Хүний эрхийн үндэсний комиссын 22 дахь илтгэл өнгөрсөн сараас нийтийн хүртээл болж эхэлсэн. “Хүний эрхийн үндэсний комиссын илтгэл” хэмээн нэрлэж, ярьдаг ч албан ёсны нэршил нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл юм. 22 дахь удагаа бэлтгэн хүргэж буй энэ удаагийн нийтлэлд халдашгүй чөлөөтэй байх эрх, төрийн тусгай болон төрийн үйлчилгээний албан хаагчдын хөдөлмөрлөх эрх, дотуур байран дахь хүүхдийн эрх хамгаалал, ахмад настны эрх, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, улс төрийн хүрээн дэх жендэрийн ялгаварлан гадуурхалт, эмэгтэйчүүдийн оролцоо зэрэг долоон бүлэг сэдвийн хүрээнд 43 саналыг боловсруулсан юм. Энэ дундаас Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзулын бэлтгэсэн “Ахмад настны эрхийн хэрэгжилт” бүлгийн асуудлыг онцлон хүргэе.
28 жилийн дараа ахмадууд хоёр дахин их болно
Үндэсний статисикийн хорооноос гаргасан мэдээллээр 2021 онд Монгол Улсад 344766 ахмад настан бүртгэгдсэн бөгөөд үүний 106129 нь эрэгтэй, 238637 нь эмэгтэй байгаа юм. 153724 нь нийслэл хотод буй бол 191042 нь хөдөө орон нутагт амьдарч буй юм. Тэтгэврийн насны хүн ам 2020 онд хүн амын 9.85 хувийг эзэлж байсан бол насжилт нэмэгдэж буй дэлхийн жишгээр манай улсын ахмадын тоо 2030 онд 13.37, 2050 онд 19.42 хувь болж эрчимтэй өсөх хандлагатай байгаа юм.
Таван ахмад тутмын нэг нь ялгаварлан гадуурхалтад өртөж байна
Хүний эрхийн үндэсний комиссоос 500 ахмадын дунд судалгаа явуулахад судалгаанд оролцогч таван ахмад тутмын нэг ялгаварлан гадуурхалтад өртсөн хэмээн хариулжээ. Хөдөлмөрийн харилцаанд ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртөх явдал цөөнгүй байгаа бөгөөд хүйс, намын харьяалал, гишүүнчлэлээс хамаарч гадуурхагдаж байгаа юм.
Үүнээс гадна ахмадууд нийгмээс ирэх хүндлэлд тэн хагас нь сэтгэл ханамжгүй байна. Шалтгаан нь тэднийг тэтгэврийн хүн ажиллах ёсгүй, чадваргүй, асрамж, халамж хүсэгчид, залуу хүмүүст зайгаа тавьж өгөх ёстой, үеэ өнгөрөөсөн, хуучны хүн, хоцрогдсон гэх хандлагуудтай холбоотой юм.
Хүчирхийлэлд өртөх нь 34.8 хувиар нэмэгдэв
Энэхүү тайланд сэтгэл сэртхийлгэм нэг тоо буй нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас зөрчлийн гэмт хэрэгт хохирсон ахмад настны тоо 2021 онд 632 байсан бол 2022 онд 968 буюу 34.8 хувиар нэмэгдсэн байна.
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд 2020-2022 оны хооронд нийт 8092 хүн хандаж зөвлөгөө үйлчилгээ авсны 690 нь ахмад настан байгаа нь зайлшгүй анхаарал татаж буй юм. Хүчирхийллийг хэлбэрээр нь авч үзвэл сэтгэл санааны хүчирхийлэл 64 хувь, бие махбодын хүчирхийлэл 47 хувь, эдийн засгийн хүчирхийлэл 36 хувь, үл хайхрагдах байдал 21 хувь, бэлгийн хүчирхийлэл 0.1 хувийг эзэлж байна. Комиссын судалгаанд оролцогч ахмадуудын зөвхөн 27.5 хувь нь цагдаа, хороо, хэсгийн ахлагч, нийгмийн ажилтанд мэдэгдсэн бол 72.5 хувь огт мэдээлээгүй хэмээжээ.
Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эрчүүд “хаачих нь” тодорхойгүйг энэхүү сэдэвт хөнджээ. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд хамгаалах байрт хамгаалуулах эрхтэй ч эрчүүдэд харин энэ боломж алга. Тиймээс хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийг төрөлжүүлэх шаардлагатайг анхааруулжээ.
Ахмад настуудын эрүүл мэнд “ноцтой” түвшинг зааж байна
Геронтологийн үндэсний төвийн 2022 оны мэдээгээр зүрх судасны өвлөл өмнөх оноос 1.9 дахин, хоол боловсруулах эрхтний өвчлөл 2 дахин, шээс бэлгийн замын өвчлөл 1.8 дахин, яс булчингийн өвчлөл хоёр дахин, сэтгэцийн өвчлөл 1.5 дахин тус тус өссөн байна.
Харин Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээллээр 2020-2022 онд осол гэмтэлд өртөж эмнэлгийн тусламж авсан ахмад настны 62.7 хувь нь унаж гэмтсэн байна. Хүндээ ээлгүй нийгмийн горыг тэд ийнхүү харуулна.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж хангалтгүйг нотлох нэгэн тоо энэ судалгаанд дурдагдсан. Тодруулбал, нийслэл болон орон нутгийн хэмжээнд гериатр эмчийн хүний нөөцийн хүртээмж дунджаар 44.5 хувь, ахмадын кабинетын хүрэлцээ 53.5 хувьтай байгаа юм. Ийм нөхцөлд ахмадуудад чанартай эрүүл мэндийн үйлчилгээг олгох тухай яриад ч хэрэггүй юм. Улсдаа ганц Геронтологийн үндэсний төвийн шинэ барилгын чимээ ч алга байна.
