ОБЕГ, Шадар сайдын ажлын алба, НЗДТГ, ҮАБЗ хамтран стратегийн команд штабын сургуулийг энэ сарын 7-9-ны хооронд зохион байгуулах болсон талаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр мэдээллээ. Тэрээр “Стратегийн команд штабын сургуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөө 99 хувийн биелэлттэй байна. Сургуулилтыг маргаашаас эхлэн гурван хоногийн хугацаанд зохион байгуулна. Уг сургалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн биеэр оролцож сургалтын үйл ажиллагаатай танилцана.
Энэхүү сургуулийн хамгийн гол зорилго бол газар хөдлөлтийн томоохон гамшиг тохиолдсон үед төрийн байгууллага болон холбогдох албан хаагчдын хоорондын хамтын ажиллагааг таниулан мэдүүлэх юм. Мөн газар хөдлөлттэй холбоотой бүх шатны бичиг баримтыг тодотгох, шинэчлэх, боловсронгуй болгоно.
Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төвд гамшгаас хамгаалах алба, яам, агентлаг, төрийн цэргийн байгууллагын нийт 295 алба хаагч 72 цагийн хугацаатай тасралтгүй сургалтыг зохион байгуулна. Сургалтын үйл ажиллагаатай холбогдуулаад 21 аймагт ослын удирдлагын баг бүрэлдэхүүн ажиллана. Нийлбэр дүнгээрээ 2900 гаруй алба хаагч ажиллахаар төлөвлөсөн.
Стратегийн команд штабын сургуулийн бодлогын хүрээнд мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэн сургалтыг зохион байгуулна. Нийслэлийн зургаан дүүрэгт газар хөдлөлтийн гамшгийн голомтод эрэн хайх аврах, гал унтраах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тэсэрч дэлбэрэх бодис болон химийн хорт бодисыг аюулгүй болгох мэргэжлийн ангийн дадлага сургуулийг зохион байгуулна" гэлээ.