Засгийн газраас албан тушаалын байдлаа урвуулан ашигладаг, хамаарал бүхий этгээдүүдээрээ өөрийгөө тойруулсан томилгоо хийдэг, ажил үүргийн давхардал бий болгосон, тэтгэвэр, цалин хоёроо зэрэгцүүлэн авдаг үзэгдлийг таслан зогсоох зорилгоор “Шүүр” ажиллагааг эрчимжүүлэн хэрэгжүүлж байгаа. Ингэхдээ тэр энэ салбар гэж онцлохгүйгээр төрийн албаны 6000-8000 орчим хүнийг шүүрдэнэ гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн.
“Шүүр” ажиллагааны зорилго зөв ч зорилтод бүлгийнхнээ шүүрдэхгүй байна гэх шүүмжлэл гарч эхэллээ. Тухайлбал, Гаалийн ерөнхий газарт гэхэд л “Шүүр” ажиллагааны хүрээнд “нугалаа” үүсэх нөхцөл үүсжээ. ГЕГ-т ажилд ороод 5-3 жил болж байгаа идэр залуусаар Р.Отгонжаргал дарга туг тахихаар зэхэж буй бололтой. Тодруулбал, ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал төрийн албаны ерөнхий шалгалт өгсөн мөртлөө тусгай шалгалт өгөөгүй хэмээн 70 гаруй залууг ирэх долоодугаар сарын 1-нээс албан тушаалаас нь чөлөөлөхөөр болжээ. Эдгээр залуус “Шүүр” ажиллагааны зорилго болох төрийн албаны “шимэгчид”, албан тушаалын буг бологсод биш аж. Ихэнх нь 2019 онд ажилд орсон идэр насны залуус юм байна. Залуусыг хомроголон халах шалтгаан болсон “Тусгай шалгалт” гээчийн тухайд, 2018 оноос хойш гаалийн байгууллагад зохион байгуулагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, 2018 оноос хойш гаалийн байгууллагад гаалийн улсын байцаагчаар томилогдсон бүх албан хаагчид дээрх шалгалтад ороогүй гэсэн үг. Гэтэл тэдгээр томилогдсон албан хаагчдаас зөвхөн 70 гаруйхан хүнийг “Тусгай шалгалт өгөөгүй” хэмээн албан тушаалаас нь чөлөөлөхөөр болсон нь “Шүүр” ажиллагааны зарчимд нийцэх гүй байна гэж үзэж байгаа ажээ.
Нүүрсний хэрэгт нэр нь холбогдоод байгаа ГЕГ-ын өмнөх дарга нь цар тахлын үед хүн бөөгнүүлэхийг хориглосон гээд тусгай шалгалт зохион байгуулаагүй юм байна. Одоогийн Р.Отгонжаргал генерал ч цагдаагаас ГЕГ-т ирээд тусгай шалгалт зохион байгуулж амжаагүй. Гэтэл Засгийн газрын чухал бодлогыг хэрэгжүүлсэн нэр зүүхдээ гэмгүй залуусаа “Шүүр”-дэхээр болжээ.