“Яг түүн шиг” шоуны 6 дахь улирлын хоёр дахь дугаар өчигдөр үзэгчдэд хүрч, цэнхэр дэлгэцийн өмнө үзэгчдийг уясан билээ. Гайхалтай үзүүлбэрээр дүүрэн энэхүү дугаарын ялагчаар “UG palace”-ын тайзнаа рэппер МС Hammer-ыг “утгаар” нь авчирсан Монгол Улсын гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан тодорсон юм.

МС Hammer-ыг тайзнаа “авчирч”хоёр дахь дугаарын ялагч боллоо,баяр хүргэе. Түүнийг дуурайхад сонсож өссөн тань нөлөөлсөн болов уу?
Баярлалаа. Би МС Hammer-ыг ид гарч ирж байх үед буюу 1990-ээд оны төгсгөлд оюутан байлаа. Монголд хип хоп урсгал дөнгөж орж ирж байсан үе болохоор маш их сонсдог байсан. Үеийнхний маань залуу насны сайхан дурсамж сэргэж, сэтгэл нь догдолсон болов уу гэж найдаж байна.
Энэ дугаарын ялагч болоход таны бүжгийн үзүүлбэр үнэхээр онцгой байсныг онцолмоор байна. Та бүжгийг хэзээнээс сонирхлоо болгосон бэ?
Залуу байхад хүн бүхэн ямар нэг зүйл сонирхдог шүү дээ. Хөгжим, дуу, бүжиг гээд янз бүр. Миний хувьд бүжгийн урлагт илүү дуртай байсан.Биднийг оюутан байхад “break dance”гэх шинэ урсгал гарч ирж, залуучууд бүгд л түүн рүү хошуурч байлаа шүүдээ.
Та энэ дугаарт өөрийгөө ялагч болно гэж төсөөлж байсан уу?
Огт тэгж бодоогүй. Тухайн үеийн 20 гаруй настай залуугийн дүрд хувирснаас гадна үглэлт болон бүжиг нь маш хурдтай байсан. Бэлтгэлийн үеэр бага зэрэг сэтгэлээр унасан ч нэгэнт л шоундаа орж байгаа учраас их хичээж зүтгэсэн дээ. Хөлс их дуссан учраас үр дүнд хүрсэн юм болов уу.
“Боловсрол” телевизийн продюсеруудын зүгээс нэгэн сонирхолтой мэдээлэл өгсөн нь таныг шоунд оролцохын тулд 13 кг хассан тухай байсан. Хэр хугацаанд ийм жинг хассан бэ?
Намайг жин хасах зорилгоор спортоор хичээллэж байхад шоунд оролцох урилга ирсэн юм. Жин ихтэй хүн өөр дүрд хувирах гээд хичээсэн ч сайн болдоггүй учраас бүр илүү эрчимтэйгээр үргэлжлүүлсэн дээ.
Шоуны урилгыг хүлээж авсны дараа энэ хүн таараасай, түүнийг л дуурайх юмсан гэсэн уран бүтээлч танд байсан уу?
Ний нуугүй хэлэхэд үнэхээр байгаагүй. Эмэгтэй хүн болон хүчирхэг хоолойтой, сайн дуулдаг дуучин битгий таараасай л гэж бодож байна.
Анхны дугаарт таныг хамгийн ихгайхшруулсан үзүүлбэр юу байсан бэ?
Манай шоуны оролцогчид бүгдээрээ их мундаг, би гайхаж бишрээд л сууж байдаг юм. Гэхдээ сэтгэлд хамгийн их үлдсэн нь гэвэл Б.Оргилын Монгол Улсын Ардын жүжигчин С.Батсүхийг дуурайсан үзүүлбэр байлаа.Тийм адилхан дуулна гэж байх уу гэж бодоод үнэхээр алмайрсан. Б.Баяржавхлангийн маань үзүүлбэр ч гэсэн үнэхээр гоё байсан.
“Би энэ амьдралд их олон юм үзсэн. Гэхдээ үүнээс илүү хүнд нь байсангүй” гэж та анхны дугаарын үеэр хэлсэн. “Яг түүн шиг” шоуны сорилт амаргүй байна уу?
Би жүжигт тоглохоор болоход эхний хоёр тоглолтын дараа сандрал, айдас гайгүй болдог бол энэ шоунд тийм байх боломжгүй. Дугаар бүрд өөр хүний дүрд хувирах нь уран бүтээлчдийг маш ихээр сорьдог. Амаргүй долоо хоногуудыг туулж буй ч уран бүтээлчийнхээ хувьд хөгжиж, их зүйлд суралцаж байгаа.
Анх танд шоунд оролцох санал тавихад хэрхэн хүлээн авсан бэ?
Шоуны урилга ирсний дараа гэр бүлийнхэндээ хэлэхэд охид маань оролцоод үзэхийг зөвлөж, аавдаа зориг хүч ихээр өгсөн. Хоёрт, дуулж чадах үгүйдээ эргэлзсэн ч “Өөрийгөө хөгширсөн гэж битгий бодоорой”, “Амьдралд идэвхтэй байж өөрийгөө битгий зөнд нь хаяарай”, “Хүч чадал нөөц, бололцоо бий шүү” гэсэн эерэг мессежийг үеийнхэндээ өгөхийг үнэхээр их хүссэн учраас энэ шоунд оролцохоор шийдсэн дээ.
