Турк улсын Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны санал хураалт өнөөдөр болж байна. Учир нь тавдугаар сарын 14-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтад нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын саналыг авч чадаагүй юм. Орон даяар санал авах байрууд орон нутгийн цагаар өглөөний 08:00 цагт нээгдэж, оройны 17:00 цагт хаагдана. Энэ удаагийн сонгуульд 60 сая гаруй сонгогч санал өгөх эрхтэй бөгөөд 4.9 сая сонгогч анх удаагаа саналаа өгөх аж. Улсын хэмжээнд 192 мянга орчим саналын хайрцаг байрлуулсан байна.

Сонгуулийн хоёр дахь шатанд Туркийн одоогийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, сөрөг хүчний Бүгд найрамдах ардын намын дарга Кемал Кылычдароглу нар өрсөлдөнө. Эхний шатанд Р.Эрдоган 49.51 хувь, К.Кылычдароглу 44.88 хувийн санал тус тус авсан билээ. Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдоган бямба гарагт ард иргэддээ хандан сонгуульд идэвхтэй оролцохыг уриалжээ. Тэрээр өөрийн Твиттер хуудастаа “Маргааш Туркийн агуу ялалтын төлөө саналаа өгцгөөе” хэмээн жиргэсэн байна.