УИХ-ын ээлжит чуулган 50-иас доошгүй ажлын өдөр хуралддаг байлаа. Харин 2019 онд УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа 75-аас доошгүй ажлыг өдөр хуралддаг байхаар өөрчилсөн юм. Тодруулбал, УИХ-ын тухай хуулийн 18.1-д "Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна" хэмээн заасан. Үүнтэй холбоотойгоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нд нээлтээ хийдэг байсан УИХ-ын хаврын чуулганыг гуравдугаар сарын 15-д нээдэг болсон юм. Энэ удаагийн хаврын чуулган энэ сард завсарлах болзлоо хангаж 75 хоногоо гүйцээх юм. Зургаадугаар сарын 29 нь УИХ-ын хаврын чуулганы 75 дахь ажлын өдөр юм байна. Тиймээс УИХ энэ сарын 30-ны баасан гаригт хаврын чуулганаа завсарлуулах боломжтой. Эсвэл долоодугаар сарын 7-ны баасан гариг хүртэл хуралдах биз ээ.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийг энэ сарын 23-наас өмнө батална
УИХ хаврын чуулганаа завсарлуулахаас өмнө хэлэлцэх шаардлагатай буюу хуулийн хугацаатай нэг хуулийн төсөл бий. Энэ бол УИХ-ын сонгуулийн тухай хууль. Үндсэн хуульд УИХ-ын сонгуулиас өмнөх нэг жилийн хугацаанд сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглосон заалт бий. Үүний дагуу УИХ-ын сонгуулийн тухай хуульд энэ сарын 25-ны дотор өөрчлөлт оруулах ёстой. Эрх баригчид УИХ-ын сонгуулийн тухай хуулийг 23-ны баасан гаригт багтаан батлахаар төлөвлөжээ.
УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хаврын чуулган завсарлахаас өмнө хэлэлцэх шаардлагатай хуулийн төслүүдийн талаар гишүүдийнхээ байр суурийг нэгтгэсэн байна. Энэ талаар тус бүлгийн дэд дарга М.Оюунчимэг хэлэхдээ "МАН-ын бүлэг хурлаараа энэ хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төсөл, асуудлуудын талаар ярилцлаа. Хэд хэдэн чухал хуулийн төсөл байгаа. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зургаадугаар сарын 23-наас өмнө батлах учиртай. Тиймээс сонгуулийн тухай хуулиа хэлэлцэж эхэлье гэж ярилцлаа. Мөн Улс төрийн намын тухай хуулийг зайлшгүй хэлэлцэх учиртай. Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцэхээр мөн тохирлоо. Нийгмийн даатгалын багц хуулийг бас хаврын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр бүлэг санал нэгдлээ. Төсвийн тодотголыг Засгийн газраас энэ лхагва гарагт өргөн барина. Тиймээс энэ хуулийн энэ долоо хоногт хэлэлцэж эхэлнэ. Энэ таван хуулийн төслүүдийг хэлэлцэхдээ УИХ-ын гишүүд, байнгын хороод хариуцлагатай хандана гэдэг дээр бүлэг санал нэгдлээ. Эдгээр болон хэд хэдэн хуулийн төслийг энэ удаагийн чуулганаар хэлэлцэхээр тохирлоо" гэсэн юм.
Хаврын чуулганаар 58 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн юм. Ээлжит чуулган бүрээр ийм олон төсөл хэлэлцэхээр төлөвлөдөг ч хэзээ ч бүгдийг нь хэлэлцэж амждаггүй юм. Энэ удаад ч мөн хэлэлцэж амжихгүй нь.