Нийслэлчүүдийн аялж, амарч зугаалахаар зорин очих дуртай газар бол Богдхан уул юм. Олон иргэд амралтын өдрүүдэд тус уулыг зорин очиж алхдаг ч замын тэмдэг, тэмдэглэгээ дутмаг байдал ажиглагддаг. Тэгвэл Чех улсын Элчин сайдын яам, Монголын явган аяллын холбоо хамтран Богдхан ууланд замын тэмдэг, тэмдэглэгээг хийжээ. Тухайлбал, Монголын явган аялагчдын холбоо олон улсад түгээмэл хэрэглэгддэг аяллын замын тэмдэг, тэмдэглэлийн стандартын онцгой эрхийг монголд нэвтрүүлэх эрхийг авсан аж. Улмаар анхны тэмдэг, тэмдэглэгээг Дархан цаазат Богдхан уул Зайсан-Дугуй цагаан чиглэлийн явган аяллын замд байршуулжээ.