60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 түүнээс дээш настай эмэгтэй ахмад настны тухай хуулийн үйлчлэлд хамаарна.
Ахмад настны тухай хуулиас...
Ахмад настнуудын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Тэртээ 1990 онд нийт хүн амын 7.3 хувь буюу 149900 ахмад настан тоологдож байсан бол 2020 онд дээрх тоо бүтэн нугарч 328900 болжээ. Ийнхүү ахмад настнуудын тоо нэмэгдэж байгаа нь амьдралын зөв хэмнэл, дадал зуршил хүн амын дунд хэвшиж байгаатай холбоотой. Гэвч харамсалтай нь ахмад настнууд нийгмээс тусгаарлагдах, тэгш эрх, тэгш боломжоо алдах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хангалттай авч чаддаггүй зэрэг нийгмийн олон асуудалд өртсөөр байна. Энэ талаар Хүний эрхийн үндэсний комисс тодорхойлсон бөгөөд ахмад настнууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хангалттай авч чадахгүй байгаа нь онцгой анхаарал хандуулах түвшинд хүрсэн гэж тодотгожээ. Иймд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар ахмад настнуудад хангалтгүй байгаа талаар болон тэд нарт тулгардаг саад бэрхшээлийг дурдъя.
Төрийн бодлогоос хэн ангид үлддэг вэ
Ахмад настнуудыг төрийн бодлого, дэмжлэгээс ангид үлддэг гэж хэлж болно. Ингэж хэлсний учир нь ахмад настнуудад зориулсан төрийн бодлого дорвитой үр дүнд хүрдэггүйтэй холбоотой. Тодруулбал, ахмад настны эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр төрөөс дэмжлэг үзүүлэхээр хуульчилсан байдаг ч энэхүү дэмжлэг хангалтгүй түвшинд буюу дунджаар 25 хувьтай хэрэгжиж байгааг Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй ахмад настны эрх, хамгаалал судалгааны тайланд өгүүлжээ. Судалгааг задалбал, ахмад настнуудад төрөөс дэмжлэг үзүүлдэг нэгэн төрөл болох хөнгөлөлттэй үнээр эм худалдан авах үйл явцад гэр хорооллын ахмад настнуудын зөвхөн 49 хувь буюу хоёр ахмад настан тутмын нэг нь хөнгөлөлттэй үнээр эм авдаг байна. Түүнчлэн гэр хорооллын 31 хувь буюу гурван ахмад настан тутмын нэг нь рашаан сувилалд амарч сувилуулах эрхээ эдэлж байгаа аж.
Чингэлтэй дүүргийн XIX хорооны ахмад настан А
Сар болгон сахарын 60 ширхэг эм уудаг. Эмээ хөнгөлөлттэй үнээр худалдан авахад заавал дүүргийн эмч дээр очиж үзүүлсэн байх ёстой гэдэг. Шат дамжлага ихтэйгээс хөнгөлөлттэй үнээр эм авахад хүндрэлтэй байдаг. Тэгээд хөнгөлөлттэй үнээр эм авлаа гэхэд 30 ширхэг эмийг хөнгөлөлттэй үнээр үлдсэн 30 ширхэг эмийг хөнгөлөлтгүй авдаг.
Ахмад настнууд эрүүл мэндийн чиглэлээр төрөөс дорвитой дэмжлэг авч чаддаггүйг дээрх жишээнээс харж болно. Тэгвэл өөр нэгэн жишээ дурдахад ахмад настнуудад зориулсан асран сувилах тусламж үйлчилгээ авах эрхийн хэрэгжилт 7.8 хувь гэж ХҮЭК-оос өгүүлсэн бөгөөд хөл, гарын протез, сонсох, харах эрхтний ортопедийн хэрэгсэл авахад нийгмийн даатгалын сангаас нөхөн олговор авахаар байдаг ч амьдрал дээрх хэрэгжилт 12.1 хувьтай буюу хангалтгүй үзүүлэлттэй гарчээ. Энэ мэт жишээнээс харахад ахмад настнуудад зориулсан төрийн бодлого, дэмжлэг дорвитой үр дүнд хүрч чадахгүй байгаа бөгөөд холбогдох байгууллагууд аливаа бодлого шийдвэр гаргахдаа зорилтот бүлгийн хүмүүст үзүүлэх эерэг болон сөрөг нөлөөллийг урьдчилан тооцох, саналыг тусгах, аль болох чирэгдэлгүй шуурхай, тусламж, үйлчилгээг үзүүлэх арга хэмжээг авах нь шаардлагатай байна.
