Төрийн өмчийн бодлого зохицуулалт бүхэлдээ томоохон өөрчлөлтийн өмнө ирлээ. Одоогийн эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхэд алдагдалтай ажилладаг төрийн өмчит компаниуд нэмэр болохоор нэрмээс болж байна.
Ирэх жилүүдэд хийгдэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай явуулахад төр, хувийн хэвшил хамтарна. Гэхдээ байнгын алдагдалтай, татаас чирэгдэлтэй компаниудыг эхлээд татан буулгах, нэгтгэн нийлүүлэх ажиллагаа төлөвлөгдөөд байна. Өнгөрсөн хэдэн долоо хоногийн турш УИХ Үндсэн хуульд оруулах өөрчлөлтөд гол анхаарлаа хандуулав. Гэхдээ батлах хуулийн хугацаатай 2024 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хууль, 2024 оны улсын хөгжлийн төлөвлөгөөг хугацаанд нь баталсан. Харин Үндсэн хуулийн хэлэлцүүлэгтэй давхцан хугацаагаар хавчигдсан 2024 оны хөгжлийн төлөвлөгөө олны анхаарлыг төдийлөн татсангүй. 2024 онд Засгийн газар 8 тэргүүлэх чиглэлд багцлагдах 184 төсөл, арга хэмжээнд нийтдээ 13.4 их наяд төгрөг санхүүжүүлнэ. Эдгээр төслүүдийн хувь заяа эдийн засгийн нөхцөл байдлаас ихээхэн шалтгаална. Байдал тогтвортой сайн байна гэж эерэг төсөөлөн 2024 оны төлөвлөгөөнд нүүрсний экспортын биет хэмжээг 50 сая тоннд, зэсийн экспортын биет хэмжээг 1.5 сая тоннд, газрын тосны биет хэмжээг 6.0 сая баррельд тус тус хүргэж, уул уурхайн салбарын экспортыг нэмэгдүүлэхээр тусгажээ. Хэдийгээр гадаад худалдааг хөнгөвчлөх, экспортыг төрөлжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг ахиулах зорилтууд байгаа ч уул уурхайн экспортод гол анхаарлаа хандуулна гэсэн үг. Энэ бол том төлөвлөгөө. Харин хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны орчныг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалт, худалдааны эрх зүйн шинэчлэлийг сайжруулах ажлуудаа эрчимжүүлэх шаардлага харагдаж байна. Үүнээс наана төрийн өмчийн компаниудын алдагдлыг бууруулах, үр дүнг сайжруулахын тулд томоохон шинэчлэлийг өрнүүлэх төлөвтэй байна.
Төрийн өмчит компанийг цөөлнө
Төр өөрийн эзэмшилд байгаа компаниудын засаглал, зохион байгуулалтад томоохон өөрчлөлт хийхээр бэлтгэж байна. 98 компанийн 53 нь алдагдалтай ажиллаж, ашиг орлогын хэмжээгээр төрийн өмчит компаниудаа хоёрхон том үйлдвэр чирж явна. Цаашид улс төрийн томилгооны сул албан тушаал гаргах, төрийн өмчөөс идэж шамшигдуулах, үргүй зардлыг татвар төлөгчдийн мөнгөөр үргэлжлүүлэн санхүүжүүлээд байхгүйн тулд томоохон өөрчлөлтүүд хийх нь зайлшгүй. Томоохон аж ахуйн нэгжүүд нь ч хувьчлал, нэгтгэн нийлүүлэх үйл явцад өртөхөөр байна. Дан уул уурхайн түүхий эд олборлолт, экспортод найдалгүй эдийн засгаа солонгоруулах нь улсын хөгжлийн гол зорилт болоод байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих зээл хөтөлбөрүүд олон жил хэрэгжлээ. Хэт өндөр шалгуур барьцаатайгаас болж жинхэнэ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамрагдаж чадахгүй байгаа тухай шүүмжилдэг ч тодорхой хэсэгт нь дэмжлэг болсон. Харин том компаниудын хувьд, тухайлбал ТОП-100 компанийг аваад үзвэл Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 74 хувь, нийт татварын орлогын 30 хувийг бүрдүүлж байгаа нь эдийн засгийн өсөлтийн гол үзүүлэлт болж байгаа. Хувийн хэвшил хөгжиж байж эдийн засаг солонгорно, макро эдийн засгийн үзүүлэлт сайжирна. Нөгөө талд нь төрийн мэдэлд байгаа компаниуд өндөр өсөлт үзүүлж, ашигтай ажиллах ёстой. Төр өөрөө ресторан, зоогийн газар, амралт сувиллын газар ажиллуулж, хувцас оёж, машин засахаас эхлээд хувийн хэвшилтэй өрсөлддөг байдлыг үе шаттай өөрчилж стратегийн түвшний том үйлдвэрүүдээ авч үлдээд бусдыг нь хувьчлах болон менежментийн өөрчлөлт хийхгүй л бол өнөөдөр төрийн компаниуд үнэндээ эдийн засагт дараа болж байна. Энд том өөрчлөлтүүд төлөвлөгдсөн. Харин том компаниудын хувьд засаглалыг сайжруулах ажлуудыг эрчимтэй явуулна гэжээ.
