ЖДҮ-гийн зээл, Хөгжлийн банкны луйвар, Боловсролын зээлийн сангийн хулгай... Энэ бүгдээс харахад тэгш зарчим алдагдсан газарт шударга бус явдал ноёлдог ажгуу. Гэвч бид шударга ёсныг нэхэх хэрнээ, шударга бус явдлыг чимээгүй өнгөрөөсөөр ирсэн. УИХ-ын сонгуулийн хууль, тодруулбал улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо бол үүний нэг л жишээ. Хүн амын 50.7 хувийг бүрдүүлж буй эмэгтэйчүүд парламентад 20 хүрэхгүй хувьтай байгаа нь тэгш зарчим уу? Энэ асуудлтад хариулт эрье.
Эмэгтэйчүүдээ илүү дэмжсэн дэлхийн хандлага
Улс төр хатуу тоглоом. Хатуугаас гадна бараг “дүрэм”-гүй энэ ертөнцөд дүрэм зөрчих эр зоригоор эмэгтэйчүүдээс илүү гэх шалгуур дор эрчүүдийн тоглолт илүүтэй зонхилдог. Бас зохидог. Гэвч ард түмэн, сонгогчид дүрэмтэй улс төрийг, дүрмээ зөрчдөггүй улстөрчдийг хүсдэг. Тийм учраас эмэгтэйчүүдийг улс төрд оруулахыг бодлогоор зохицуулж хуульчлан өгсөн байдаг.
Эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийг хуульчлан хамгаалсан хоёр арга дэлхийд бий. Эхнийх нь, парламентын сонгуульд нэр дэвшигчдийн тодорхой хувь нь эмэгтэйчүүд байх. “Нэр дэвшигчдийн квот” гэх энэ арга түгээмэл. Хоёр дахь нь, тухайн парламентын гишүүдийн тодорхой хувь нь заавал эмэгтэйчүүд байх хувилбар. Үүнийг “Суудал хадгалах квот” гэх. Ийм хуультай улс орнуудад ихэнхдээ парламентын сонгуулийн тодорхой мандатад зөвхөн эмэгтэйчүүд сонгогдох, нэр дэвшихийг хуульчилж өгчээ. Хамгийн тод жишээ нь ардчиллын сонгодог жишээ болдог Энэтхэг улсын Муж улсуудын хурлуудыг нь нэрлэж болж байна.
Монгол Улсын хувьд эхнийх буюу “Нэр дэвшигчдийн квот”-ыг хуульчилж өгсөн ба УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 20-иос доошгүй эмэгтэйчүүд байх, намууд 76 мандатад нэр дэвшигчдээ тодруулахдаа энэ босгыг баримталж ирсэн. Үүнийг зарим эрэгтэй улстөрчид “дэвшил, эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг баталгаажууллаа” гэж саймширдаг юм. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь ухралт ажээ. Баримт сөхвөл, Монгол Улс 1962 онд батлагдсан Эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн конвенцид нэгдэн орсон байна. Тийм учраас 1990 оноос өмнө Ардын Их Хурлын депутатуудын 24 хувь нь заавал эмэгтэй хүн байхаар тухайн үеийн МАХН-ын улс төрийн намын шийдвэртэй байжээ. Зарим яамны орлогч сайд заавал эмэгтэй хүн байхаар хатуу тогтоосон байж. Тэгэхээр Монголын ардчилал нь эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийн хувьд дөрвөн хувийн ухралт авчирсныг үнэндээ манай эмэгтэйчүүд ч өөрсдөө мэддэггүй, ярьдаггүй явж ирсэн.
Сүүлийн үед эмэгтэйчүүд хуулийн дэмжлэгтэй улс төрд хүчтэй, мөнхүү олноор орж ирэх болжээ. Баталгаа нь, НҮБ-ын гишүүн 193 орны 20 орчим нь эмэгтэй Ерөнхий сайд, Ерөнхийлөгчтэй байсан хэдхэн жилийн өмнөх дүр зургаас харж болно. Норвеги, Исландын парламентын гишүүдийн 47-50 хувь нь эмэгтэйчүүд. Канадын Засгийн газрын гишүүдийн 50 хувь нь эмэгтэйчүүд. Францын Ерөнхийлөгч Макрон гэхэд сонгуулийнхаа үеэр “Хэрвээ би сонгогдвол…” гэж зарлаж байгаад Засгийн газрын 28 сайдынхаа 50 хувь буюу 14-ийг эмэгтэйчүүдээс бүрдүүллээ. Финланд улс дэлхийд хамгийн залуу эмэгтэй Ерөнхий сайдтай ажиллаж байна.
