
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Хүүхдийн баяр маргааш тохионо. Жаргалтай инээлдэх үрсээр хорвоо өөрийгөө чимдэг энэ өдөр "Яг түүн шиг" шоуны уран бүтээлчдийн хүүхэд насанд эргэн очлоо. Урлагийн салбарыг сонгосон тэдний багын хүсэл мөрөөдөл юу байв. Мөрөөдөл нь биелсэн болов уу. Хүүхэд байхдаа юун тухай мөрөөдөж байсан бэ.

Бага байхдаа тоглоомын дэлгүүрийн эзэн юм уу худалдагч болохыг хүсдэг байлаа. “Гэртээ ганцаараа” киноны тоглоомын дэлгүүрт төөрдөг хэсгийг үзсэнийхээ дараагаар худалдагч болсноор өөрийгөө төсөөлж, тоглоомоо зарангаа өдөржингөө өөрөө тоглохыг мөрөөддөг байсан. Харин хэсэг хугацааны дараа энэ мөрөөдөл маань өөрчлөгдсөн. Долоодугаар ангид байхдаа нэг жүжиг үзсэнээс хойш жүжигчин болохоор шийдсэн. Цэцэрлэгт байхаасаа дуулж, бүжиглэдэг байсан учир урлагийн хүн болъё гэж шийдээд урлагийн хүн болсон. Тоглоомын дэлгүүрийн эзэн болоогүй ч урлагийн хүн болох мөрөөдөл минь биелсэн.
Б.Оргил: Чөлөөт бөхөөр 2024 онд Олимпийн аварга болно гэж мөрөөддөг байлаа

Бага байхдаа дуучин болохыг мөрөөддөг байлаа. Сургуульд орсныхоо дараагаар бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Тиймээс чөлөөт бөхөөр 2024 онд Олимпийн аварга болно гэж мөрөөддөг байсан. Бид нарыг наймдугаар анги төгсөхөд нэгдүгээр ангид бичсэн 20 үгтэй зохион бичлэгийг багш минь өгсөн. Тэр зохион бичлэгт “Би дуучин болно. Дуучин чадахгүй бол бөх болно. Бөх болж чадахгүй бол нэг юм болно” гэж бичсэн байсан. Дуучин болох мөрөөдөл минь биелсэн байна.
Б.Оюу: Ухаан дөнгөж орсон цагаасаа эхлэн дуучин болох тухай бодож эхэлсэн

Гурав юм уу дөрвөн настай байхдаа дуучин болох тухай мөрөөдөж эхэлсэн. Цэцэрлэгт ч ороогүй байхдаа, ухаан дөнгөж орсон цагаасаа эхлэн дуучин болох тухай бодож эхэлсэн. Миний багын мөрөөдөл биелсэн гэхээсээ биелээд явж байна гэж хэлж болно. Мөрөөдөл гэдэг нэг л өдөр шууд биелчихгүй шүү дээ. Тиймээс мөрөөдлийнхөө төлөө зорилготойгоор алхам алхмаар хичээсээр мөрөөдлөө биелүүлээд явж байна.
Х.Ану: Сайхан гэр бүлтэй болох мөрөөдөл минь биелсэн

Хүүхэд насны мөрөөдөл минь маш гоё гэр бүлтэй болох байсан. Их хуучинсаг хүн байгаа биз. Аав, ээж минь эгч бид хоёрыг маш их эрхлүүлдэг хүн байсан. Тийм учраас ийм мөрөөдөлтэй болсон байх. Дуулж эхэлж байх үеийн ярилцлагуудаа үзэхэд хүртэл мөрөөдөл минь сайхан гэр бүлтэй тухай л ярьсан байдаг. Энэ мөрөөдөл минь биелсэн. Миний хувьд гэр бүлийн ая тух, аз жаргалыг маш их эрхэмлэдэг.
П.Эрдэнэзаан: Хүүхэд насны хамгийн том мөрөөдөл минь сансрын нисэгч болох байлаа