ТӨК-иудын хөрөнгө ДНБ-ээс 12 хувь их байна
Одоо төрийн өмчит компаниудын бодит дүр зургийг харъя. Монгол Улсын 2022 оны дотоодын нийт бүтээгдэхүүн 52.9 их наяд төгрөг. Харин төрийн өмчит компаниудын хөрөнгө 59.2 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүнээс 12 хувь их байна. Нэмэгдсэн нийт хөрөнгө таван жилийн өмнөхөөс 2.8 дахин, 10 жилийн өмнөхөөс 9.4 дахин нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, ТӨК-иудад асар их хөрөнгийн хуримтлал үүсжээ. Харин энэ хөрөнгө хэр эргэлтэд орж, өгөөж өгч байна гээд харвал төрийн өмчит 98 компанийн 53 нь алдагдалтай ажилласан, талаас илүү нь ерөөсөө л алдагдалтай ажилладаг гэсэн үг. Харин 45 нь ашигтай ажилласан, нийт ашиг 2.1 их наяд. Гэхдээ үүнийх нь 1.9 их наядыг “Эрдэнэс Тавантолгой” болон “Эрдэнэт” үйлдвэрүүд бүрдүүлж байгаа. Бусад 96 компани нь нийлээд 200 тэрбум төгрөгийн л ашиг оруулж. Ингээд харахаар төрийн өмчит уул уурхайн том үйлдвэрийн газрууд цаашид эдийн засагт ачаа үүрсэн хэвээр байх нь. Ерөнхийдөө төрийн 98 хуулийн этгээдийн нийт ашгийг хоёр том үйлдвэр үүрдэг, талаас илүү нь алдагдалтай ажилладаг гэсэн үг. Энэ 98 компанийн найм нь үндсэн үйл ажиллагаанаас орлого олж эхлээгүй бол нэг төгрөгт ногдох зардлаар нь аваад үзэхэд 24 нь 0.95 хүртэлх төгрөгийн зардал гаргаж байгаа бол бусад нь 0.95-5.61 төгрөг хүртэл зардал гаргаж байна. Орлогоосоо тав дахин алдагдалтай компаниуд ч байна гэсэн үг. Магадгүй хэрэглээний үнэ чөлөөлөөгүйтэй холбоотойгоор өндөр зардал бичигдэж байж болох ч алдагдлын хэмжээ их байна. Нөгөө талд нь ерөөсөө л төрийн л бол хяналтгүй сул мөнгө гэж хараад чанаргүй бараа нийлүүлдэг, өмч хөрөнгө шамшигдуулдаг явдлуудтай л холбоотой. Одоо энийг шийдэх ганц арга нь менежментийн шинэчлэл. Энэ хүрээнд ил тод байдлыг сайжруулах, гүйцэтгэх удирдлагын хариуцлагыг дээшлүүлэх, ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өөрчлөх, засаглалын сайжруулах, нэгтгэж нийлүүлэх, өөрчлөн зохион байгуулах ажлууд төлөвлөгдөөд байна.

