Манай улсын боловсролын салбар уналтад орсоор удаж буйг учир мэдэх хүмүүс хэлсээр байна. Гэвч боловсон хүчний хомсдол, болох бүтэхгүй асуудал гээд ужиг хууч тун ихтэй. Салбар яам нь хэдэн арван сайдын нүүр үзлээ ч дорвитой өөрчлөлт хийхээс илүү додомдож орхих нь элбэг.

Сүүлийн жилүүдэд чанартай боловсрол эзэмших эсэх нь чадал тэнхээ мэдсэн хэрэг болов. Халаасан дахь мөнгөний хэмжээ таны эзэмших боловсролын түвшинг тодорхойлж, хаа хүрэх эсэх нь таны санхүүгийн чадамжаас хамаарна. Бололцоогүй л бол 50-60 хүүхэдтэй ангид бүрэн дунд боловсрол эзэмшиж, танил талгүй л бол гадагшаа явж суралцах, боловсролын зээлд хамрагдах боломж тэр бүр олдохгүй. Угтаа улсын гэх тодотголтой бүх зүйл улны түвшинд хүрчихсэн учраас төрийн өмчийн сургуулиас илүү төлбөр мөнгийг нь төлөөд ч хамаагүй хувийн сургуульд хүүхдээ сургах хүсэлтэй хүн олон. Учир нь хувийн болон улсын сургуулийн хооронд тэнгэр, газар шиг ялгаа бий. Сургалтын чанар, орчин нөхцөлөөс эхлээд судлах хэрэгцээ, шаардлагын хувьд ч нэлээн зөрүүтэй. Энэ хэрээр баян, ядуугийн ялгаа хэтийдэж, боловсрол хүн бүрд тэгш, хүртээмжтэй хүрч чадахаа болив.

Манай улсын боловсролын системийг зүйрлэвэл Титаник хөлөг онгоц. Мөсөн уулаа хэдийнээ мөргөчихсөн живж байгаа. Титаник хөлөгт хүмүүсийг зэрэглэлээр нь хуваагаад, сөнөх үед нь баячуудыг аврах завинд суулгадаг. Яг түүн шиг монголын боловсролын системд мөнгөтэй хүмүүс аврах завинд хэдийнээ суучихсан. Асуудал нь ядуусаа бүр хаячихсан, тэр хэсэг нь живж байгаа. Олон улсын олимпиадуудаас хүүхдүүд шагнал аваад, дэлхийн Топ сургуулиудад элсээд байна гэдэг ч эдгээр нь дандаа хотын төвийн болон хувийн сургуулиудын үзүүлж байгаа амжилт юм. Нийтээр сургах сургалт нь маш муу байна. Энэ байдал даамжирвал баян хоосны ялгаа улам ихсэнэ.

mpress.mn-д өгсөн ярилцлагаас

Боловсролын тэгш бус байдал хэн нэгний хүсэл мөрөөдөл, цаашлаад хувь заяагаар нь хүртэл даажигнаж орхидогт харамсмаар. Өнөөг хэр нь дулааны шугамд холбогдоогүй галладаг, гаднаа нойлтой сургуулийн хүүхэд, гадаад хэлний хөтөлбөртэй, гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн сурагч хоорондын ялгаа ямар байх нь ойлгомжтой. Энэ хэрээр хүүхдийн аливааг харах өнцөг, алс хэтийн зорилго нь хүртэл хайрцаглагдаж орхидог юм шиг. Дэмжиж, дэмнэх боломжтой нь дэлхийн боловсрол эзэмшихийг, чадварлаг боловсон хүчин болж бэлтгэгдэхийг хүсдэг бол дийлэнх олонхынх нь хувьд дотоодын аль нэг сургуульд элсэж, доогуур ч хамаагүй албан тушаалд томилогдох л хамгаас чухал.

Боломжгүй нь ЭЕШ-д хүч үзэж, бололцоотой нь гадны их дээд сургуулиудад apply хийдэг үү

Элсэлтийн Ерөнхий шалгалтыг анх 2006 оноос хойш улсын хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулж, ЕБС-ийн төгсөгчдийн мэдлэг, чадварыг үнэлэх болсон. Нэг үгээр хэлбэл энэ шалгалтыг өгснөөр, босго оноог нь давснаар дотоодын их дээд сургуульд элсэх боломж нээлттэй болдог. Харин энэ жилийн тухайд ЭЕШ-д нийт 30 гаруй мянган шалгуулагч хамрагдсанаас улсын хэмжээнд 158 сурагч хамгийн өндөр буюу 800 оноо авсан байна. Шалгуулагчдын амжилтыг бүс нутгаар нь эрэмбэлвэл Увс аймаг тэргүүлж, Баян-Өлгий аймаг сүүл мушгисан сурагтай. Харин Улаанбаатарын тухайд сүүлээсээ хоёрт жагссан байна. Үүнтэй холбоотойгоор сошиалд сонирхолтой нэгэн маргаан өрнөөд буй. Өндөр төлбөртэй сургууль нийслэлд олон атал өнөөхийнх нь үр ашиг тэгээд энэ үү гэлцэх. Гэвч Кембрижийн хөтөлбөртэй сургуулийн сурагчид ЭЕШ өгөх гэж биш, гадаадын их дээд сургуулиудад хүлээн зөвшөөрөгддөг шалгалтад бэлтгэж, хүч сорьдог. Хатуухан хэлэхэд энэ бол зарим эцэг эхчүүдийн тухайд ЭЕШ өгөх гэж эсвэл МУИС-т сургах гэж 20000 долларын төлбөр төлдөггүй байгаа шүү хэмээн хошигноод өнгөрөх тохиолдол ч бий. Үнэндээ боловсролын чанарын ялгаа ийм л хэмжээнд хүрсэн байна.

Хэлтэй бол хөлтэй гэвч...

Саяхан Боловсролын багц хуульд багтсан англи хэлийг Монголын боловсролын салбарт багаас нь заах тухай асуудал тусгагдсан нь нийгмийн дунд томоохон маргаан дэгдээсэн. Их багагүй энэ талаар хэлэлцэж, өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж байв. Мэдээж хэрэг дэлхийн нийт хүн амын 1.5 тэрбум нь харилцдаг энэ хэлийг сурснаар маш олон давуу тал бий болно. Гэвч Монголын боловсролын системд шинэчлэл хийхгүй л бол, заах арга барил, хөтөлбөрөө засаж сайжруулахгүй л бол хэддүгээр ангиас нь эхэлж, хэл заасан ч ялгаагүй, хэрэгжилтийн түвшин доогуур хэвээр л байх болов уу.