Монголчууд хэдий болтол чанаргүй, үнэтэй эм хэрэглэх вэ?

Хувцас, хүнс өргөн хэрэглээний үнэ нэмэгдсэнийг бид шууд л мэднэ. Харин эмийн үнэ хэдээр ирээд хэдээр зарагддагийг мэдэхгүй. Эмийн санд ороод хэлсэн үнээр нь авдаг болохоор маргах ч аргагүй. Гэхдээ тэр үнэдээ дүйхүйц чанартай эм мөн үү гэвэл үгүй. Эм, вакцин, витамин, эмнэлгийн хэрэгсэл дээр худалдан авч байгаа үнэдээ дүйхүйц чанарыг яаж нэвтрүүлэх вэ. Чадалтай зарим нь хэрэглээний эм, витамин, амин дэмийн аль чанартайг гаднаас боломжийн өртгөөр аваад хэрэглэх болж. Тэрийг дуулсан  бид арай чанартайг хайж, онлайн худалдаагаар шүүрдэж сууна. Ядаж улсын эмнэлгүүддээ яаж чанартай эм, тариа хэрэглэдэг болох вэ?

Төрийн худалдан авах ажиллагаанд эм, эмнэлгийн хэрэгсэл дээр хямдыг бус чанартайг сонгох тогтолцоо нэвтрүүлье

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг бол хүн амын эрүүл, аюулгүй амьдрах баталгааг хангах явдал. Үүнд эмийн бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал онцгой нөлөөтэй. Тиймээс одоо хэлэлцэгдэж байгаа тендерийн хуульд эм,  эмнэлгийн хэрэгсэлд хямд үнийг гол шалгуур болгохгүй чанар стандартыг сайжруулахаар ярьж байна.

УИХ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа. Өргөн баригдаад жил дөрвөн сарын нүүр үзэж байгаа энэ хуулийн төсөл хэрхэн батлагдахыг тендер төрийн худалдан авалт, төртэй хамтран төсөл арга хэмжээ хэрэгжүүлдэг бүх байгууллага анхааралтай ажиглаж байна.

УИХ тендерийн хуульд ихээхэн ач холбогдол өгч ажлын хэсэг, дэд ажлын хэсгүүд байгуулж, яам, агентлаг, ТББ-уудаас санал авч тэднээс ирүүлсэн 79 саналыг нэг бүрчлэн хэлэлцсэн. Ингэхдээ тендерийн хуульд эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтыг онцгойлон авч үзэхээр гишүүд санал нэгдсэн. Тендерийн гол шалгуур нь үнэ. Гэхдээ хямд үнийг эм эмнэлгийн хэрэгсэл дээр гол шалгуур болгож болохгүй учраас эмэнд тавигдах стандартыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Эмч нарын дунд явуулсан судалгаанд оролцогчдын 81.3 хувь нь “Эм, тарианы чанар хангалтгүй” гэсэн хариулт өгсөн бөгөөд ялангуяа сүүлийн жилүүдэд антибиотикийн үйлчилгээ сул болсныг онцолжээ.

Монгол Улс нэг төрлийн эмийг олон улс орноос импортолдог ч эмийн чанар хангалтгүй

Үндэсний эмийн бүртгэлд нарийвчилсан дүн шинжилгээ хийж үзвэл Монгол Улс 1279 нэршлийн эмийг 47 улсаас импортолж байна. Ингэхдээ нэг эмийг 1-42 хүртэл янз, хэлбэрээр оруулж ирдэг аж. Тухайлбал, ард иргэд 13 улсын 42 янзын Ципрофлоксацин буюу өргөн хүрээний үйлдэлтэй хүчтэй антибиотик, 12 улсын 39 янзын Диклофенак буюу өвчин намдаах үйлдэлтэй, ходоод гэдэсний салстыг хүчтэй цочроож шарх үүсгэх эрсдэл ихтэй эм, 12 улсын 32 янзын Флуконазол мөөгөнцрийн эсрэг эм хэрэглэж байна. Жагсаалтад хамгийн олон давтамжтай 61 нэршлийн эмийг 10-42 янз, хэлбэрээр дэлхийн 13 хүртэл улсаас авч буй нь эмийн аюулгүй байдал хангагдахгүй байгаагийн тод жишээ гэж ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгийн сайтад мэдээлжээ.