Би багадаа зураг зурах дуртай хүүхэд байсан. Муугүй ч зурдаг байсан. Үзсэн киноныхоо үйл явдлыг зурахаас гадна өөрийнхөөрөө үйл явдлыг нь зохиомжилж зурдаг байсан. Комикс зурдаг байсан гэх юм уу даа. Зургийн уралдаанд оролцоод түрүүлж байсан нь ч бий. Хүүхэд насны хамгийн том мөрөөдөл минь сансрын нисэгч болох байсан. Сансрын нисэгч болоод дэлхийг бүтнээр нь бөөрөнхийгөөр нь харах юмсан гэж их нүдэндээ төсөөлдөг.
Аав, ээж минь зураач болгох их сонирхолтой байсан. Гэхдээ хүний хувь тавилан гэдэг их өөр юм. Одоо жүжигчин болсон явж байна. Жүжигчний мэргэжлийг ч гэсэн хүүхэд насны дэврүүн сайхан сэтгэлээр сонгосон. Биднийг 8-9 дүгээр ангид байхад боевик кинонууд гарч моданд орж байлаа. Тиймээс энэ гоё жүжигчин шиг болоод зодоонтой кинонд тоглох юмсан гэж их боддог. Энэ л сэтгэлээрээ жүжигчний мэргэжлээ сонгосон гэж боддог. Хэдийгээр жүжигчин болсон ч боевик киноны жүжигчин бол болж чадсангүй.
Э.Тамир: Гэр бүлийнхээ гишүүдийнхээ мафийн толгойлогч болсон болохоор мөрөөдөл минь биелсэн юм уу даа

Хүүхэд байхдаа их адал явдалтай кино үздэг хүүхэд байсан. Тиймээс мафийн толгойлогч болно гэж их боддог байлаа. Арай жаахан том болсны дараагаар од болоод ярилцлага өгч байна гэж их өөрийгөө төсөөлдөг, жүжиглэдэг, надаас ийм асуулт асуувал ингэж хариулна гэж мөрөөддөг байлаа. Энэ мөрөөдөл маань биелсэн шиг санагддаг. Мафийн толгойлогч болох мөрөөдөл минь ч биелсэн. Би гэр бүлийнхээ гишүүдийн мафийн толгойлогч.
Э.Агиймаа: Урлагийн хүн болох хүүхэд насны мөрөөдөл минь биелсэн

Таван настай байхдаа би сэтгүүлч, олон улсын тоймч Б.Дашзэвэгийн кинонд эрэгтэй хүүхдийн дүрд тоглож байсан. Энэ үеэс л урлаг гэдэг зүйл гоё гэдгийг маш их мэдэрсэн. Сургуулийн бэлтгэл ангиасаа бүжгийн дугуйланд, нэгдүгээр ангиасаа дууны дугуйланд, тавдугаар ангиасаа дууны дугуйланд явж эхэлсэн. Сургуулийн, дүүргийн, улсын гээд бүхий л арга хэмжээнд идэвхтэй оролцдог хүүхэд байлаа. Хичээлээсээ илүү урлагтаа хайртай тийм л хүүхэд байсан. Урлагийн хүн болох хүүхэд насны мөрөөдөл минь биелсэн.
Д.Лхагва: Хөлбөмбөгчин болох миний мөрөөдөл байсан

Аав, ээж маань “Миний хүү ямар мэргэжилтэй хүн болох вэ” гэхээр бусдын л адил “Эмч, жолооч, цагдаа болно” гэж хэлдэг байсан. Арай ухаан орсон үеэсээ хөлбөмбөгчин болно гэж боддог байсан. Хөлбөмбөгт маш их дуртай. Бага насандаа гудамжинд жинхэнэ хөлбөмбөг тоглож өссөн. Монголд хэрвээ тухайн үед хөлбөмбөг хөгжсөн бол болох ч байсан байж магад. Миний хүүхэд насны үед улс орны амьдрал юун хөлбөмбөг манатай л байлаа шүү дээ. Одоо бол хөлбөмбөгийн спорт маш гоё хөгжиж байна. Харин ээжийн маань мөрөөдөл намайг морин хуурч болгох байсан. Би солгой гартай. Солгой хүмүүс морин хуур сайн дардаг юм байна гээд морин хуурч болгох гээд дугуйланд явуулах гэж их үзсэн. Бас зураг муугүй зурдаг хүүхэд байсан. Тиймээс намайг зураач бол гэдэг байлаа. Миний хувьд хөлбөмбөгчин, морин хуурч, зураачийн аль нь ч болоогүй. Гэхдээ жүжигчин болсноор жолооч, хөлбөмбөгчин, цагдаа гээд аль алиных нь дүрд тоглож байна. Тиймээс миний мөрөөдөл биелсэн гэж хэлнэ.