Чингисийн талбайд “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны сүүлийн шатны шалгаруулалт, үзүүлэх тоглолт, цэргийн анги нэгтгэлүүдийн жагсаал болж байна.

Дөрөв дэх жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж буй “Монгол цэргийн жавхаа” уралдаанд Зэвсэгт хүчний 26, Хилийн цэргийн дөрөв, Онцгой байдлын нэг нийт 31 анги, байгууллагын хамт олон идэвх зүтгэл гаргасан оролцсон юм.

Уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-23-ны хооронд болсон бөгөөд Зэвсэгт хүчний 350, 084, 017, 150, 119, 029, Хилийн 0164, 0252, Онцгой байдлын аврах тусгай анги шалгарсан юм.

Уралдаан нь анги байгууллагын тохижилт, бие бүрэлдэхүүний ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, бие бялдрын стандарт, жагсаалч ажиллагаа, гадаад үзэмжийг дээшлүүлж, Зэвсэгт хүчин, бусад цэргийн үйл ажиллагааг нийслэлийн иргэдэд сурталчлах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилготой юм.

Цэргийн алба хаагчдын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг өөрсдийнх нь боломж, бололцоон дээр тулгуурлан хамт олны идэвх санаачилгыг өрнүүлэх зорилгоор уралдааныг зохион байгуулснаар сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын тохижилт эрс сайжирсан аж. Тэнд алба хааж байгаа ажилтан, албан хаагчдын ажиллаж, амьдрах таатай орчинг бүрдүүлжээ. Уралдаанд оролцож байгаа анги, байгууллагууд дөрвөн жилийн хугацаанд нийт 2.8 тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийж, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхөцлөө дээшлүүлсэн байна.

Энэ удаагийн уралдааны эхний гурван байрт шалгарсан ангийн захирагчийг уралдааны болзлын дагуу орон сууцаар шагнаж, ангид эмнэлгийн хэрэгсэл олгох юм.

“Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны тэргүүн байрт Зэвсэгт хүчний 084 дүгээр анги, хоёрдугаар байрт , гуравдугаар байрт Хилийн 0164 анги тус тус шалгарлаа.

Уралдааны хүрээнд өнөөдөр Чингисийн талбайд 19:00 цагт “Үдшийн цэнгүүн” болно. Үдшийн цэнгүүнд “Хурд” хамтлаг ая дуугаа өргөн нийслэлчүүдийг дуу хуураар хөглөх юм.