Тендерийн хуульд харьцуулах үнэ, ашиглалтын хугацааны өртөг гээд үнэтэй холбоотой шалгуур гол байр эзэлдэг. Гэхдээ эм эмнэлгийн хэрэгсэл дээр хямдыг биш чанартайг сонгох ямар тогтолцоо бүрдүүлэх вэ гэдэг дээр голлон анхаарч байна. Төрөөс эрүүл мэндийн салбарт хэрэглэгдэх бүтээгдэхүүний тендер зарлахдаа хамгийн бага үнийн санал буюу хэмнэлтийн зарчмыг мөрдөх боломжгүй. Чанартай эм худалдан авснаар иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалахаас гадна цаашлаад Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын асуудал хөндөгдөнө. Угаасаа ижил төрлийн эм атлаа бидний хэрэглэж байгаа нь яагаад чанаргүй байдаг вэ гэвэл үнэтэй холбоотой. Хямд үнэтэйг нь авч ирээд бидэнд зардаг, бид хэрэглэдэг л гэсэн үг. Ядаж эмнэлгүүдэд чанартайг нь хэрэглэдэг болгохын тулд хямд үнийг чухалчлахгүй чанарын шаардлагыг тавья гэж байгаа юм.

Дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дэмжих нь зөв. Гэхдээ эмийн хувьд тэр үйлдвэрлэгч нь GMP чанарын стандарт хангасан сертификаттай байх нь чухал. Эмийн хуулиараа GMP сертификатгүй бол болохгүй гэсэн хэрнээ энэ шаардлагыг хангаагүй үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулаад байгаа. Тэгээд үйлдвэрлэлийнхээ чанарыг сайжруулахгүй болохоор өртөг зардал нь нэмэгдэхгүй, хямдхан үнэ өгдөг. Хямдхан үнэ нь эцсийн бүтээгдэхүүний чанарыг хянах тогтолцоо байхгүй болгочихоод байна.

Хүүхдийн сан, ДЭМБ, Хүн амын сан зэрэг байгууллагуудын эм худалдан авдаг системийг худалдан авах ажиллагааны хуульдаа оруулаад эдгээр байгууллагуудын эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авдаг системээр авдаг болмоор байна. Ингэвэл үнэ боломжийн, чанартай эм авч байгаа системийг нь ашиглаад Монголын зах зээл дээр борлуулагдаж байгаа эмийн чанарт маш том эргэлт оруулах боломжтой.

Тусгай зөвшөөрөл олголог этгээд нь өөр, чанарыг нь хянадаг этгээд нь өөр болохоор энэ асуудал нэг талдаа гарахгүй байна. Бид хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад чанар болон үнэлгээний харьцуулалтаар үнэлж, эм эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмж авна гэж заасан. Үүнтэй холбогдуулаад эмийг худалдаж авдаг тендерийн бичиг баримтын жишиг тусгайлан батлаад түүнийхээ дагуу тендерийг явуулдаг. Үүн дээр GMP сертификат болон хатуу орны зохицуулалтын дагуу санал болгож байгаа орнуудын чанарыг нь үзэхэд энэ хатуу орны зохицуулалтын чанарыг хангаж байгаа эм Монголд байдаггүй. Австрали, Шинэ зеланд, Америк, Английн чанартай эмүүд ерөөсөө орж ирдэггүй. Нөгөө талд нь дотоодын үйлдвэрлэгч нь зах зээлээ барьчихсан. Маш их эсэргүүцэл үзүүлдэг. 2017 онд бид дотоодод үйлдвэрлэсэн эм эмнэлгийн хэрэгсэл, ороох боох материалыг ерөнхий гэрээнд оруулах үед эмийн үйлдвэрлэгчид маш их эсэргүүцэж байсан. Одоо бол ерөнхий гэрээнд оруулчихсан, тодорхой эм эмнэлгийн хэрэгслийг нь авч байгаа.

