Хүний газар нэр хугарахаар өөрийн газар яс хугар гэдэг үг бий. Монголчууд эрт дээр үеэс л нэр төр, нутаг усныхаа нэрийг эрхэмлэн дээдэлж ирсэн ард түмэн. Гэвч сүүлийн жилүүдэд Монголын нэр төрийг гутаах “чих халууцуулам” шуугиан харийн орноос сонсогдох болов.

Дуусдаггүй гутамшигт дуулиан

Сэлэнгэ аймгийн Мандал сумын орлогч дарга, ИТХ-ын төлөөлөгч Л.М нь Жэжүд болсон Монгол соёлын тоглолт, хүлээн авалтын дараа орчуулагчаар ажиллаж байсан монгол эмэгтэйг хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсан. Энэ тухай БНСУ-ын хэвлэлүүд мэдээлж нэлээдгүй шуугиан тарьж байна. Хохирогч эмэгтэй 24 настай бөгөөд хэрэг зургаадугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө гарсан аж.

Энэ талаар ГХЯ-наас "Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч бэлгийн хүчирхийллийн хэргээр БНСУ-ын цагдаагийн газар саатуулагдсан нь үнэн. Энэ хэргийг тус улсын цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Тухайн улсын хууль эрх зүйн хүрээнд хариуцлага хүлээлгэнэ" гэсэн мэдээлэл өгсөн юм.

Нэгэнт ийм мэдээ БНСУ-д цацагдаж эхлэхэд иргэн М биш Монгол Улсын нэр төр ард нь яригдана. Үүний өмнө Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр Улаанбаатар Сөүлийн чиглэлд зорчиж явахдаа онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт учруулсан гэх асуудалд орооцолдож байсан. Үүнийг БНСУ-ийн телевизүүд цацаж бид хэсэгтээ л нүүр хийх газаргүй болж байсан удаатай. Гэтэл дахин ийм хэрэг гарсан нь үнэндээ л бид бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх ялангуяа гадаад улс руу томилолтоор явж буй төрийн албан тушаалтуудад хатуу сануулга өгөх болсныг сануулж буй.

Гэвч манай хууль эрх зүйн орчинд бэлгийн дарамт тэр дундаа ажлын байран дахь бэлгийн дарамтад авах арга хэмжээ учир дутагдалтай гэж хэлэхэд болно. Учир нь 2015 онд баталсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцсон ч 2017 оны нэмэлт өөрчлөлтөөр хассан байдаг. Улмаар ажлын байранд бэлгийн дарамт үзүүлсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй болж зөвхөн Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд л тусгагдаж үлдсэн юм. Улмаар 2020 оноос Зөрчлийн тухай хуулиар бусдад бэлгийн дарамт учруулахыг зөрчлийн хэрэгт тооцох болсон.

Ийнхүү хууль эрх зүйн хувьд учир дутагдалтай тул манай дарга нар бусдын өгзгөнд хүрч, өөрт нь ажиллаж байгаа хүнийг хүчирхийлэх гэж оролдох гэх мэт ёс бус үйлдэл гаргаж буй нь илрэх жишээний. Монголд бол тэд ийм төрлийн гэмт хэргийг нуун дарагдуулаад, шийтгүүлэхгүй өнгөрөх боломж байдаг гэдэгт итгэдэг байх. Гэтэл бусад улсад бол энэ өөр хэрэг. Гурван үеэрээ шившиг болж үлдэхээс гадна гэмт хэргийн төрөл зүйлээрээ хамааруулаад хатуу шийтгэгдэнэ.

Тухайлбал, дэлхийн 130 гаруй улс оронд бэлгийн дарамтыг хүний эрхийн ноцтой зөрчил хэмээн үзэж ихэнх нь Эрүүгийн хуульдаа оруулсан байдаг. Тийм ч учраас ийм төрлийн гэмт хэрэг хийсэн нэгнийг бусад улс оронд очиж шившиг болохоос нь өмнө эх оронд нь горийг нь амсуулчихдаг аж.

Нэр төрөө хайрламаар байна монголчуудаа...

Төрийн алба хаагч, дарга нараас гадна улсынхаа нэрийг хаа явсан газраа баастаж явдаг хүмүүс ч олон бий. Жишээ нь БНСУ-ын нэгэн шөнийн цэнгээний газарт Казахстан, Пакистан, Монгол хүнийг нэвтрүүлдэггүй аж. Учир нь эдгээр улсын иргэд үйлчлүүлэх бүрдээ тодорхой хэмжээний зөрчил гарсаар дадсан аж. Иймд залхаж, туйлдсан газар ийм дүрэм зохиох болжээ.

Гадаадад байдаг Монголчууд бүгд тийм гэж хэлээгүй ч тодорхой хэмжээний ёс зүйгүй хүмүүс энэ мэт улс орныхоо нэрийг гутаах үйлдэл гаргах нь олонтоо. Цагтаа дэлхий нийт Монголчуудын хүчирхэг байдлаас айдаг байсан бол одоо соёлгүй, бүдүүлэг байдлаас айх болсон гэж хэлэхэд үгүйсгэхгүй биз.

Саяхан л гэхэд Солонгос улсын “CU” дэлгүүр дээр монгол хэлээр тамхи татахыг хориглоно” хэмээн бичсэн зарлал хадсан байсныг уншсан иргэд олон нийтийн сүлжээгээр “Бусад улсын иргэдийг битгий монгол хэл суртал нь зовоолдоо” хэмээн шуугилдаад өнгөрсөн. Үнэндээ хаа явсан газартаа хэрэг төвөгт орооцолдож, хулгай, зэлгээ хийсэн гэх болгонд Монгол хүний нэр гардаг нь үнэн. Увайгүй амиа хичээсэн иргэдийн болчимгүй үйлдэл дэлхийн өнцөг булан бүрд бусдынхаа чихийг халууцуулж орхино. Иймд нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг. Нэр төрөө эрхэмлэн дээдэлж, хүний газар хөлөө жийхдээ эх орныхоо нэр төрийг чанд хамгаалж, хайрламаар байна ,монголчуудаа...