Саяхныг хүртэл дэлхийн нийтийн чиг хандлага зөвхөн IQ буюу оюуны чадавхаар хувь хүнийг тодорхойлж ажилд авдаг байсан. Тэгвэл сүүлийн жилүүдэд энэхүү хандлага хуучирч орчин үед ажил олгогчид EQ буюу сэтгэл хөдлөлийн чадамжид анхаарал хандуулах болжээ. Учир нь хүний сурч мэдэх, хөгжиж, дэвших хүсэл тэмүүлэл тухайн хүний сэтгэл хөдлөл, хандлагаас шууд хамаардаг аж.

“Хандлага” чадвараас илүү чухал

Сүүлийн үед дэлхий нийтээр шинэ хандлагад шилжээд буй. Тухайлбал, хувь хүний ажилдаа болон хамт олондоо хандах хандлага боловсролоос илүү үнэ цэнтэйд тооцогдох болж. Энэ ч утгаараа ажил олгогч байгууллагууд хувь хүний дараах ур чадваруудыг илүү чухалчилдаг болсон талаар “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл”-ийн судалгаанд дурджээ.

Судалгаанд ажил олгогч байгууллагууд хувь хүний асуудал шийдвэрлэх чадвар, тасралтгүй суралцах чадвар, харилцааны ур чадвар, цаг ашиглах, төлөвлөх, зохион байгуулах чадварыг илүүтэй харж ажилд авах болсон байна. Мөн тухайн ажилтан эерэг зөв хандлагатай, найдвартай эсэх болон хариуцлагатай байдал, багаар ажиллах чадварыг дипломын дүнгээс илүү чухалчилдаг болжээ. Түүнчлэн ихэнх ажил олгогч компаниуд шинэхэн төгсөгчдийг ажлын байранд авахдаа “Хандлагаар нь ажилд авч, ур чадварт сургах” дүрмийг баримтлах болсон байна. Энэ нь төгсөгчдийн академик чадварыг үл харгалзан амжилтад хүрэх хандлага болон эерэг тэмүүлэлтэй байдал буюу ирээдүйг нь харж хүний нөөцөө бүрдүүлдэг болсон явдал юм. EQ-г хүн өөрийгөө танин мэдэх, идэвхжүүлэх, хянах, эрмэлзэлтэй, тууштай, бусдыг ойлгох, сонсох, хамтран ажиллах ур чадвар гэж тодорхойлжээ.

EQ өндөртэй ажилтан байгууллагад олон давуу талыг бий болгодог байна.

Тухайлбал,

Тэдний дасан зохицох чадвар нь асуудлыг шийдвэрлэх, инновацыг бий болгоход тусалдаг

Ажилчид хоорондоо санал зөрөлдөх үед аль аль талд ашигтай байдлаар асуудлыг шийдэж чаддаг

Бусдад урам зориг өгч, хүчирхэгжүүлдэг,

Бусдын давуу талыг гаргаж ирдэг

Тэд биеэ даасан, илүү сахилга баттай байдаг.

Ийнхүү сүүлийн жилүүдэд хувь хүний эзэмшсэн мэргэжлээс гадна бусадтай харилцах, бусдыг ойлгох, мэдрэх чадвар хувь хүнд ч байгууллагад ч амин чухал үзүүлэлт нь болж буй. Тэр ч утгаараа дэлхий нийтэд гол капитал болох хүнээ сонгох арга барил ч улам сайжирч, хувьсан өөрчлөгдөж байгаа юм. Тухайлбал, АНУ, БНСУ, Герман улсын ажил олгогчид ажилтныхаа хэв шинжийг тодорхойлохын тулд Кеттелийн 16 хүчин зүйлс буюу хүний ​​зан төлвийг тодорхойлох тестийг ашигладаг. Мөн MBTI буюу (Myers-Briggs Personality Type Indicator) нь хүний хувийн зан чанарын хэлбэр, давуу талыг ганцаарчлан тодорхойлох боломжтой зан чанарын тестийг өргөнөөр ашигладаг аж. Ажил хайгчид энэхүү тестэд 20 минутаас хоёр цаг хүртэлх хугацааг зарцуулдаг байна. Улмаар бүтээлч тууштай, эрч хүчтэй нэгнийг олоход туслах аж.

