Ардын чөлөөлөх армийг тэжээвэр нохойтойгоо зүйрлэж хошигносон Хятадын комедиан Ли Хаоши хоёр сая долларын торгуульд уналаа. Улс төрийн улаан шугамыг давсан аман шогчийн харьяаллагддаг “Сяогуо медиа” компанийн үйл ажиллагаа ч тодорхойгүй хугацаагаар хаагдаж, 57 сая доллар эргэлдэж буй Хятадын стэнд-апын зах зээлээс бүрмөсөн арчигдаж байгаа бололтой. Хийсэн үйлдэлдээ гүнээ харамсаж буйгаа илэрхийлэн, түмэнтээ өршөөл эрсэн Ли Хаошигийн Weibo сүлжээн дэх данс хаагдаж, анир чимээгүй болсноос үзвэл төрийн эсрэг гэмт хэргээр торны цаана орох магадлал туйлын өндөр. Сүүлийн нэг сарын хугацаанд өрнөж буй элдэв хязгаарлалт, торгууль шийтгэлээс харахад 10 жилийн өмнө Хятадын соёлд нэвтэрсэн барууны хэв маягийн стэнд-ап урлагийг Бээжингийн эрх баригчид бүрэн хориглох цаг ойртсон ч байж мэдэх юм. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжоор хомсхон хятад залууст хөнгөхнөөр хошигнож, бухимдлаа инээдээр солих итгэл найдвар төрүүлж байсан хошин шогчдын клубууд хойшид тэсэж үлдэж чадах уу?

Тахлын үеэр цойлсон урлаг

Мянган он дамнан уламжилсан ший жүжиг, Бээжин дуурийн баялаг сантай хань үндэстний хувьд хошин урлаг шинэ зүйл биш. Гэхдээ барууны хэв маягтай хошин шог буюу стэнд-ап комеди эх газрын залуусын дунд дэлгэрээд төдий л удаагүй. 2014 онд Бээжин, Шанхай хотын жижиг кафе, бааранд анхны шоу явагдаж эхэлснээс тун удалгүй өрнийн аястай хошин урлагийн ирээдүйг олж харсан компаниуд улс орон даяар нээлттэй микрофон ажиллуулан комедиануудын эрэлд гарлаа. Дараагийн жилүүдэд шинэ аман шогчдын авьяасыг нээх зорилготой “Rock & Roast” шоу нэвтрүүлгийг явуулж эхэлснээс хойш стэнд-ап сонирхогчдын тоо үлэмж өсжээ. Хоёр цагийн хөтөлбөр бүхий уг шоу нэвтрүүлгийг 2017 онд 50 сая хүн үздэг байсан бол 2019 онд үзэгчийн тоо 70 саяд хүрлээ. Үүнтэй зэрэгцэн клубуудын тоо ч нэмэгдэж 2021 оны тооцоогоор Хятад даяар 180 комеди клуб үйл ажиллагаа явуулах болжээ. Тухайн жилд 18 500 шоу явагдсаны кассын орлого 400 сая юань давсан билээ.

Стэнд-ап комеди эдүгээ Хятадын дундаж давхаргынхны гол зугаа болоход цар тахлын хатуу хөл хорио “тусаа өгчээ”. Шанхай хотод дизайнераар ажилладаг 30 настай Айрис шинэ үеийн аман шогчдыг юугаар ч орлуулашгүй мэдээ алдуулагчтай зүйрлэв. Шанхай хотод 65 хоног үргэлжилсэн хязгаарлалтын үеэр ганцаараа хоригдсон түүнийг тайтгаруулж бүхнийг даван туулах итгэл хайрласан зүйл гагцхүү комедиануудын бичлэг л байсан тухай өгүүлсэн юм. Хөл хорионы үеэр Weibo сүлжээн дэх комедиануудын үзүүлбэр зургаан тэрбум хандалт авсан нь түүний дүгнэлт үнэн гэдгийг батлах аж.

Ам алдвал...