Монгол Улсад хэрэглэж болно гээд бүртгээд авчихаж байгаа учраас бүртгэлтэй эмийн хүрээнд тендерийн хууль үйлчилнэ. Тиймээс ЭМЯ эмээ бүртгэх стандартаа сайжруулах асуудал яригдаж байгаа. Энэ мянга гаруй бүртгэлтэй эмээс энэ хуулиар хямд үнэтэйг авахаар бол эмийн агентлаг өөрөө эмийнхээ чанарын шаардлага стандартыг чангатгавал дагаад нийт эмийн чанар сайжирна гэж үзэж байгаа.

Дотоодын үйлдвэрийн нийт 553 эмийн 267 буюу 48.3 хувь нь европ эм, 286 буюу 51.7 хувь нь уламжлалт эм байгаа нь дотоодын эм үйлдвэрлэлээ дэмжих бодлого дутмаг байгааг харуулдаг. 3391 төрлийн эмийг Монгол Улс импортолж байгаагийн дотор Европын улсууд зонхилж байна. Ямар ч тендерт хямд үнэ, хямд ажиллах хүч, хугацааны үзүүлэлтүүд голлодог. Энэ байдлыг эрүүл мэндийн салбарт халахын тулд тендерийн хуульд зарим зохицуулалт тусгаад эм эмнэлгийн хэрэгслийн стандартыг нэмэгдүүлнэ. Бидний хэрэглэдэг эм чанаргүй, дээр нь үнэтэй учраас чанартай эм авах гэж боломжтой зарим нь гадагшаа захиж авчруулдаг.

Үндэсний эмийн бүртгэлд хийсэн нарийвчилсан дүн шинжилгээ

Харин Сангийн яам “Тендер шалгаруулалт нь тухайн салбарын хууль тогтоомжийн дагуу зах зээл дээр борлуулагдаж байгаа эмүүдээс шаардлага хангасан гэж үзээд оруулж ирдгээс санал болгосноос нь бага үнийн дүнтэйг нь сонгож байгаа асуудал. Шууд хямд үнэтэйг нь авдаг асуудал байхгүй” гэж мэдэгдээд байгаа юм. Тендерийн хуулийн шинэчлэлтэй холбогдуулаад Эрүүл мэндийн яам ч эмэнд тавигдах стандарт, үйлдвэрлэх эрх, зөвшөөрөл зэрэг асуудлаа эргэж харах шаардлагатай болжээ. Өөрөөр хэлбэл, нэг талдаа эм үйлдвэрлэх зөвшөөрлийг нь өгөөд, нөгөө талдаа иргэдэд чанаргүй эм хэрэглүүлээд байна гэх асуудал бий. Тэгэхээр шинэчлэгдэж байгаа хуультай уялдуулаад стандартаа дээшлүүлээд сайн чанарын эм авдаг болбол хямд үнийн асуудал ярихааргүй болно.

