Дэлхийн алдартай фестивалиуд болох Coachella, Woodstock, Glastonbury зэрэг хөгжмийн наадмуудад жилд дунджаар 32-40 сая хүмүүс оролцдог. Тэр ч утгаараа дэлхийн олон орны хүмүүсийн заавал очихыг хүсдэг наадмуудын нэг болж чаджээ. Харин Монгол Улсын хувьд бусад улс орны хөгжмийн соёлыг суралцах боломжийг бүрдүүлдэг том хэмжээний хөгжмийн наадмын нэг бол “Playtime” юм. Тиймээс энэ удаа Монгол Улсад хамгийн  урт хугацаанд, тогтвортой зохион байгуулагдаж ирсэн “Playtime” хөгжмийн наадмыг онцоллоо. Энэхүү амьд хөгжмийн наадмаар дамжуулан залуус соёлыг түгээж, хээнцэр, содон хувцаслалтаараа хэнээс ч санаа зовохгүй алхаж, хөгжмийн аялгууг чих тавин сонсдог. Тэдний хувьд хөгжим бол дотоод амар амгалан, эрх чөлөө гээд бүх л зүйлсийг нь илэрхийлдэг аж. Тийм ч учир хөгжимд хайртай залуусын гэр гэх тодотголтой хөгжмийн наадмын чиг хандлага бидэнд хэрхэн нөлөөлж байгаа талаар хүргэж байна.

“Жинхэнэ эрх чөлөөг дуу хөгжим олгодог"

Даралтат бөмбөр, цахилгаан гитар зэрэг өнгө өнгийн гэрлээр чимэглэсэн хөгжмийн тайзан дээр хайртай хамтлаг, дуучин тань гарч ирэх мэдрэмж хаана ч байхгүй эрх чөлөөг мэдрүүлдэг. Энэ ч утгаараа нэр хүндтэй дуучид, хөгжимчид нэг дор цуглардаг газар болсон “Playtime” наадам олон жилийн түүхтэй. Тухайлбал, хамгийн анх энэхүү наадам X Nation нэртэй рок бааранд тоглодог байсан хамтлагуудаас үүдэлтэй аж. Тухайн үед тус баар хаагдаж, хамтлаг дуучид HiFi алтернатив радиогийн гурван жилийн ойн үйл ажиллагааны хүрээнд тоглож эхэлсэн аж. Ийнхүү уг наадам нь тухайн үедээ зөвхөн рок хөгжмийн чиглэлээр зохион байгуулагдаж байсан бөгөөд улмаар үзэгч, сонсогчид нэмэгдэхийн хэрээр наадмын цар хүрээ тэлж олон улсын хөгжмийн фестиваль гэх статустай болсон байна. Улмаар наадамдаа олон улсын хамтлаг дуучдыг урьж оролцуулан залууст хөгжмийн олон урсгал, чиглэлийн ойлголт, соёлыг түгээхэд түлхэц болжээ. Энэ нь эргээд Монголын хөгжмийн салбарт зохих хэмжээний стандартыг тогтоосон юм.

“Playtime” наадмын үүссэн анхны үзэл санаа, агуулга бол чанартай хөгжим, түүнийг дэлгэрүүлэх.“Playtime” наадам өөрөө хувьссаар ирсэн. Анхандаа бол рок, метал, инди фестиваль байсан бол одоо олон улсын хөгжмийн фестиваль гэсэн нэршилтэй болоод байна. Анх 2015 онд “Нааглихац” тайз гэж шинээр үүсгэн байгуулахад үзэгч, сонсогчид тийм ч дуртай хүлээж авч аваагүй. Гэхдээ хүмүүс аажимдаа хүлээн зөвшөөрч, хөгжим сонсох хандлага нь дагаад л хувьсаж ирсэн. Үүн шиг жилээс жилд “Playtime” наадам өөрөө улам өргөжих, цар хүрээгээ тэлэхийг тэмүүлдэг. Ойрын ирээдүйд бид Ази тивийн топ таван фестивалийн нэг болохоор зорьж байна. “Playtime” тасралтгүй хөгжил, өөрчлөлт, хувьсал дунд явдаг ч ямар ч урсгал жанр, шинэ зүйл хийсэн хамгийн сайныг нь шилж сонгож, үзэгчдэд хүргэдэг үндсэн зарчмаасаа хазайгаагүй. Бидний хувьд үргэлж дуу хөгжим нэгдүгээрт байна.

Өдгөө 20 жилийг ардаа орхиод буй наадамд 20 гаруй орны нийт 800 гаруй хамтлаг, уран бүтээлчид оролцжээ. Энэ хугацаанд Америкийн Yo La Tengo болон Шведийн The Ra-dio Dept зэрэг алдартай хамтлагууд урилгаар ирж байжээ. Түүнчлэн Муммий Тролль, Peter Hook and The Lights, The Wedding Pres-ent, The Pains of Being Pure at Heart, Mono, The Fin, Envy зэрэг дэлхийн алдартай хамтлаг, уран бүтээлчид наадамд хүрэлцэн ирж уран бүтээлээ толилуулж байсан юм.

Мөн Монголын рок попын шилдэг болон шинэ залуу уран бүтээлчид уг наадамд хүндэт зочноор оролцдог байна. Энэ жилийн тухайд Dream Pop урсгалын хамгийн том төлөөлөгч гэж үздэг АНУ-ын алдарт “Cigarettes After Sex” хамтлаг ирэхээр болсон юм.

