Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш нэг жил орчмын хугацаа өнгөрөөд байна. Уг хууль батлагдсанаар иргэдийн хувийн мэдээлэл болох нэр, оршин суугаа хаяг, регистрийн дугаар, хурууны хээ зэргийг хамгаалах эрх зүйн орчин бүрдсэн юм. Гэвч өнөөдрийг хүртэл хууль бүрэн утгаараа хэрэгжиж чадсангүй. Төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэдэд уг хуулийн талаарх мэдлэг, мэдээлэл ч дутмаг хэвээр байна. Нөгөө талдаа хуулийг сурталчлан таниулах, хяналт тавих ёстой байгууллага, яамд үүргээ хангалттай биелүүлж чадахгүй өдийг хүрэв. Үүний балгаар иргэд хувийн мэдээллээ алдсаар...
Ажил олгох нэртэй “Ашиг сонирхол”
Хохирогч нэг
Би өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард жирэмсний амралтаа авсан. Хүүхдээ төрүүлээд гэртээ байх хугацаандаа цахимаар ажиллаж үзэхээр шийдсэн. Ингээд манай улсад байдаг хамгийн том ажлын зартай компани гэгдэх мэдээллийн сайт Zangia.mn дээр анкетаа үүсгэж хэд, хэдэн байгууллагад өөрийн cv-гээ явуулсан. Гэтэл хэд хоногийн дараа надад хэд хэдэн дугаараас ажлын санал ирэв. Тэд миний анкетаа явуулсан байгууллагууд биш байсан юм. Тэгээд хэрхэн миний анкеттай танилцсан талаар тус байгууллагаас тодруулахад Zangia.mn сайтын “cv баазаас” таны мэдээлэлтэй танилцаад залгаж байна гэсэн. Би маш их гайхсан. Тус сайт намайг зөвшөөрөөгүй байхад миний хувийн мэдээллийг бусад компанийн хүний нөөцөд харагдах байдлаар бааз үүсгэж дамжуулсан байгаа юм.
Хохирогч хоёр
Би саяхан их сургуулиа төгсөөд, ажилд орсон. Анхны ажлын гараагаа жижиг компаниас эхлүүлсэн юм. Гэтэл ажилд ороод зургаан сар болоход хамт олны уур амьсгал, тухайн байгууллагын соёл надад таалагдаагүй. Тиймээс би өөр ажил хайхаар шийдэж Zangia.mn сайтаар дамжуулан сонирхсон байгууллага руугаа cv-гээ илгээсэн. Гэхдээ дараагийн ажлаа олоогүй байсан тул ажлынхандаа гарах гэж байгаагаа дуулгаагүй байсан. Гэтэл нэг өдөр манай дарга намайг дуудаад “Чи ажлаасаа гарах гээд байгаа юм уу. Манайх ийм тогтворгүй хүн ажиллуулахгүй” гэж хэлээд, намайг ажлаас шууд халсан. Ажлаас гарах гэж байсныг маань Zangia.mn дээр байршуулсан cv баазаас олоод харчихсан байсан юм байна лээ. Ингээд би хэдэн сарын хугацаанд эдийн засгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдалтай тулгарсан. Хүний хувийн мэдээллийг хувь хүн өөрөө зөвшөөрөөгүй байхад хэн дуртайд нь дамжуулах нь хууль бус санагдсан.
Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 4.1.11-д зааснаар “хүний хувийн мэдээлэл” гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хэлнэ хэмээн заасан байдаг.
Тэгвэл дээрх тодорхойлолтыг хөнддөг нэгэн асуудал нь хувь хүний танилцуулгын мэдээлэл бүхий анкет, cv байдаг. Анкет cv нь дээр тухайн хүний хувийн мэдээллийг бичихийг ажил олгогч компани, ажил горилогчоос одоо хүртэл шаардсан хэвээр байгаа юм. Өмнө нь тухайн иргэн өөрөө ажлын зарын дагуу компанийн хүний нөөцөд cv, анкетаа хэвлэж өгдөг байсан бол орчин цагт дижитал байдлаар мэдээллийн сайтад cv-гээ байршуулах боломжтой болсон. Энэ утгаараа хүний хувийн нууц бүхий мэдээллийг хариуцаж байгаа компани мэдээллийн аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлагатай юм.
Гэтэл “Монголын иргэн бүрд ажлын байр” уриатай Zangia.mn хүний хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр өөрсдийн аюулгүй гэх тодотголтой “мэдээллийн баазад” нэгтгэдэг аж. Тухайлбал хувь хүний өөрийн зөвшөөрөлгүйгээр ажил горилогчийн ажиллах салбарын зарууд дээр тухайн хүний cv байршдаг байна. Улмаар төлбөр төлсөн гишүүн байгууллагуудын хүний нөөц энэхүү баазад хандаж өөрийн салбарт зарлагдсан хувь хүний cv буюу хүний хувийн мэдээллийг үзэх боломжтой болдог аж. Ингэснээр ажил олгогч компани давуу эрх эдлэн чадварлаг алба хаагчийг шилэх боломжтой болох аж. Гэхдээ хувийн мэдээллээ тухайн баазад бүртгүүлсэн иргэд дээр өгүүлсэн хоёр тохиолдол шиг хохирох магадлалтай юм.