“Эрдэнэс Монгол” группын долоон компанийг татан буулгана
Төрийн өмчит компаниудын хувьд удирдлага менежмент оновчгүй, ерөөсөө улс төрд бэлдэж байгаа болон улс төрөөс зодог тайлсан хүмүүст шагнал маягаар албан тушаал аваад өгчихдөг, тэнд нь авлига, цус ойртолт болоод идэж шамшигдуулсан явдлууд гарч ашиггүй ажилладаг дүр зураг нийтлэг болсон. Тиймээс удирдлагын түвшинд амжилт гаргахуйц удирдлагыг сонгон томилох, үр дүнгийн хэмжүүр үзүүлэлтээр хариуцлага тооцох, Төлөөлөн удирдах зөвлөл нь бизнес төлөвлөгөөг үндэслэн гэрээ байгуулж, үүргийн биелэлтийг хэлэлцэж үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг шийдвэрлэдэг байх тогтолцоо руу явна гэж Засгийн газраас зарчмын өөрчлөлтүүдээ танилцуулсан. Ер нь цаашдаа төрөөс эрчим хүчний салбарт метан, уран, устөрөгчид тулгуурласан үйлдвэрлэл, үүнийг дагаад газрын ховор элементийн хайгуул олборлолтод анхаарна. Дагаад боловсон хүчнээ бэлтгэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ. Угаасаа төрийн өмчит нийт компаниудыг хэдхэн үйлдвэр орлогоороо чирч байгаа болохоор стратегийн түвшний үйлдвэрүүдээ үлдээгээд нэгтгэж нийлүүлэх, хувьчлах ажлууд хийгдэхээр байна. Энэ өөрчлөлтүүд төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд эвдэв шахаа, урсгал зардлын хөөсрөл, цавчаа, мэргэжлийн бус улс төрийн томилгоо хэтийдсэнээс байнгын алдагдалтай ажилладаг байдлыг багасгахгүй бол үр дүн гарахгүй. Энэ өөрчлөлтүүдийн дараа юу болох вэ гэхээр Засгийн газрын гаргасан зургаар бол төрийн өмчит 104 толгой компани үйлдвэрийн газрыг 73 болгоно. Нарийвчилж харвал “Эрдэнэс Монгол” группын зэс, металлын болон нүүрс, эрчим хүчний группуудын доор байгаа 39 компаниас долоог нь татан буулгаж, бусдыг нь нэгтгэн нийлүүлж 18 толгой компани болгохоор тооцоолжээ.
ТӨК-иудыг олон нийтийн хяналтад оруулна
Бусад төрийн өмчит компаниудын хувьд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хариуцах 43 компанийг 20 болгоно. Энэ хасагдах 23 дотор байгаа 20 авто зам арчлалтын компанийг нэгтгэн, нэг компани болгон хэсэг хугацааны дараа тодорхой хувь хэмжээгээр хувьчилна. Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн, аялал жуулчлалын хөгжлийн төв, Харгуй компани зэрэг байгууллагууд татан буугдаж мэдэхээр байгаа. Харин Эрчим хүчний яамны харьяа 27 компанийг 24, Сангийн яамны харьяа долоон байгууллагыг тав болгох бол ЗТХЯ, ХХААХҮЯ-ны харьяанд байгаа тус бүр дөрвөн аж ахуйн нэгж хэвээрээ үлдэнэ. Том компаниудын хувьд “Эрдэнэт”, “Эрдэнэс Таван толгой”, Дарханы төмөрлөг, Хөтөлийн цементийн үйлдвэр, МИАТ зэрэг том компаниудын тодорхой хувийг хувьчилна. Гэхдээ “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааны 10 хүртэлх хувийг арилжаалахаар Засгийн газрын тогтоол гарсан боловч 51/49 хувийн асуудлаарх маргаан дуусаагүй байна. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын хэмжээнд IPO гаргахаар ажиллаж байсан ч хэрэгжиж эхлээгүй байгаа. Хоёр ч удаа олон улсын аудит хийлгэх захиалгын зар гаргасан. Гэхдээ нүүрсний хэргийн дуулиан зэрэг сөрөг хүчин зүйлс гаднын менежментийн компани шууд орж ирээд ажиллах итгэл үнэмшил төрүүлэхгүй байдалтай байна. Ямар ч гэсэн “Эрдэнэс Тавантолгой”, МИАТ, “Эрдэнэт”, Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэрэг томоохон компаниудыг нээлттэй компани болгохоор яригдаж байгаа юм. Төрд нүүрлэсэн хулгай гэдэг ерөөсөө төрийн өмчийн компаниудаар дамжиж байгаа. Одоо олон нийтийн хяналтад оруулахын тулд тодорхой хувь хэмжээгээр нь хувьчлах асуудал ийнхүү эрчимтэй өрнөх нь.
Төрийн өмчит компаниудад нүүрлэсэн бодит эрсдэл
Одоо
Өөрчлөн зохион байгуулалтын дараа
Ipo гаргах төрийн өмчит томоохон компаниуд