Миний хувьд өнгөрсөн жилийн “Playtime” наадамд зочин уран бүтээлчээр уригдаж очсон. Анх удаа очсон сэтгэгдэл гэвэл бид нийслэл хотдоо ийм том хэмжээний амьд хөгжмийн наадамтай байх ёстой юм байна гэж бодсон. Энэ ч утгаараа залуус цаг заваа зөв боловсон өнгөрүүлж, хөгжмөөр цэнэглэгдэж байгаа нь харагдсан. “Playtime” наадам бол яах араггүй залуус, уран бүтээлчдийн хүсэн хүлээдэг газрын нэг юм гэдгийг олж харсан.

“Playtime” наадмын үеэр хэн нь ч хэнээсээ дээр доор гэж ялгагдалгүй хөгжмөөс авч буй мэдрэмжээрээ нэгдэж чаддаг. Түүнчлэн шинэ хөгжим сонсдог учраас хөгжмийн мэдрэмжээ тэлэх боломж гарч ирдэг. Залууст чөлөөт сэтгэлгээ, гоо зүйн мэдрэмж, эрх чөлөө, энх тайвныг мэдрүүлж чаддаг нь үнэхээр сайхан.

Загварын хувьсал

Наадмын хүрээнд уламжлал болсон нэгэн шинэлэг өнгө төрх нь загварлаг залуус юм. Тухайлбал, залуус хамгийн загварлаг хувцсаа уг наадамд өмсөж, этгээд дүр төрхийг бүрдүүлдэг. Улмаар энэ нь наадамд оролцож буй хүмүүсийн дунд шинэ соёлыг бий болгосон гэж хэлэхэд хилсдэхгүй юм. Тухайлбал, уг наадамд хүрэлцэн ирж буй хүмүүс өөрийн хүсэл, сонирхлоороо хувцаслаж дүр төрхөө бүрдүүлдэг.

Миний хувьд “Playtime” наадамд гурав дахь жилдээ оролцож байна. Наадамд оролцохдоо ямар нэгэн онцгой байдлаар хувцаслахыг хүсдэг. Тэр ч утгаараа өнгөрсөн жил ээж, аав, эгчийнхээ өмнө нь өмсдөг байсан хувцсаар өвөрмөц хувцаслалтыг бүрдүүлж орсон. Мөн гоёл чимэглэлийн хувьд хуучин хувцасны дэлгүүрээс ээмэг, гинж зэргийг худалдан авч хувцаслалтаа чимсэн. Сүүлийн жилүүдэд залуучууд байгальд ээлтэй байдлаар хувцаслах болсон. Тэр ч утгаараа шинэ хувцас худалдаж авалгүй хуучны хувцсаар шинэлэг загварыг бий болгож оролцсон.

Улмаар этгээд, содон хувцаслалтаар гоёсон залуус наадмын талбайг дүүргэдэг билээ. Залуус наадамд зориулж өөрсдөө хувцсаа уралдаг бол зарим нь загвар зохион бүтээгчдээр өөрийн гэсэн дахин давтагдашгүй хувцсыг бүтээлгэдэг аж. Энэ наадамд ирсэн хэн ч бусдынхаа өмссөн хувцсыг шүүмжлэх эрхгүй бөгөөд энэ нь залуусын хувьд эрх чөлөөг бий болгодог байна.

Байгаль нэн тэргүүнд

Олныг хамруулсан аливаа томоохон арга хэмжээ, хөгжмийн наадмын үеэр асар их хэмжээний хуванцар хог хаягдал гардаг сул тал бий. Тэгвэл “Playtime” наадмыг зохион байгуулагчид өнгөрсөн жилээс хог хаягдлыг багасгах зорилтыг баримталж эхэлсэн байна. Зохион байгуулагчдын зүгээс сайн дурын 250 залуусыг ногоон тогтвортой хөгжлийн баг болгож байгальд ээлтэй байх санаачилгыг хэрэгжүүлж эхэлжээ. Улмаар наадмын хүрээнд иргэдэд хуванцар сав бус дахин ашиглагддаг аягыг санал болгож байгаа аж.

Өнгөрсөн жилээс эхлэн амьд хөгжмийн наадам маань байгаль экологид ээлтэй, ногоон наадам болох зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд бид олон улсын жишгээр хуванцар хэрэглээг багасгаж, дахин ашиглагддаг аягыг иргэдэд санал болгож буй. Улмаар залуучууд наадамд ирэхдээ нэг удаагийн аягыг угтах хэсгээс худалдан авч хэрэглэх боломжтой болж байгаа. Хэрэглэж дууссан бол бидэнд мөн адил худалдаж авсан үнээрээ эргүүлээд зарах боломжийг ч харилцан олгож байна. Мөн наадмын өдрүүдэд хог хаягдлаа багасгах үүднээс хог хаягдлаа ангилж, дахин боловсруулах үйлдвэртэй хамтран ажиллана. Түүнчлэн үнэ төлбөргүй цахилгаан автобус иргэдэд үйлчлэх юм.

Ийнхүү дэлхийн нэг хэл гэгдэх хөгжмийн урсгалыг ойлгож, мэдэрч, сонирхож, хайрлахад хөгжмийн наадам чухал үүрэг нөлөөтэй байдаг. Энэ ч утгаараа Монгол Улсын хэмжээнд зохион байгуулагддаг хамгийн том наадам гэгдэх “Playtime” наадамд цар хүрээгээ тэлсээр байна. Залуус, уран бүтээлчид наадмаар дамжуулж хөгжим, урлагийн мэдрэмжийг дээд зэргээр мэдэрч, эрх чөлөөгөөр цэнэглэгдэж байна. Улмаар залуусын хөгжмийн боловсролд ч ахиц дэвшлийг авчирчээ.