“Гранд мед” эмнэлэгт мэс засал хийлгэхээр ирсэн эмэгтэй мэс заслын өмнөх норкозоо даалгүй амиа алджээ. Талийгаач бүсгүй О 27 настай бөгөөд Швед улсаас эх орондоо ирээд удаагүй байсан бөгөөд хөл нь өвдөж тус эмнэлгийг зорьсон ч энэ сарын 18-ны өдөр амиа алдсан байна.
Энэ талаар талийгаачийн хамаатантай холбогдож, тодруулахад "Талийгаач Швед улсад ажиллаж амьдарч байгаад Монголдоо ирсэн юм. Тэгээд нуруугаар хатгаж, хөл нь өвдөөд Монголын сайн эмнэлгүүдийн нэг гэж “Гранд мед”-эд хандсан. Ингээд эмнэлгийн зүгээс нурууны диск өвчтэй байна гэж оношлоод хагалгаа хийхээр болсон. Талийгаач мэс засалд орохынхоо өмнө ээжтэйгээ хамт хономоор байна гэхэд сувилагч нь зөвшөөрөөгүй. Маргааш нь мэс заслын өмнөх норкозонд буюу мэдээ алдуулах эм тариаг хийсэн. Гэтэл зүрх нь зогсчихлоо гээд эмч нь гараад ирсэн. Тэгснээ удалгүй тоног төхөөрөмжөөр зүрхийг нь амилууллаа гэсэн юм.
Хамгийн харамсалтай нь мэс засалдаа ч орж амжилгүй, норкозоо хийлгэж, нойрсуулах эмийг нь уусны дараа зүрх нь зогсч нас барчихсан.
Тухайн үед нэг удаа зүрхний ажиллагаа нь явагдаж эхэлсэн. Бид жаахан тайвшраад байж байтал 12 цагийн үед зүрхний эмчийг дууд гээд сандралдаж эхэлсэн. Бид ч зүрхний эмчээ дуудаач ээ гэж шаардтал “Гранд мед” эмнэлэгт зүрхний эмч байгаагүй. Нэгдүгээр эмнэлгээс зөвлөх эмч дуудна гээд бараг хоёр цаг болсон. Бас норкозны эмч нь 30 минутын дараа ирсэн. Хамгийн харамсалтай нь мэс засалдаа ч орж амжилгүй, норкозоо хийлгэж, нойрсуулах эмийг нь уусны дараа зүрх нь зогсч нас барчихсан" гэв.
Мөн тухайн үед талийгаачийн ар гэрийнхэн ямар эм, тариа хэрэглэснийг шаардахад "Гранд Мед" эмнэлгийнхэн үзүүлээгүй аж. Мөн эмнэлгийн зүгээс нурууны диск суулттай байна гэсэн онош тавиад хөнгөн мэс ажилбар учраас 92 хувийн баталгаа өгнө, асуудалгүй гэж хэлсэн байна.
-Ямар ч суурь өвчин байхгүй эрүүл саруул хоёр хөл дээрээ явж байсан хүүхэд шүү дээ-

Мөн энэ талаар талийгаачийн ээж нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагын үеэр хэлэхдээ “Охин минь тавдугаар сарын 17-ны өдөр 9 цагт мэс засалд ороод тэр чигээрээ гарч ирээгүй. Бидэнд 11:00 цагийн үед амьсгал хураасан гэж хэлсэн. Ямар ч суурь өвчин байхгүй эрүүл саруул хоёр хөл дээрээ явж байсан хүүхэд шүү дээ. Бид үнэндээ энэ эмнэлгийг 100 хувийн баталгаатай олон улсын сертификаттай гээд итгэж үйлчлүүлсэн. Тэрнээс биш өөр олон эмнэлгүүд байгаа. Бид охиноо алуулах гэж энэ эмнэлэгт үйлчлүүлээгүй. Одоо албан ёсоор шүүхийн шинжилгээний дүгнэлт гарсны дараа бүх зүйл тодорхой болох байх. Эмч нар “Бид мэс засал хийгээгүй өвчтөн нойрсуулах эмнээс реакц өгч ямар нэгэн байдлаар өвчтөний зүрх зогсч, уушги ажиллагаагүй болсон” гэж хэлсэн. Өмнө нь болохоор мэс засал дууссан төлбөр мөнгөө тушаа гэснээс өөр өвчтөний биеийн байдлын талаар ямар нэгэн зүйл урьдчилж хэлээгүй. Бид цагдаад гомдол гаргасан. Бас талийгаачид шинжилгээ хийж байгаа. Шүүх шинжилгээний хариу гарахаар бүх зүйл тодорхой болох болов уу. Бид хүлээж байна” хэмээн ярьжээ.
Талийгаачийн хувьд бага насны хоёр хүүхэдтэй юм байна. Одоо энэ хэрэг дээр Шүүх эмнэлэг, цагдаагийн газар, шинжээч нарын бүрэлдэхүүн ажиллаж байгаа аж.