Дээрх улс орнуудад яагаад эмэгтэйчүүд улстөрд голлоод, Засгийн газрын гишүүдийн 50 хувийг бүрдүүлж буйд тайлбар бас бий. Өнөөдөр хаа сайгүй аюулгүй, амгалан, эрүүл амьдрал,авлигагүй, шударга нийгмийг хүсэж байна. Тэгвэл, айл гэрээр жишээлэхэд тайван амьдралыг эмэгтэйчүүд бүтээж, ар гэрийн нийгэм, эрүүл мэнд, боловсролын асуудал бүхэлдээ эмэгтэйчүүд л хамгийн сайн зохицуулдаг нь амьдрал дээр батлагдсан билээ. Эмэгтэйчүүдийн гэр бүл, хамт олны дунд гүйцэтгэж буй үүрэг хариуцлага нь боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, хамгаалал зэрэг хүн бүрийн амьдралын чанарт нөлөөлөх чухал асуудлаар илүү мэдрэмжтэй, хэрэгцээнд нийцсэн шийдвэр гаргах туршлагыг агуулж байдаг. Тэр үнэн. Тэгэхдээ сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн онцгой нэгэн чадварыг улс төрд илүүтэй онцлох болжээ. Энэ нь эмэгтэйчүүдийн ачаалал даах чадвар эрчүүдийнхээс хамаагүй илүү гэнэ. Энэ тухай “Эмэгтэйчүүд бол нэг сантиметр талбайд дөрвөн тонн хүчээр дарах хэмжээний ачаа даадаг чадвартай. Ачаа гэдэг нь ганц ажлын ачаалал биш, тэнд тэвчээр, зовлон, хөлс, нулимс ч багтана” гэжээ.
Өнөөдөр Монголын төрд авлига ихтэй, Улаанбаатар иргэндээ ээлгүй, айдастай хот байгаа бол дээрээ, бодлого тодорхойлогчид дунд эмэгтэйчүүдийн төлөөлөл цөөхөн байгаатай холбоотой. Тийм учраас Монголын төрд эх хүний, эмэгтэй хүний өр нимгэн, зөөлөн нинжин чанар л бидэнд дутагдаж байгааг хэн хүнгүй хэлдэг. Энэ бол эмэгтэйчүүдийг УИХ-д илгээх эхний шаардлага. Гэтэл зүй ёсны төлөөлөлтэй байх, өөрсдийн давуу талаараа манлайлах жам ёсны шаардлага дээр, намуудын эмэгтэйчүүдэд тавьдаг “шаардлага” нарийсч байна. Тэр нь улстөрч эмэгтэйчүүдийн хөрөнгө чинээ юм.
Улс төрийн тавцанд хүйсийн тэгш бус байдал бүх улс орны хувьд чухал асуудал байсаар ирсэн. Өнөөдөр ч байгаа. Гэхдээ шийдэл хайсан, гарц олсон улс орнууд ч байна. Учир нь гарц гаргалгаа олохоос өөр аргагүй байдал улс төрийн орчинд үйлчилсээр ирсэн. Монголд ч ялгаагүй. Эрчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүд намаас нэр дэвших, сонгуульд өрсөлдөхөд хөрөнгө санхүүгийн хувьд бяд муутай, дутагдалтай байдаг. Ялангуяа залуу улстөрчид, эмэгтэйчүүдэд “Улс төрийн санхүүжилт” гэдэг дааж давшгүй ачаа болсоор ирлээ. Намын дэнчин, тойрог услах мөнгө зэргийг бодвол улс төрийн энэхүү шударга бус санхүүжилт нь тэгш боломж гэдгийг мэдэхгүй, мэдсэн ч мэдээгүй царайлдаг хэсэгт нь л олз болж байна. Угтаа хүн амын 50 хувь болох эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг нь хангах нь өөрөө төрийн өөрийнх нь үүрэг байх ёстой юм. Тиймээс ч хуулийн хөшүүргээр эмэгтэй улстөрчдөө ихэнх орон дэмжиж байна.
