Дэлхийн алдарт брэнд “Адидас”-ын бэлгэ тэмдэг болсон урт, шулуун зураас бүхий гуталтай археологийн олдвор монголын нутгаас олдсон талаар олон улсын агентлагууд онцолсоор байгаа юм.

Тодруулбал, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт Үзүүр Гялангийн хадны оршуулгыг тус аймгийн музейн хээрийн судалгааны баг өнгөрсөн аравдугаар сард орон нутгийн иргэдийн мэдээллийн дагуу бүртгэн баримтжуулж ажилласан байдаг.

Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт Үзүүр Гялангийн хадны оршуулгыг тус аймгийн музейн хээрийн судалгааны баг өнгөрсөн аравдугаар сард орон нутгийн иргэдийн мэдээллийн дагуу бүртгэн баримтжуулж ажилласан

Уг хадны оршуулгаас эмээл, хазаар, шавар ваар, модон аяга, дөрвөн янзын дээл, эсгийнд боосон хатмал шарил, олбог, өөр дээрээс нь хөл сийлэн гаргасан модон аяга, тэвш, төмөр тогоо, бүтэн морь, зүлдлэн авсан дөрвөн шийр, хонины улаан хоолой багалзуур бүхий толгойтой бүтэн арьс, эсгий богцонд хонины ууц, ямааны годонгийн яс, аяганы ширэн уут, эсгий богц олдсоныг гэрэл зургийн хамт дэлгэсэн юм.

Одоогоор эд өлгийн зүйлсийг бүртгэх, цэвэрлэх, бэхжүүлэх, сэргээн засварлах ажлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа Соёлын өвийн төвийн Сэргээн засварлах лабораторид хийж байгаа аж. Албаныхны хэлж буйгаар олдворыг сэргээн засварлах ажлыг ирэх оны 1-2 сар хүртэл хийх юм байна. Учир нь олдвор дунд байгаа боодолтой эд зүйлийг рентгенээр харахаас эхлээд нарийн шинжлэх шаардлагатай байгаа гэнэ. Эхний ээлжид рентген зургийн ажлыг энэ долоо хоногт дуусгах даалгаврыг БСШУЯ-наас өгчээ.