Монгол Улс жилдээ 650 тэрбум төгрөгийн эм импортлодог

Монгол Улсад жилдээ 650 тэрбум төгрөгийн эм импортлогдож борлуулагддаг. Үүнээс 224 тэрбум төгрөгийн буюу 35 хувийг нь төр худалдаж авч байгаа. 65 хувь нь хувийн хэвшлийнхэн оруулж ирээд эмийн сангаар зардаг, хувийн эмнэлэг байгууллагууд хэрэглэдэг. Эм эмнэлгийн хэрэгсэл дээр хямдыг бус чанартайг сонгодог болохын тулд тендерийн хуулийн зохицуулалтаар ерөнхий зарчмаа хараад Эрүүл мэндийн яам чанарын стандартаа дээшлүүлнэ. Дагаад дотоодын эмийн үйлдвэрүүд болоод импортлогчид чанарын стандартаа сайжруулна гэж төсөөлвөл бодит ахиц гарахаар байна. Төсвийн боломждоо тааруулаад өнгөрсөн 30 жил хямд эм, вакцин авч хэрэглэсэн бол үнэхээр үндэсний аюулгүй байдлын асуудал мөн. Эртхэн засах байсан. Одоо өөрчлөлт хийгээд эм, эмнэлгийн хэрэгсэлд тавих стандарт, чанар онооны үнэлгээгээ өөрчилж, бүртгэлтэй эмийн чанар үр нөлөөг өргөн хүрээнд судлах ажил хийх шаардлагатайг мэргэжилтнүүд ярьжээ. Цаашилбал, чанартай эмийг хямдхан үнээр яаж авах вэ гэдэг тогтолцоогоо сайжруулах асуудал яригдаж байна.

Монгол Улс 2022 онд 58 улсаас 143 сая долларын эм импортлосон

Монголд 44 эм үйлдвэрлэгч, 444 эм ханган нийлүүлэгч, дотоодод 173 нэр төрлийн 851 төрлийн эм худалдаанд байна. 2022 онд 58 улсаас 143 сая ам.долларын эм импортложээ. Тендерийн хуулиар ижил төрлийн бүтээгдэхүүнээс дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг түлхүү худалдан авах зарчим үйлчилнэ. Тэгэхээр эмийн хувьд дотоодын үйлдвэрлэгчдэд GMP өндөр стандарт тавина. Хямд үнэтэй чанар муутай эмийг эмнэлгүүдийн хэрэглээнээс шахна. Товчхондоо эм эмнэлгийн хэрэгсэлийн чанарын стандарт дээшилснээр дотоодын үйлдвэрийн болон импортын эм тарианы чанарын хэмжүүр чангарна. Ямартай ч тендерийн хуульд эм, эмийн хэрэгсэлтэй холбоотой онцгойлсон заалт орно. Одоогоор хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой зарим онцгой эм, эмнэлгийн хэрэгсэл, яаралтай дархлаажуулалтад шаардагдах вакциныг үйлдвэрлэгчээс эсхүл олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдан авах шаардлагатай бол нэг эх үүсвэрээс худалдан авах аргыг хэрэглэж болно зэрэг зохицуулалтуудыг оруулаад хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үед УИХ-ын гишүүд эм, эмнэлгийн хэрэгсэлийг худалдан авах шалгуурт 70 хувийн чанар, 30 хувийн үнийг харьцуулан харах хуулийн төслийн өөрчлөлтийг хангуулж ажиллах ёстой гэсэн саналыг дэвшүүлсэн. Мөн чанар ба үнийн хосолмол байдлаар эм худалдах авахыг сонгоно гэжээ. Эмийн чанарыг эрэмбэлж гаргах стандартыг гаргах, эдгээх чадваргүй, чанаргүй эмнээс болж эмнэлгийн ачаалал нэмэгдэж байгааг анхаарч, “чанар”, “үнэ” гэсэн хосолмол байдлаар худалдан авалт хийх саналууд дэмжигчдсэн. Ямартай ч Монголын төр эмийн чанар, үнийн асуудлыг эргэж харлаа. Бодитой өөрчлөлт хийгдэж ядаж улсын эмнэлгүүддээ төрийн худалдан авалтаар хямдыг бус чанартайг хэрэглэдэг болгож, эмийн чанарын стандартыг нэмэгдүүлвэл дагаад импортын болон дотоодын үйлдвэрийн эмийн чанар сайжирна гэж олон нийт горьдон харж байна. Эцсийн бүлэгт үеийн үед эрүүл мэндийн салбарынхны төрийн худалдан авалтаар дамжуулж мөнгө олдог арга хэрэгсэл болсон эмийн худалдааг мөнгөний төлөө биш хүний төлөө болгохын тулд зохицуулалтыг чангалах нь зөв юм.