Амьд хөгжмийн хамтлаг түүхэндээ ганцхан удаа “Анплаггед” тоглолтоо хийдэг уламжлалтай. Монголын амьд хөгжмийн хамтлагуудаас “Харанга”, “Хурд”, “Нисванис”, “Булсара” хамтлагууд анплаггед тоглолтоо хийн фенүүд, үзэгчдэд өөрсдийнхөө уран бүтээлийг тайлагнасан байдаг.

Тэгвэл энэ удаад “Лемонс” хамтлагийнхан өчигдөр Дуурь, бүжгийн эрдмийн театрт “Анплаггед” тоглолтоо хийн бут авлаа. Монголын сонгодог урлагийн охь болсон энэ л театрын тайзнаас амьд хөгжмийн тоглолтыг тольдоно чинээ фенүүд нь төсөөлөөгүй явсан биз ээ. Гэхдээ тэдний хувьд ДБЭТ-ын тайзыг нь сонгосон нь ч зүгээр нэг тохиолдол байгаагүй гэнэ. Учир нь тус хамтлагийн дуучин Ц.Одбаяр буюу Одноо, соль гитарчин А.Энхтулга нар энэ л театрт анх банзан гитар сурч байжээ. Түүнчлэн соль гитарчин Тулгаагийн ээж ДБЭТ-ын хөгжимчин бөгөөд тус театрын хөгжимчнөөр ийнхүү гитар хөгжим заалган уран бүтээлийн гараагаа эхлүүлж байсан учраас ийнхүү онцолсон аж.

Цаг үетэйгээ үргэлж хөл нийлүүлэн хөгжиж, шинэ дуугаралт, шинэлэг өнгийг санал болгож байдаг тэдний ямар ч дууг хаана ч сонссон Лемонсын хөгжим, Одноогийн хоолой гэж төвөггүйхэн танидаг.

Тэдэнд хайр дурлал, хөнгөн гуниг болон эрч хүчээр дүрэлзэн асах рок сүлд дуулал болж сэтгэл огшоон зүрх савлуулдаг хөгжим бүгд бий.

Энэ үдэш танил хит дуунууд шинэ өнгө хэмнэлээр хийлийн уран яруу аялгуу, үлээвэр хөгжмийн хамт, тэдний л өнгө хэмнэлээр эгшиглэсэн цаг гучин минут нисэх мэт харван өнгөрсөн. Ийм хурдан гэж үү хэмээн чамлахаар цаг хугацааг тэд дэндүү гайхалтайгаар зүрх сэтгэлд хоногшуулсан юм.

...Би чамайг өдөржин бодоод

Нүд, гар, бие, үнэр

Цэнхэр нүд бас дуу

Би чамайг санасан уу мэдэхгүй

Зүгээр л өдөржин бодлоо...хэмээн дуулж тэд анплаггед тоглолтоо эхлүүлсэн. Танил дотно дуунууд ар араасаа эрчлэн хөвөрч, улам бүр хурд нэмэн басхүү хөнгөн хэмнэлд автуулав.

...Хоосон гудамжаар ганцаараа

Солонгорон сарних оддыг харах би дуртай

Харах би дуртай...

Лемонсынхон танхим дүүрэн чуулсан фенүүдээ мэлхий гүнжтэй уулзуулан анх хараад л дурласан охиндоо зориулан бичсэн дуугаа эгшиглүүлж дурсамжаараа аялуулж басхүү “Рок секс”-ээр өдөөн, “Нисванис” хамтлагийн Амгаагийн шартсан байхдаа зохиож өгсөн “Элэг бөөр” дуугаар фенүүдээ доргион ёстой л өөрсдөдөө байгаа өнгө хэмнэл, айзам бүрээ дэлгэн байлаа.

...Чамайг би гомдоосон

Салахыг хүсэж эхэлсэн

Даанч чадахгүй

Намайг чи хуураагүй

Үргэлж хамт байхыг хүссэн

Уучлаарай...хэмээн “Цаг агаар”-ыг уянгалуулсан.

Харин  “1983-1986” дууны тухайд соль гитарчин Тулгаа 1983 оных бөмбөрчин Өөжгий буюу М.Өнөрбаяр оных хэмээх товчхон бөгөөд тодорхой тайлбарыг өгсөн.

...Надад хайргvй чинь vнэн vv

Намайг бодсондоо хуурсан тийм vv

Найдаж хvлээх хэрэггvй гэлvv

Найз нь ойлгохгvй явж тийм vv...

Мөн тэд “Хайртай” хэмээх анхны дуундаа дургүй байсан ч шинэчилсэн найруулга нь таалагдсан учраас тоглож байна хэмээн фенүүдээ хөгжөөн дуу бүрийнхээ тухай дурсамжаа хөглөн ярьсан юм. Хайртай дууг хамтлаг байгуулахаасаа өмнө Одноо, Тулгаа хоёр хамтран зохион фм-үүдэд өгс өн нь хит болсон учраас Тулгаа Одноод уурлан нөгөө дуу чинь хит болж байна хамтлаг байгуулъя хэмээн анх 2004 оны долоодугаар сарын 9-нд хамтлагаа байгуулж байсан түүхээ эргэн дурссан юм.

Энэ тухай Одноо “Хамтлаг байгуулагдаж байсан түүх бас их сонин. Анх Jerry, Тулгаа хоёрыг би танилцуулж байлаа. Тухайн үед Тулгаа "Midnight" гээд хамтлагт, харин би "Metronome" гээд металл рок хамтлагт гитарчин байсан. Тэгээд Jеrrу, Тулгаа хоёр надад хамтлаг байгуулъя гээд хамтрах санал тавьсан. Би тэр үед металл рок хамтлагт тоглодог байсан шүү дээ. Тэгээд л арай өөр зүйлд татагдсан байх л даа. Ингээд 2004 онд хамтлаг бүрэлдэж "The Lemons" хамтлаг байгуулагдсан” хэмээн ярьсан байдаг. Хамтлагийн нэрийг “Лемонс” гэж Jеrrу өгсөн гэсэн шүү.

Энэ үдэш тайзнаа Лемонс хамтлагийн хамт Баянмонгол жааз найрал хөгжмийн удирдаач С.Саруул-Од, Улсын филармонийн үлээвэр хөгжимчид “Метроном” хамтлагийн басс гитарчин Дарханбаяр, ДБЭТ-ын утсан хөгжимчид, төгөлдөр хуурч, СУИС-ийн багш Гэрэлээ нар хамтран анплаггет тоглолтыг эгшиглүүлсэн бөгөөд тоглолтын хөгжмийн найруулгыг “Паус” хамтлагийн Энхбаяр хийжээ. Тоглолтын тайз, дикрац, гэрэлтүүлгийг “Лемон” студийн Жожоо хийн “G record studio” анплаггед тоглолтыг бүтэн бичсэн юм.

Тэдний энэхүү гайхалтай анплаггед тоглолт DVD болно гэдэг таатай мэдээг үзэж амжаагүй фенүүдэд нь дамжуулъя. Гэхдээ л энэ л танхимд тэдэнтэй хамт байсан азтай үзэгч, фенүүдийнх нь чихэнд одоо ч “Лемонс”-ын анплаггед тоглолт эгшиглэсээр л байгаа болов уу.

/Гэрэл зургийг Ж.Чинбат/