Мөнгөгүй бол дараалалд зогс
Ахмад настнууд эмнэлгийн анхан шатны тусламж авч чадахгүй нас барах, хэвтэн эмчлүүлэхэд ор хүрэлцээгүй байх, эмнэлгийн үйлчилгээ авахад хүнд суртал, чирэгдэл үүсдэг байдал эрүүл мэндийн салбарт байгаа нь нууц биш. Тэгвэл ахмад настнууд эрүүл мэндийн үйлчилгээ авахад ямар асуудал бэрхшээл үүсэж байгаа талаар Хүний эрхийн үндэсний комиссоос асуулга явуулахад 38 хувь нь үйлчилгээний дараалал их, 11.4 хувь нь эмч, эмнэлгийн ажилтнууд зан харилцаа доголдолтой, 7 хувь нь эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага хүнд суртал их, бичиг цаас шаарддаг гэж хариулсан байна. Эдгээр бэрхшээлүүд нь улсын эмнэлгээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад хүндрэлтэй байдаг тул санхүүгийн боломжтой ахмадууд хувийн эмнэлэгт ханддаг аж. Харин мөнгө муутай ахмад настнууд улсын эмнэлэгт оочирлож үзүүлэхээс өөр сонголтгүй байгаа юм.
Сонгинохайрхан дүүргийн VI хорооны ахмад настан Б
Саяхан манай гэр бүлийн хүн үзүүлэхэд “дараалал дууссан, дараа ир” гэж байгаа юм. Тэр болтол юу болоо билээ. Тэгээд хувийн эмнэлэгт очоод дор дор нь шинжилгээ хийлгээд явж байна. Идэх талхнаасаа хумсалж хувийн эмнэлэгт үзүүлж байгаа юм. Нийт шинжилгээний зардал нь 300 мянган төгрөг болсон.
Ахмад настнууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нөхцөл маш муу байна. Иймд эмнэлгийн чанар хүртээмжид үнэлгээ хийж тулгамдаж буй асуудлуудыг бүрэн бодитой тодорхойлж, хариу арга хэмжээ авах шаардлага тулгараад байгаа юм. Түүнчлэн ахмад настнуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт ахмад настны кабинет, сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төвд ахмад настны эмч, эсхүл ахмад настны эрүүл мэндийн чиглэлээр мэргэжил, ур чадвар эзэмшсэн эмч ажиллуулахаар заасан. Тэгвэл энэхүү ахмад настны кабинет, эмч хэр хүрэлцээтэй байгаа нь сонирхол татна.
Ахмад настнууд “эмчгүй”
Ахмадын эмч нь тэдний бие даах чадвар, сэтгэцийн байдал, сэтгэл гутрал зэрэг үзүүлэлтэд нарийвчилсан үнэлгээ хийж, шаардлагатай тусламж үйлчилгээг цаг тухайд нь үзүүлдэг. Гэвч зарим эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд ахмад настны доройтол, бие даах чадварыг нэгэнт эмчлэгдэхгүй гэдэг байдлаар хандах, ахмадын эмчийн хэрэгцээ шаардлагыг ойлгодоггүйн улмаас ахмадын кабинетыг татан буулгах, мэргэжлийн бус эмч ажиллуулдаг нөхцөл байдал байгаа юм. Нөгөө талаар залуу эмч нар ахмадуудтай ажиллахад бэрхшээлтэй гэх хандлагаар ахмадын эмчээр мэргэшиж ажилладаггүй аж. Эдгээр нөхцөл байдлын улмаас нийслэл болон орон нутгийн хэмжээнд ахмадын эмч (гериатр эмч) хүний нөөц дунджаар 44.5 хувь, ахмадын кабинетын хүрэлцээ, хангамж 53.5 хувьтай байгаа нь маш хангалтгүй үзүүлэлт юм. Ийнхүү ахмад настны эмч, кабинетын хүрэлцээ муу байгаа нь ахмад настнууд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй авч чадахгүй байх нэг том шалтгаан болж байгаа юм. Бас ахмадуудад гэрээр үйлчлэх, хэвтэн эмчлүүлэх зэрэг тусламж, үйлчилгээг авах ёстой ч Геронтологийн үндэсний төвийн материаллаг бааз, хүний нөөц, санхүүжилтийн хүрэлцээгүй байдлаас улбаатай уг үйлчилгээг үзүүлж чадахгүй байгаа аж.
Хүний нөөцийн төлөвлөлтийг 5 жилээр боловсруулж дотоодын болон гадаадын тэтгэлэгт хөтөлбөр, сургалтад мэргэшсэн мэргэжилтнүүдийг сургаж, боловсон хүчнээ бэлтгэдэг. Гэсэн ч Геронтологийн үндэсний төвийн барилгын асуудал, ажиллах нөхцөл, цалин хөлс бага зэргээс шалтгаалан залуу мэргэшсэн боловсон хүчин тогтвор суурьшилтай ажиллахгүй байна. Эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага зохион байгуулалтад ахмад настны хэрэгцээ, эрүүл мэндийн үнэлгээ, доройтлыг тодорхойлох болон эрүүл насжилтын талаарх ойлголт сул байгаагаас ахмадын кабинетыг татан буулгах, мэргэжлийн бус эмч нарыг ажиллуулсаар байна. Геронтологийн үндэсний төвийн доройтлын клиник, нойрны төв, ахмад настны дагнасан сэргээн засах төвийг олон улсын туршлагаар нэвтрүүлэхэд оношилгоо, шинжилгээнд тоног төхөөрөмжийн хэрэгцээ, шаардлага нэмэгдэж байна.
Геронтологийн үндэсний төвөөс ирүүлсэн мэдээллээс