Монголын тал нутагт л заяасан сод хүмүүн Б.Шаравын суут бүтээлүүдтэй та хаа нэгтэй таардаг л байх. Автобус, радио, телевиз, концерт, кафе гээд...
Түүний тансаг бүтээл хаа нэгтэй сонор, сэтгэлийг минь мялааж л байдаг. Эгшиглэсэн бүхнийхээ төлөө төлбөр хүртдэг байсансан бол тэр лав есөн үеэрээ үрээд барахгүй хөрөнгийг хураах байсан байж мэднэ. Харин даанч тэр Монголд л мэндэлжээ. Монголоо л онож төрж. Бүтээл бүхнийх нь эх ундарга болсон Монголдоо тэр хайртай байснаа үргэлж хэлдэг байлаа. Гэхдээ түүний нот бүрийг нь хайрладаг байсан оронд байсан бол тэр яах байсан бол. Баярлах байсан болов уу. Хөрсөнд эгшсэн болохоор өмнөөс нь хэлж мэдэхгүй юм. Гэхдээ л тэр дургүйлхэхгүй л байсан байх.

Монгол хүн, монголчуудынхаа оюуны бүтээлийг үнэлж, хүндэлдэг болсон тэр цагт л сайн кино, даацтай бүтээлүүд төрөх хөрс бүрэлдэнэ.
Уяраасан хөг аялгуу, урласан үг бүрийнхээ төлөө шагнал хүртдэг Монгол орон болохын төлөө бид сүүлийн олон жил мөн ч их ярилаа. Даанч энэ нь бүтлээ олохгүй, уран бүтээлчид нь гундуухан, гудиггүй явж хорвоогоос буцсаар. Чадалтай нэгнийх нь үрс, хань, анд нөхөд нь уран бүтээлийг нь үргэлжлүүлэх юм. Чадалгүй нэг нь огтоос бүтээгээгүй, туурвиагүй, амьдралаа зориулан эгшээгүй юм шиг бүтээсэн бүхэнтэйгээ хорвоогоос буцчих юм. Яалтай вэ... Дэлхий дахинд 1800-аад оны сүүлээр зохиолчдын бүтээл эдийн засгийн эргэлтэд орж эхэлсэн түүхтэй. Гэтэл бид XXI зууны 23 онд ийнхүү аж төрөн сууна. Харин дэлхийн хүмүүс XXI зуунд хэрхэн аж төрж байна вэ.
29 настай залуугийн “өнгөрсөн” бүтээл 200 сая ам.доллар
Хүүхэд наснаасаа дэлхийн хэмжээнд танигдсан Канадын нэрт дуучин Жастин Бибер 2021 оны арванхоёрдугаар сарын 31- нээс өмнө гаргасан бүх уран бүтээлийнхээ эзэмших эрхийг саяхан 200 сая ам.доллароор “Hipgnosis Songs Capital” компанид худалдсан юм. Ингэснээр Жастин Биберийн хит болсон “Baby”, “Sorry” зэрэг дуунууд нь багтсан 290 орчим уран бүтээлийн эрхийг тус компани эзэмшихээр болжээ. Нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай “Hipgnosis Songs Capital” нь санхүүгийн томоохон корпорац “Blackstone” болон Британийн “Hipgnosis Song Management”-ийн хамтран байгуулсан хөгжмийн менежментийн компани юм. Хөгжмийн уран бүтээлийг хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн болгож буй тус компани алдартай дуучдын хит дуунууд алт, газрын тосноос ч илүү үнэ цэнэтэй гэж үздэг. Жастин Биберийн уран бүтээлийн эрхийг худалдан авснаар дуунууд нь олон нийтийн өмнө тоглогдох бүрд тус компани төлбөр авах юм. Дэлхий ингэж л эргэж байна.
Монголын одоо байгаа царай
Гэтэл бидний одоо байгаа царай ямар байна вэ. Бүтээн туурвигчдын эрхийг хамгаалах чиглэлээр арай идэвхтэй, салбартаа танигдсан хоёр байгууллагаар жишээ авъя.