Тойрог VS жагсаалт
Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагыг ийнхүү тоочсон нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлэгтэй холбоотой. Сая Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож нэмэгдүүлсэн. Гэхдээ энэ өөрчлөлтийг батлах хэлэлцүүлгийн явцад эрх тэгш байдлын талаар УИХ-ын гишүүд сонгогчдод амлалт өгч байв. Гэвч бодит байдал дээр Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-д нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх саналыг унагаж орхисон. Гэхдээ УИХ дээр Ж.Сүхбаатар нарын гишүүдийн саналаар нийт нэр дэвшигчдийн 40 хувь нь эмэгтэйчүүд байх санал дэмжигдлээ.
Гэхдээ энэ бол 2024 онд сонгогдох парламентын гишүүдийн 40 хувь нь шууд эмэгтэйчүүд байна гэсэн үг огт биш. Бадарчин баярлах болоогүй гэдэг шиг л зүйл. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй УИХ-ын сонгуулийн хуулиар эмэгтэйчүүдийн квот 20 хувь байгаа. Энэ хувийг 30 болгож нэмэгдүүлнэ гэж Төрийн байгуулалтын байнгын хороо шийдвэрлэсэн нь өнгөн дээрээ урагшилсан заалт шиг боловч, үнэндээ ухралт байсан юм. Яагаад гэвэл 2020 оны сонгууль мажоритар тогтолцоогоор явагдсан. Энэ тохиолдолд намуудын нэр дэвшигчдийн 20 хувь нь бодитоор эмэгтэйчүүд байсан. Харин 2024 оны сонгууль 78:48 буюу холимог тогтолцоогоор явна. Хэрэв тухайн нам жагсаалтын 48-ынхаа арын байруудыг эмэгтэйчүүддээ хуваарилчихвал хууль талаасаа зөрчил үүсэхгүй ч, сонгогдох магадлал талаасаа ухралт болох юм. Иймээс л УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Тойрог, жагсаалт хоёр гэдгээ анхаарах ёстой. Тойрогт нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэйчүүд байна гэж үзвэл болж байна. Гэтэл нийт нэр дэвшигчдийн 30 хувь гэвэл болохгүй. Тиймээс 40 хувь гэдэг бол чанар талаасаа 30 хувьтай дүйнэ” гэж тайлбарласан.
Энэ бол яах аргагүй харах өнцөг, ярих сэдэв. Нийт нэр дэвшигчдийн 40 хувь нь эмэгтэйчүүд байсан тохиолдолд л Ж.Сүхбаатар гишүүний хэлсэнчлэн “хөрсөн” дээрээ эмэгтэйчүүдийн сонгогдох магадлал өснө. Түүнээс намын жагсаалтын хойд байруудыг эмэгтэйчүүддээ өгчихөөд квот өгсөн гэж ярих нь ухралт. Тиймээс л нийт нэр дэвшигчдийн “40 хувь” гэдэг бол бодитой дэмжлэг байх талтай. Эсвэл тойргийнхоо 30 хувьд эмэгтэйчүүд дэвшүүлнэ гээд тодотгох ёстой юм.
Бичвэрийн эхэнд улс төр бол хатуу тоглоом гэж тодотгосон. Үнэхээр ч өмнөх жишгүүдээс харахад сөргөлдөгч намынхаа лидерийн тойрогт эмэгтэйчүүдээ “хаяж” өгчихөөд сонгуулийн квот 20 хувьд хүргэсэн гэж улстөрч эрчүүд ярьсаар ирсэн. Одоо харин намын жагсаалтынхаа арын байруудад нэрийг нь бичсэнээ эмэгтэйчүүдийн квот хангалаа гэж мэдэх нь. Иймээс л 30 биш, 40 байх нь бодитоор жендерийн мэдрэмжтэй сонгуулийн хууль руу дөхөх буй за.