“House” хэмээх тайзны нэрээр алдаршсан Ли Хаошигийн үзүүлбэрүүд Хятадын цахим орчинд эрэлт ихтэй. Хэрэг тарьсан мөнөөх нохойны тухай хошигнол л гэхэд устгагдахаас нь өмнө хэдхэн хоногт таван сая хандалт авсан. Тавдугаар сарын дундуур Бээжингийн зуны театрт болсон шоунд Ли Хаоши хэрэм хөөж буй хоёр нохойны тухай ярихдаа “Бусад ноход өхөөрдөм хөөрхөн харагддаг байтал энэ хоёрыг харахаар “Ялахын төлөө тэмц, үлгэр жишээ зан төлөвийг бий болго” гэсэн үг л санаанд орох юм” хэмээн хошигносон юм. Гэтэл Ши Жиньпин 2013 онд Хятадын Ардын Чөлөөлөх Армийн анги нэгтгэлүүдийн бэлтгэлтэй танилцахдаа ийм уриа дэвшүүлж байв. Хятадын Соёл Урлагийн яам Бээжин дэх салбар зөвлөлөөс “Ардын Чөлөөлөх Армийн сүр жавхланг гутаахдаа Хятад улсын нийслэлийг тайз болгон ашиглахыг бид ямар ч хувь хүн, байгууллагад зөвшөөрөхгүй” гэсэн мэдэгдэл хийж Ли Хаоши болон “Сяогуо медиа” компанид 13.35 сая юанийн торгууль ногдуулжээ. Тоглолтын орлого болох 1.32 сая юанийг ч хууль бус орлого хэмээн хурааж авлаа. Удаад нь Хятадын нийгмийн сүлжээ Weibo-д комедиан Ли-г өмгөөлж үзэл бодлоо илэрхийлсэн Ши овогт эмэгтэйг хятад цэргүүдийн талаар “зохисгүй” сэтгэгдэл бичсэн хэргээр 15 хоног баривчиллаа. “Авга Рожер” хэмээх тайзны нэрээр ази үзэгчдийн дунд алдаршсан Малайзын комедиан Нигел Нг хатуу цензур бүхий Хятадын улс төрийн бодлого, Ши Жиньпин даргын талаар хошигноод “Weibo” сүлжээнээс эгнэгт “арчигджээ”. Үүний дараа Бээжингийн нисэх буудлын ойролцоо тоглогдох байсан “What the Folkstival” амьд хөгжмийн концерт, Японы найрал дууны Киссакуо хамтлагийн тоглолт зэрэг гаднын уран бүтээлчдийн хэд хэдэн арга хэмжээг цуцаллаа. Зохион байгуулагчдын зүгээс тоглолт цуцалсан шалтгаанаа тайлбарлахдаа Хятадын дээд албан тушаалтнуудын өргөнөөр хэрэглэдэг “давагдашгүй хүчин зүйл” гэсэн үгээр ам таглажээ. Харин уран бүтээлчдийн хувьд уг шалтгаан нь Ли Хаошигийн гал асаасан хошигнолтой холбоотой гэж таамаглаж буй ажээ.

“Стэнд-ап үзүүлбэр бол олон нийтийн амьдралын талаар сонирхолтой тайлбар хийх боломжтой сүүлчийн талбар байсан. Ли Хаошид тохиолдсон явдлын дараа хошин шогчдын төдийгүй олон нийтийн дунд ч үзэл бодлоо илэрхийлэх орон зай хумигдах нь гарцаагүй”

“Кит” нэрээр АНУ-д уран бүтээл туурвидаг хятад жүжигчин

“Зовлон зүдгүүр дунд өчүүхэн ч атугай аз жаргалыг олох боломж стэнд-ап үзүүлбэр байлаа. Бид дарангуйллыг эсэргүүцэх ямар нэг зүйл хийх хэрэгтэй. Эс бөгөөс ирээдүйд хошигнох ч эрхгүй болно”