Эхнийх нь Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв. Тэргүүн нь “Сүнс” хамтлагаар овоглодог продюсер Б.Лхагвасүрэн. 2008 оноос хойш уг холбоог тэргүүлж буй бөгөөд 15 жилийн турш тэргүүнээр нь ажиллаж буй. Өөрсдийгөө энэ хугацаанд эрийн цээнд хүрсэн гэж тодорхойлдог ч бүтээгчдийн бүтээлээ эргэлтэд оруулсан дорвитой ажил хийснийг үзсэнгүй. Уран бүтээлчдийн караокед эгшиглэсэн хэдэн дууг ядаж багахан хэмжээний төлбөртэй болгосонсон бол тэд маань овоо хэдэн клип хийлгэх мөнгөтэй, гайхуулах хэдэн уран бүтээлтэй, амаа олохгүй тэднийг магтан дуулах байлаа. Дараагийнх нь Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг (Mongolian Society of Composers, Authors & Publishers) MOSCAP. Байгууллагаа “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай” хуулийн 27-р зүйлийн дагуу 2011 онд байгуулагдсан, хөгжмийн үгтэй болон үггүй бүтээлийн эрх эзэмшигчийн бүтээл ашиглах онцгой эрхийг хамгаалдаг Монголын Улсын хамтын удирдлагын байгууллага” хэмээн тодорхойлсон. Нэг хэсэг яруу найрагч, нэг хэсэг хөгжмийн зохиолчид тэргүүлсээр одоо хэн гэдэг хүн тэргүүнээр ажилладаг нь мэдэгддэггүй. Өөрсдийгөө Монгол Улсын 800 гаруй гишүүд уран бүтээлчид, гадаад хамтын ажиллагааны хүрээнд 28 улстай харилцан төлөөлөх гэрээтэй хамтран ажиллаж байна гэсэн. Бүтээн туурвигч үнэхээр 800 гишүүнтэй бол чамлахааргүй үзүүлэлт. Харин хөгжмийн зохиолчид нь мэддэггүй. Саяхны нэг хурал дээр очтол хүлээн зөвшөөрдөг хүн алга. Биднийг бүтээлийг үнэлүүлж ч чадахгүй, хамгаалж ч чадахгүй гэсэн тайлбарыг хэлж байлаа.
Уран бүтээлчид хэзээ ч сайн менежер байдаггүй
Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв хэмээх төрийн бус байгууллагад рок попынхноос гадна Нийтийн дууны холбоог төлөөлж У.Далантай, Б.Болд, ая зохиогчдыг төлөөлж, гитарчин Д.Өлзий-Орших, дуучдыг төлөөлж, гавьяат жүжигчин Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг нар, бичлэгийн студийг төлөөлж “New Star” студийн гүйцэтгэх захирал Л.Мандах, продюсеруудыг төлөөлж Б.Наранзун, “Bro’s Records”-ын Б.Болд, сонгодог буюу мэргэжлийн урлагийн байгууллагыг төлөөлж Улсын филармонийн захирал С.Баттулга нар байдаг. Бид хүчирхэг л гэнэ.
Гэхдээ уран бүтээлийн менежментийн ажлыг аль ч улсад хэзээ ч бүтээн туурвигчид нь өөрсдөө хийдэггүй. Хийсэн нь амжилт олдоггүй. Харин хэн хийдэг гэхээр хуульчид, чадварлаг менежер, технологийн инженерүүд л хөгжүүлдэг гэдгийг “Дундгол рекордс”- ын захирал, продюсер Б.Болд өгүүллээ. Тэрээр үргэлжлүүлэн “Бид менежментийн энэ тогтолцооны талаар удаан ярилаа. Бүтээн туурвигчдын бүтээл үнэлэгдэх нь асар их цаг шаардах удаан хугацааны ажил. Гэхдээ бид нэгдэн нийлж, яаралтай дэд бүтцээ байгуулах хэрэгтэй” гэдгийг өгүүллээ.