Академик боловсролоос илүү EQ

Сэтгэлийг төлөвшүүлэхгүйгээр оюуныг хөгжүүлэх нь огтхон ч боловсрол биш хэмээн эртний нэрт сэтгэгч Аристотель хэлсэн байдаг. Энэ ч утгаар ажил олгогч компаниас гадна боловсролын байгууллагууд EQ-г онцгойлон үзэх болсон. Тухайлбал, гадаадын олон тэтгэлэгт хөтөлбөрүүд сурагчийн IQ буюу академик боловсролоос илүү EQ буюу тухайн хүний хандлагыг харж тэтгэлэг олгох болсон байна.

EQ чадварын хувьд монголчууд доогуур үнэлгээ авч байна гэдэг нь үнэний ортой. Манай хүрээлэн EQ тогтоох олон улсын загвар текстээр сорил авдаг. Ингээд үзэхээр манай улсын үзүүлэлт жаахан доогуур гарсан. Өөрөөр хэлбэл, Английн 15 настай хүүхдүүдийн дундаж 15-18 оноо байхад манай улсын хүүхдүүдийн дундаж оноо 13-16 байна. Энэ бол соёл уламжлалтай холбоотой, хоёрдугаарт нийгмийн харилцаанд орохдоо нээлттэй ард түмэн биш учраас зарим талаараа дутуу үнэлгээ авах нь бий.

Учир нь дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд тэтгэлэг горилогчоос эерэг, хүсэл тэмүүлэлтэй, аливаа зүйлийг хэрхэн зохицуулж байгааг мэдлэгээс илүү чухалчилж хардаг аж. Тэтгэлэг авахад тухайн сурагчийн нийгмийн ажил буюу сайн дурын ажил хэр их хийдэг зэрэг нийгмийн идэвхийг нь харж сонгон шалгаруулдаг байна.

EQ өндөртэй хүний онцлох таван чадвар:

-Өөрийн бодол мэдрэмжийг танин мэдэх чадвар

-Тухайн нөхцөл байдалдаа тохируулан өөрийгөө удирдах чадвар

-Аливааг урам зоригтойгоор хийх чадвар

-Бусадтай харилцах чадвар

-Хүний мэдрэмжийг ойлгон мэдэрснээр түүнд нь тохируулан харилцаж, ярилцах чадвар

Тэтгэлэг авахад тухайн хүн хэр их хичээл зүтгэл, сэтгэлээ гаргаж буйг илүүтэй хардаг. Мөн тодорхой хэмжээнд сурлагын дүн, хэлний оноо зэргийг харгалзаж үздэг. Гэхдээ хандлага, хурдан суралцах ур чадвар зэрэг зөөлөн ур чадваруудыг болон хүрээлэлдээ хэр их эерэг нөлөөлөл үзүүлж байгаа зэрэг нь маш чухал. Гадаадын тэтгэлгүүд зөвхөн нэг талыг харахаас илүүтэй тухайн өргөдөл гаргагчийг хувь хүн талаас нь бүхэлд нь харж шалгаруулалт хийдэг. Тухайлбал, хичээлээс гадуурх хийж буй өөрийгөө хөгжүүлэх зорилготой оролцсон хөтөлбөр, хэрэгжүүлсэн төсөл, хийсэн дадлага, сайн дурын ажлууд бүгд л тухайн өргөдөл гаргагчийг тэтгэлэгт тэнцэхүйц хэмжээнд бэлдэж өгдөг зайлшгүй чухал хүчин зүйлүүд юм.

Энэ ч утгаараа бүх л түвшинд EQ буюу хувь хүний хандлага харилцаа  хамгийн чухалд тооцогдож буй. Хандлага дотроо бусадтай харилцах, өсөж дэвших зэрэг нийгэм байгууллага, хамт олонд эерэг зүйлсийг түгээж буй хандлага өнөө цагийн хамгийн чухал хүчин зүйл болж байна.