Лигийн хэрэг явдал Хятадын комедианууд “халуун чулуу” атгасан анхны тохиолдол биш юм. Хятадын эрэгтэй хөлбөмбөгийн багийн ахлагч асан Фан Чжи 2019 онд Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт муутай оролцсон шигшээ багаа ёжолж стэнд-ап хийгээд “нийгмийн ёс суртахууныг зөрчсөн бүдүүлэг үг хэллэг ашигласан” зэм хүртэж 7700 долларын торгууль хүлээж байв. Гэвч Ли Хаошид оноосон хатуу шийтгэл хойшид Хятадын комедианууд тайзан дээр ч, гадуур ч хошигнох эрхгүй болох вий гэсэн айдас дагуулна. BBC агентлагийн Бээжин дэх сурвалжлагч 13 комедиан, хоёр ч менежертэй холбогдож дээрх хэрэг явдал уран бүтээлд нь хэрхэн нөлөөлж байгааг олж мэдэхийг зорьсон ч бүгд ярилцлага өгөхөөс татгалзжээ.

Нийгэм журмын хүрээ хязгаар

Хятад дахь стэнд-ап урлаг Ли Хаошиг саатуулахаас ч өмнө олон дарамт шалгуурыг даван туулж ирсэн. Хятадад энэ төрлийн урлаг хөгжих гол гарц болсон “Rock and Roast” уралдаант шоу гэхэд л өдөр тутмын энгийн амьдралыг л “шоглох” дүрэмтэй. Клуб, жүжигчид тусгай зөвшөөрөл авахаас гадна шаардлагатай тохиолдолд зохиолоо урьдчилан батлуулах үүрэгтэй. Дүрмийн дагуу нийгмийн ёс суртахууныг сурталчилсан, эх орноо хайрлах, ХКН-ын чиглэл, бодлогыг дэмжсэн агуулга зайлшгүй оруулна. Харин комикс зохиолчид энэ хүрээ хязгаараас эвтэйхэн хазайж, өгүүлж буй санаагаа инээдэм, зүйрлэл, сюрреал хошигнолоор илэрхийлэхэд чадамгай суралцжээ.

Тухайлбал, нэрээ нууцлахыг хүссэн нэгэн зохиолч өнгөрсөн жил гэрээт комеди клуб нь түүнд хориотой сэдвүүдийн урт жагсаалт илгээсэн тухай ам нээлээ. Үүнд ХКН-ын өндөр дээд албан тушаалтнууд, гэр бүлээс гадуурх харилцаа, ижил хүйстэн, мөрийтэй тоглоом, ядуурал, тахал зэрэг сэдвээр хошигнохгүй байхыг хатуу сануулсан аж. Түүний бодлоор комедианууд шинэ бүтээл гаргахын тулд тархиныхаа 80 хувийг ажиллуулдаг бол үзэл суртлын хатуу цензурээс мултрахад цаг хугацаа, хүч хөдөлмөрөө 500 хувь зарцуулдаг аж. Гэсэн ч Хятадын нийгмийн өмнө тулгамдаж буй хурц асуудал болох жендэрийн тэгш бус байдал, залуучуудын ажилгүйдлийн асуудлаар амиа хамхиад өнгөрч чадахгүй гэсэн юм.

Өмнөх үеийн удирдагчдынхаа жишгээр Ши Жиньпин инээд наргианаас хол хөндий хүн. Мао Зэдуны нэгэн адилаар урлаг бол улс төрийн хэрэглүүр гэж үздэг. Тэг ковид бодлогын дараа хошин шогийн эсрэг тэмцэл өрнүүлж буй нь Хятадын коммунист намын хуралд түүний дэвшүүлсэн “ард түмний сэтгэхүй, хүсэл зориг, үйл ажиллагааг нэгтгэх” уриалгын нэг л хэсэг.

Тэгвэл комедиануудын өмнө эрх баригчдын хатуу цензурээс дутахгүй тээг саад учрах болсон нь эх оронч үзэлтэй интернэт хэрэглэгчид. Тэдэнд зохисгүй гэж үзсэн контентоо мэдээлэх боломж олгосноор намын үзэл сурталд үнэнч “чонон дайчид” нийгмийн дэг журмаас гажсан тэрс үзэлтнүүдийг илрүүлэх их авд өрсөн мордлоо.