Бид хуулиараа муугүй
Оюуны бүтээл, бүтээгчийн эрхийг хамгаалах талаараа бид муугүй. Дэлхийн 200 гаруй улс дундаа “дундаас дээгүүр” түвшинд явж буйг мэргэжлийн хүн хэлэв. Оюуны өмчийг хамгаалах чиглэлээр л гэхэд Оюуны өмчийн тухай, Патентын тухай, Зохиогчийн эрхийн тухай, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль бий. Мөн оюуны өмчийн зөрчлийг үйлдсэн төрлөөс нь хамааран Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Иргэний хуулийн дагуу шийтгэлийг оноодог. Мөн нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц нь ч цөөнгүй. Жишээлбэл, Берн хотноо 1886 оны есдүгээр сарын 9-ний өдөр батлагдсан “Утга зохиол, уран сайхны бүтээлийг хамгаалах тухай” Бернийн конвецид тэртээ 1998 онд нэгдэн оржээ. Бид оюуны өмчийг хамгаалах, үнэт зүйл болгох тал дээр ахихгүй байгаа шалтгаан нь хуулийн хэрэгжилт огт байдаггүйд юм. Хамгийн сүүлд баталсан, 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Оюуны өмчийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн “Оюуны өмчийн эрхийг эдийн засгийн эргэлтэд оруулахад төрөөс үзүүлэх дэмжлэг” хэмээх хэсэгт
22.1. Төрөөс оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан дараах дэмжлэг үзүүлж болно:
22.1.1. татварын хөнгөлөлт, чөлөөлөлт;
22.1.2. хуульд заасан нөхцөл, журмын дагуу төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр оюуны өмчийн эрхэд хамаарах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа хийх;
22.1.3. оюуны өмчийн эрхийг эдийн засгийн эргэлтэд оруулах сан байгуулах;
22.1.4. оюуны өмчийн эрхээ бүртгүүлэх, хамгаалах болон олон улсын эрхийн хамгаалалтын хүсэлт гаргахад дэмжлэг үзүүлэх” гэсэн заалтууд бий. Үүнээс хэрэгжсэн нь хэд билээ гэдгээр хэмжигдэнэ.

Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал нь нэг бодлогод зангидагдаж явахгүй бол зүгээр л бүртгээд явах нь ямар ч үр дүнгүй гэдгийг дэлхийн оюуны өмчийн байгууллага тодорхойлж байна.
Бүтээлчдэд урам
“Бүтээл эргэхийн” хамгийн, хамгийн ашигтай тал нь ерөөсөө л сайн бүтээл төрөх юм. Үнэлэгдээд ирэхийн цагт түүн шиг бал урам уран бүтээлчдэд үгүй. Мөнгө төгрөг, эд хогшил, алдар нэр аль нь ч тэднийг жаргаадаггүй. Ердөө л алга ташилт, урмын ганц үг л хамгаас чухал. Хайрламаар нь тэд бүтээлээ “зарах” гэж улаа эргэтэл Улаанбаатарыг гурав, хөдөөг дөрөв тойрохгүй. Гэр бүлээсээ хүртэл харамладаг тэр л нандин бүх цаг хугацаандаа бүтээлээ л “урлана”. Өнгөтэй зүстэй бүхнийг хараад өөрчлөгддөг энэ нийгмийнхэн буюу бид ч гэсэн хэдэн бор уран бүтээлчдээ хайрлах л байх.
Оюуны өмчийг хамгаалахгүйгээр шинжлэх ухаанч сэтгэлгээ, инновацийн шийдэл, шинэлэг санаа, давтагдашгүй уран бүтээлийг хөгжүүлэн өлгийдөн авах боломжгүй юм. Б.Баясгалангийн “Бүтээлийн хулгай” нийтлэлийн хэсгээс
Эцэст нь хамгийн харамсалтай нэгэн зүйлийг дурдахад, Монгол Улсын Оюуны өмчийн тухай хууль болоод бидний нэгдэн орсон Бернийн конвенцид зааснаар зохиогчийн эрх тухайн бүтээл нийтийн хүртээл болж эхэлсэн өдрөөс тоолж зохиогч амьд байх хугацаа болон нас барснаас хойш 50 жилийн хугацааг тооцон оюуны бүтээлийг нь хуулиар хамгаалдаг. Гэтэл уран бүтээлчдийн хамгийн сор бүхэн тоосонд дарагдаж, шим бүхэн нь үгүй болж, он цагтай хамт үгүй боллоо. Эхнээсээ ч үгүй боллоо. Халаглаж, харамсах ч багадмаар... Эгшиг, мөр бүхнээ хайрлах дэд бүтцээ одоо л угсрахгүй бол бид цааш 20, 30 магадгүй 100 жил явж ч мэднэ. Бас дэлхийгээс ч дэндүү алсрах нь. Дэлхийн нөгөө бөөрөнд 30 хүрээгүй залуу “өнгөрснөө” хэдэн зуун сая доллараар үнэлүүлж байна. Бөмбөрцгийнхөн туурвигчдаа дэндүү их хайрлаж байна. Харин бид...