Насжилт хурдацтай нэмэгдэнэ гэдгийг нийтлэлийн эхэнд өгүүлсэн. Тэгвэл насжилт нэмэгдэхийн хэрээр урган гарах нэг асуудал нь урт хугацааны тусламж үйлчилгээний төвүүд юм. Гэвч манайд суурь бүтэц нь ч алга.
Одоогоор урт хугацааны халамж үйлчилгээ шаардлагатай настнуудыг үр хүүхдүүд нь гэрээр асрамжилж, харин эмзэг бүлгийн харах, асрах хүнгүй настнуудыг харж хандах асрамжийн газар улсын хэмжээнд дөрөв л байна.
Тиймээс Засгийн газраас урт хугацааны тусламж үйлчилгээний нэгдсэн, цогц тогтолцоог бүрдүүлэх зорилтоо эрчимжүүлж асаргааны даатгалын хууль эрх зүйн орчныг нэн тэргүүнд бий болгох хэрэгтэйг ийнхүү зөвлөжээ. Мөн Геронтологийн үндэсний төвийн /Ахмадын эмнэлэг/ 60 ортой цогцолбор шинэ эмнэлгийн барилгын асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг сануулсан байна.
73.49 хувь нь хамгийн доод тэтгэвэр авч, зургаан ахмад тутмын нэг нь ядуу
Өндөр насны тэтгэвэр нь амьжиргааны наад захын хэрэгцээг хангаж чадахгүйгээс ахмадууд тэтгэврийн хэмжээндээ “гундуухан” явна.
Улсын хэмжээнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар 333046 ахмад настан байгаагаас 244763 ахмад настан буюу 73.49 хувь нь тэтгэврийн доод хэмжээ болох 500 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Гэвч судалгаанд оролцогчдын 57.7 хувь нь өрхийн орлогын гол эх үүсвэр нь тэтгэвэр, тэтгэмж болохыг өгүүлжээ.
2014 оноос өнөөдрийг хүртэл 9 жилийн хугацаанд цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тухай шийдвэр гаргаагүй байна. Энэ үеэс хойш инфляц (хэрэглээний үнийн улсын индекс) 2,8 функтээр өсөж, цалингийн доод хэмжээ 192 мянган төгрөг байсан бол 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 550 мянган төгрөг болсон нь одоогийн цалингийн доод хэмжээтэй харьцуулахад 2.8 дахин бага байна. Тиймээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг инфляцтай уялдуулах, шинэчлэн тогтоохыг зөвлөжээ.
Үүнээс гадна Монгол Улсын хувьд нийт ахмадуудын 16.7 хувь буюу 28.2 мянган ахмад настан амьжиргааны баталгаажих түшингээс доогуур орлоготой амьдарч байна. Зургаан хүн тутмын нэг нь гэсэн үг. Үүнээс гадна 3963 ахмад настан ганц бие, харж хандах үр хүүхэдгүй аж төрөн суугаа 7815 нь хөгжлийн бэрхшээлтэй, 18.4 мянга нь бусдын байнгын асрамжид байна.
Хөдөлмөрлөмөөр байвч

Тэтгэвэрт гарсан ахмадуудын 67.5 хувь нь буюу 180 мянган хүн ямар нэг ажил, хөдөлмөр эрхлэх хүсэлтэй. Гэхдээ тэднийг тоох газар үгүй. Тоосон нэгэн нь харин ажилласан хэмжээнээс бага цалин олгож, нийтийг хамарсан баяр ёслолоор ажиллуулан, ЭМД, НД-ын шимтгэл төлөхөөс зайлсхийдэг гэнэ. Бас ээлжийн амралт өгөлгүй, ажлын бус цагаар дуудан, гэрээнд заагаагүй ажил гүйцэтгүүлдэг хэмээжээ.
Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмад настныг бүртгэж, мэдээллийн сан бүрдүүлэх үүргийг уг нь аймаг, сум, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, ажилтан гүйцэтгэхээр заасан. Гэвч бодит амьдралд хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмад настныг хөдөлмөрийн зах зээлд зуучилж байгаа бүртгэл судалгаа алга.
Одоогоор 38.5 мянга нь ажил хийж, тэднээс 9000 нь байнгын ажлын байранд хөдөлмөр эрхэлж байгаа нь тийм ч хангалттай биш үзүүлэлт. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр хөдөлмөр эрхэлж буй ахмадуудын 28.0 хувь нь хувиараа, 27.8 хувь нь өрхийн аж ахуй эрхэлдэг, 19.2 хувь нь цалин хөлстэй, 7.3 хувь нь байнгын цалин хөлстэй, 11.9 хувь нь түр болон тохиолдлын шинжтэй ажил хийдэг гэжээ.
Монголын минь ахмадуудын 64 хувь нь сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж, нийгмийн хүндлэлдээ тал нь сэтгэл дундуур, эрүүл мэндийнх нь түвшин SOS түвшинг зааж, орчны ээлгүйн гайгаар бэртэж, гэмтэж, гэрээсээ гарахаасаа халган, 10 хүн тутмын найм нь хамгийн доод тэтгэвэр авч байна. Бас зургаан ахмад тутмын нэг нь ядуу буюу амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой амьдарч буй ч долоон ахмад тутмын нэг нь ажиллах хүсэлтэй. Даанч тоох нь үгүй. Жилээс жилд өсөн нэмэгдэх ахмадуудаа иймэрхүү төрхтэй л угтах нь. Улсдаа ганц төрөлжсөн эмнэлэг нь ядаж ашиглалтад ороосой.