Хувь хүний мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахдаа хуульд зааснаас бусад тохиолдолд зайлшгүй мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах ёстой. Энэ хууль мэдээллийн эзний эрхийг баталгаажуулж, мэдээлэл хариуцагчийг үүрэгжүүлсэн шинжтэй хууль юм. Тухайлбал, мэдээллийн эзэн зөвшөөрлөө өгөх, татгалзах, мэдээллийг ямар зорилгоор цуглуулж байгааг мэдэх, шаардах, тайлбар авах эрхтэй. Харин мэдээлэл хариуцагч нь зөвшөөрлийг авах, мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах болсон үндэслэлийг тайлбарлах, мэдэгдэл хүргүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
Хуулийн хүрээнд бол тухайн хүний хувийн мэдээллийг дамжуулах гэж байгаа бол заавал эзнээс нь зөвшөөрөл авахыг заасан байдаг. Тодруулбал, Хүний хувийн мэдээллийг хамгаалах хуулийн 8 дугаар зүйлд энэ талаарх харилцааг дэлгэрэнгүй тусгасан байна.
Үүнд:
8.2.1.мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үндэслэл, зорилго ойлгомжтой, тодорхой байх;
8.2.2.мэдээлэл хариуцагчийн нэр, хуулийн этгээд бол оноосон нэр, холбоо барих мэдээлэл;
8.2.3.цуглуулах, боловсруулах, ашиглах мэдээллийн жагсаалт;
8.2.4.мэдээлэл боловсруулах, ашиглах хугацаа;
8.2.5.мэдээллийг нийтэд ил болгох эсэх;
8.2.6.мэдээллийг бусдад дамжуулах эсэх, дамжуулахаар бол дамжуулах этгээд, дамжуулах мэдээллийн жагсаалт;
8.2.7.зөвшөөрлөө цуцлах хэлбэр.
Гэтэл дээрх нөхцөлүүдийг харахад, Zangia.mn ихэнх шаардлагыг илт зөрчиж буй.
Иймээс бид Zangia.mn ажилтантай холбогдож cv баазын талаар асуухад “Хэрэглэгч манайд cv байршуулснаар cv баазад мэдээлэл очдог. Гэхдээ зөвхөн өөрийн салбар дундын зар дээр байршдаг. Zangia.mn дэх хэрэглэгчийн анкетыг зөвхөн гишүүн байгууллагууд хүний нөөцийн бүрдүүлэлт хийх зорилгоор харах боломжтой. Хэрэглэгч анкетаа харуулахыг хүсэхгүй бол идэвхгүй болгох эрхтэй” гэсэн юм.
Гэвч анкетаа идэвхтэй, идэвхгүй болгох зэрэг дээрх хуулийн 8.2.6-д зааснаар мэдээллийг бусдад дамжуулах эсэх, дамжуулахаар бол дамжуулах этгээд, дамжуулах мэдээллийн жагсаалтыг мэдээллийн эзэнд танилцуулах үүрэгтэй. Гэвч тухайн хүний анкетыг ямар байгууллагуудад дамжуулах талаар дурдаагүй, мэдээллийн бааз, хүний нөөц бүрдүүлэлт гэх ерөнхий зүйлийг хэлж буй нь хуульд нийцэхгүй байгаа юм.

Хуулийг таниулан сурталчлах үйл ажиллагаа төдийлөн алга. Ийм чухал хууль батлагдаад тодорхой хугацаа өнгөрсөн байхад олон нийтэд таниулах ажил хийгдэхгүй байна. Хууль зүйн үндэсний хүрээлэн, Цахим хөгжил, харилцаа холбооны яам зэрэг холбогдох байгууллагаас цахим хуудсандаа хуулийн танилцуулга, мэдээллийг гаргасан байсан. Гэхдээ тэдгээр нь хуулийн танилцуулга маягтай текстүүд байна. Түүнээс биш практик асуудлууд тулгарахад хэрхэн шийдэхийг нарийвчлан тайлбарлаагүй. Энэ талаар таниулах сургалт, зөвлөгөөн ч хийгдээгүй байна.
Энэ мэт хэн дуртай нь Хүний хувийн мэдээллийг хамгаалах хуулийг зөрчсөөр байна. Зөрчих зөрчихдөө хүний эмзэг мэдээллийг бусдад худалдаж, дамжуулж буй. Гэтэл хяналт тавьж, хуулийн хэрэгжилтийг хангах байгууллага нь эл асуудалд нүдэн балай, чихэн дүлий юм шиг хандсаар л байх уу?