдэх эрсдэл үүсээд байсан юм. Харин одоогоос найман жилийн өмнө буюу 2015 оны долоодугаар сарын 1-нд Монгол хэлний тухай хуулийг баталсан. Тус хуульд үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангагдсаны дараа төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл, үндэсний бичгээр хөтөлж явуулна гэж заасан нь бий. Тэгвэл энэхүү хуулийн заалт 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, тун удахгүй бид ажил амьдралдаа кирилл болон үндэсний бичгийг хослуулж хэрэглэнэ гэсэн үг. Тийм ч учраас боловсролын хөтөлбөрт сурагчид бага ангидаа кирилл бичигт сайтар суралцсаны дараа буюу зургаадугаар ангиас эхлэн дунд сургуулиа төгстөл нь монгол бичиг заахаар хуульчилсан. Түүнчлэн их, дээд сургуульд элсэгчдээс авах монгол хэлний шалгалтын агуулгын дөрөвний нэгийг монгол бичиг байхаар тусгасан байдаг. Энэ нь Монгол Улсын иргэний үндэсний бичгээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх шаардлагыг нэмэгдүүлж буйтай холбоотой.

Монгол хэл соёлоо дээдлэн, үндэсний бичгээрээ цаашид төрийн албан хэргээ хөтлөх нь бидний үүрэг юм. Тийм ч учраас үндэсний бичгээ сурч эзэмшиж, түгээн дэлгэрүүлэхийг зорьж байна. Үндэсний бичиг бол манай улсын хувьд хүн төрөлхтний түүхэнд оруулсан томоохон хувь нэмэр юм. Энэхүү бичиг үсгээ дэлхийд авч үлдэх, түгээн дэлгэрүүлэх нь бидний хамгийн чухалчлах зүйл. Нийтээрээ хос бичигтэй, ирээдүйд аль ч бичгээр саадгүй уншдаг, бичдэг залуу үетэй байх нь хамгаас чухал.

Кирилл бичиг хэрэглээд 80 орчим жил болж байна. 2025 оноос төрийн албыг монгол бичиг болон кириллээр хослуулан хөтөлж явуулахаар болсон. Нэгийг нь аваад нөгөөхийг нь хаяна гэсэн үг биш. Монгол бичгийн хэрэглээг тэлэх гээд байгаа юм. Кирилл бичгээ яах вэ гээд байгаа хүмүүсээс мянга гаруй жил монгол бичгээр бичсэн түүхээ яах вэ гэж асуухад болно.

Дэлхийн гайхамшигт долоон хэлний нэг

Монгол бичиг нь дэлхийн долоон гайхамшигт хэлний нэг бөгөөд дээрээс доош чиглэлд бичигддэг. Бид үүнийг “босоо бичиг” хэмээн нэрийдэх нь бий. Хэлний түүхэн хөгжлийг нарийн тусгасан байдгаараа онцлог төдийгүй хурдан бичих боломжтой түргэн бичиг юм. Өнөө цагт харь хэлнээс илүү үндэсний бичиг үсгээ сурах нь олонхийн дунд халшрах зүйл болжээ. Дан ялангуяа залуусын дунд англи хэл трэнд болж, тэр ч утгаараа эцэг эхчүүд хүүхдээ бага наснаас нь эхлүүлж, харь хэл сургахыг эрмэлзэх болов. Даяаршиж буй нийгэмд өөр улсын хэлийг сурч, судлах нь зүйтэй ч өөрийн хэлийг бас орхигдуулж боломгүй. Учир нь, тухайн улсын хэл, соёл гэдэг оршин тогтнохуйн баталгаа төдийгүй, үндэстний дархлаа болж өгдөг. Нэг үгээр хэлбэл монгол хэл, бичиг монгол хүн бүрт хамаатай зүйл юм.

Хэл дээр суурилсан үндэсний сэтгэлгээ 11-13 насанд төлөвшдөг. Түүнээс өмнө гадаад хэл заачихаар эх хэл дээрээ суурилсан үндэсний сэтгэлгээ бий болоход сөрөг нөлөөтэй. Монгол үндэстний оршин тогтнох нэг гол хүчин зүйл нь хэл сэтгэлгээ юм. Түүнчлэн хэл бол тухайн үндэстний дархлааг хадгалж байдаг зүйл.

Нөгөө талаас эх хэлээ бүрэн эзэмшсэн хүн өөр бусад улс орны хэл соёлд саадгүй нэвтрэх бүрэн боломжтой. Манайд цэцэрлэгээс нь эхлүүлж, гадаад хэл сургахыг оролдон, энэ нь гавьтай үр дүнд хүрдэггүй. Өөрөөр хэлбэл, өөрийн хэлийг ч шальтай сурсан зүйлгүй, өрөөлийн хэл соёлыг ч дорвитой мэдсэн юмгүй оромдож орхидог. Тэрний оронд хүүхдэд бага насанд нь монгол хэл, бичгийг бүрэн эзэмшүүлж, түүний дараа хоёрдогч хэл, соёлд сургах нь зүйтэй. Улс орны орны ирээдүй дан ганц хөгжил дэвшил, эдийн засаг дээр тогтдоггүй аж. Тэр ч утгаараа ихэнх улс орон эх хэл соёлоо үндэсний эрх ашиг, ирээдүйн чухал бүрэлдэхүүн хэсэг гэж үздэг. Харин монгол бичгийн тухайд эх хэлний суурь, өнгөрсөн ба ирээдүйн оршил учраас хүн бүр наад захын мэдэгдэхүүнтэй байх нь чухал.