Италийн аялал жуулчлалын төв болсон Венец хотын завин аяллаараа алдартай Гранд Каналын ус гэрэлтдэг фосфорын ногоон өнгөтэй болжээ. Венецийн оршин суугчид өглөө сэрээд сувгийн ус ногоон болсныг хараад ихэд цочирдсон байна. Орон нутгийн эрх баригчид уснаас дээж авч, нэн даруй мөрдөн шалгах ажлыг эхлүүлжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд эсэргүүцлээ илэрхийлэн жагссан хүрээлэн буй орчныг хамгаалагчид олны анхаарлыг татахын тулд усанд будагч бодис хийсэн байж магадгүй гэж сэжиглэсэн байна. Тиймээс уснаас дээж авч шинжлэхээс гадна хяналтын камерын бичлэгийг шалгахаар болжээ. Гранд Каналын ус өнгөө хувиргасан тохиолдол өмнө 1968 онд тохиож байсан юм. Аргентин улсын уран бүтээлч Николас Гарсиа Урибуру сувгийн усыг фосфорын ногоон өнгөтэй будгаар өнгө оруулж, хүн ба байгалийн харилцаа холбоо болоод экологийн асуудалд нийтийн анхаарлыг татахыг оролдож байжээ.