Та “Боловсрол” телевиз, “Хүлэгү пикчерс”-ийн хамт олонтой хэзээнээс хамтарч ажиллаж байгаа вэ. Шоуны урилгыг хүлээн авахад урьд өмнөх хамтын ажиллагаа их нөлөөлсөн үү?
Нөлөөлөлгүй яахав. 3-4 контентод хамтарч ажилласан “Маск” продакшн, “Хүлэгү пикчерс”-ийн түүх их эртнээс эхтэй бол “Боловсрол” телевизийнхэнтэй ч бас он удаан жил хамтын ажиллагаатай байгаа.
Охидын зүгээс аавдаа зөвлөгөө өгч байна уу?
Хоёр том охин надад ер олддоггүй болохоор бага охиндоо л шалгуулдаг. “Аавынх нь дуудлага ямар байна?” гэхээр хөөрхий минь “Зүгээр зүгээр. Болж байна” гэж аавынхаа сэтгэлийг засдаг юм. Миний англи хэлний дуудлага яаж л “зүгээр” байх вэ дээ.(инээв)
"Яг түүн шиг" шоуны багийхнаас яагаад таныг сонгосон талаар тодруулахад “Заанаа ах өөртэйгөө маш сайн ажиллаж чаддаг уран бүтээлч” гэж онцолж байсан. Таны хувьд шоуны хамгийн ахмад нь. Хамт оролцож буй уран бүтээлчдэдээ ямар үлгэр дуурайлал үзүүлэхийг хүсэж байна вэ?
Хэдийгээр өрсөлдөж байгаа ч гэсэн ах хүний хувиар нөлөөллийн хувьд эерэг байж, уур амьсгалыг зөөлөн байлгах, залуучууддаа өөрийн чадах зүйлээ зөвлөх юмсан л гэж бодож байна.
Нөгөө талаар хамт оролцож буй залуучуудаасаа юунд суралцаж байна вэ?
Би маш их зүйлд суралцаж байгаа. Энэ хоёр дахь дугаарт гэхэд Mrs M дүү маань маш их зөвлөгөө өгч, тусалж ажилласан.
“Яг түүн шиг” шоуны арын албанд их олон уран бүтээлч ажиллаж байгааг ерөнхий продюсер хэлсэн. Энэ багийн тухайд хамтарч ажиллахад ямар нэгэн хүндрэл байдаг уу?
Миний хувьд “Яг түүн шиг” шоуг энтертайнмент чиглэлд нэг номерын шоу гэж нэрлэнэ. Яагаад гэвэл энэ багийн хувьд ажилдаа сэтгэл зүрхээ зориулж, эзэн нь болж, маш чадварлагаар ажилладаг. П.Эрдэнэзаан гэдэг хүнийг тайзан дээр гаргахын тулд ямар олон залуучууд сэтгэл зүрхээ гаргаж ажиллаж байгаа гэж санана. Тийм учраас би ч гэсэн тэр хүмүүсийн хөдөлмөрийг үнэлж, хичээж ажиллах ёстой гэж боддог. “Яг түүн шиг” шоуныхаа баг бүрэлдэхүүнд хандаж хэлэхэд “Та нар үнэхээр мундаг шүү. Бахархалтай сайхан ажиллаж байгаа, баяр хүргэе” гэж хэлмээр байна. Миний хувьд энэ шоунд жаргаж оролцож, залуучуудтайгаа маш гоё хамтарч ажиллан, эрч хүчийг авч байна. Амьдралд маань тохиолдож байгаа бас нэгэн гоё, сонирхолтой энэ үйл явдлыг хүүхдүүд маань дараа эргээд харахад сайхан шүү дээ.
Нүүр хувиргалтын багт ОХУ-ын шилдэг уран бүтээлчид ажиллаж байгаа. Энэ баг дэлхийн олон оронд уригдаж ажилладаг туршлагатай баг ч гэсэн үзэгчдийн зүгээс зарим оролцогчийн нүүр хувиргалт дээр “тааруу” дүн тавьж байна. Таны хувьд үүнтэй санал нийлэх үү?
Будалтыг маш гоё хийж, мундаг ажиллаж байгаа гэж би хэлнэ. Миний хувьд өөлөх зүйл байхгүй.
“Яг түүн шиг” шоу уран бүтээлчдийг “өөрөөр” таниулах буюу тухайн хүнээс юу гарч болох вэ гэдгийг үзэгчдэд нээж өгдөг. Магадгүй энэ үнэ цэн нь тан дээр илүү тодорч байх шиг санагдаж байна?
Намайг дуулж байгааг сонсоод үзэгчид болон шүүгч нар их гайхаж хүлээж авсан. Өөрийгөө бас нэгэн өөр өнцгөөс үзэгчдэд харуулж байгаадаа баяртай байгаа.
Таныг дэмжиж байгаа үзэгчдэд хандаж юуг хэлэх вэ?
Маш их урам, итгэл, хайр хүндлэлийг та бүхнээсээ авч байна. Энэ бүхнийг алдалгүйгээр улам илүү хичээнэ.Та бүхэнд гоё зүйл үзүүлж, хайр хүндлэлийг нь хариулна аа.
