Олон зуун жилийн турш нийгэмд хүмүүс заавал гэрлэж, гэр бүл зохиож, хүүхэдтэй болох ёстой хэмээх үзэл хандлага ноёрхож байлаа.

Гэвч энэхүү хандлага сүүлийн жилүүдэд аажмаар хувьсан өөрчлөгдсөөр байна. Улмаар хүмүүс энэхүү уламжлалт хэв маягаас ганц бие амьдралын чиг хандлага руу шилжээд буй. Тэд хэн нэгнээс хамааралтай бус эрх чөлөөтэй, бие даасан амьдралын хэв маягийг илүүд үзэж байна. Энэ нь орчин үеийн залуусын дунд шинэ үзэл хандлага болоод багагүй хугацаа өнгөрлөө.

Тэдний ертөнцийг буруутгах аргагүй

Ганц бие байх нь орчин үед хэн нэгэнд зэмлүүлэх, шүүмжлүүлэх   явдал биш болж хувирчээ. Үүнийг дэлхийн улс орнуудад ганц бие хүмүүсийн тоо өсөх хандлагатай байгаагаас харж болохоор байна. Тухайлбал, АНУ-ын насанд хүрсэн хүн амын талаас илүү хувь нь ганц бие байгаа талаар Нью-Йоркийн их сургуулийн социологийн тэнхимээс судалсан байна. Тус судалгаагаар АНУ-ын насанд хүрэгчдийн 50.2 хувь буюу 124.6 сая нь ганц бие байгаа аж. Энэ нь ганц бие хүмүүсийн тоо гэр бүлтэй хүмүүсийн тоог давах эрсдэлтэй байгааг анхааруулжээ. Мөн Японд гэрлэж байгаагүй, 30 гаруй насны дөрвөн хүн тутмын нэг нь гэр бүл зохиох хүсэлгүй байгааг тус улсын Засгийн газрын судалгаа харуулжээ. Түүнчлэн 2050 онд Өмнөд Солонгос улсын нийт айл өрхүүдийн 40 хувийг ганц бие хүмүүс бүрдүүлэх тооцоог тус улсын Засгийн газраас гаргажээ. Түүнчлэн АНУ-ын нийт хүн амын дунд ганц бие байх сонголтыг ямар насныхан хийж байгаа талаар судалсан байна. Судалгаагаар дараах үр дүн гарчээ.

Ганц бие байх сонголтыг:

18-29 насныхны 41%

30-49 насныхны 23%

50-с дээш насныхны 28% илүүд үзэж байгаа аж.

Эдгээр насны хүмүүсийн гэрлэхийг хүсэхгүй байгаа шалтгааныг тодруулахад хамгийн нийтлэг шалтгаанаар эрх чөлөөтэй байхыг нэрлэсэн байна. Хүйсийн хувьд авч үзвэл, эмэгтэйчүүд гэрийн ажил хийх, хүүхэд асрах зэрэг ачааллыг үүрэхийг хүсэхгүй байгаагаа түлхүү илэрхийлсэн аж. Харин эрэгтэйчүүдийн хувьд ганц бие байх сонголтоо санхүүгийн чадвар, ажлын байрны баталгаагүй байдал зэрэг нийгмийн байр суурьтай холбон тайлбарлажээ. Тэгэхээр ганц бие байх иргэдийн тоо өсөж байгааг нийгэм, эдийн засгийн дарамт, олон нийтийн чиг хандлагатай холбон тайлбарлаж болохоор байна. Судалгаанд оролцогчид нийгмийн ямар нэгэн статуст харьяалагдаж дарамт мэдрэхийг хүсэхгүй байгаа талаар тайлбарласан байна.

Хэн нэгний сонголтыг хүндэлье

Манай улсын хүн ам, өрхийн мэдээллийн санд 2023 оны эхний сарын байдлаар 25-34 насны эрэгтэйчүүдийн 52.3 хувь, эмэгтэйчүүдийн 41.1 хувь нь гэрлээгүй байна. Харин 35-44 насны эрэгтэйчүүдийн 16.2 хувь гэрлээгүй бол эмэгтэйчүүдийн 12.9 хувь нь огт гэрлээгүй байна. Энэхүү тоон үзүүлэлтээс харахад 25-34 насны ганц бие залуучууд хамгийн өндөр хувийг эзэлж байгаа юм. Манай улсын иргэдийн хувьд 20 насны босго давахтай зэрэгцээд гэр бүл зохиох, хүүхэдтэй болох ёстой хэмээх нийгэм болон гэр бүлийн зүгээс ирэх дарамт, шахалтыг мэдэрч эхэлдэг. Цагаан сар, ургийн баяраар энэ хандлага илүүтэй зонхилдог.

Ганц бие байх сонголтыг сүүлийн үед залуучууд их олзуурхаж хүлээж авч байгаа. Миний хувьд байгалийн хууль гэгдэх гэр бүлтэй болж үр удмаа үлдээх сонголтыг үгүйсгээгүй. Гэвч орчин үед гэр бүлтэй болно гэдэг маш том хариуцлага. Тэр тусмаа эрэгтэйчүүдийн хувьд гэр бүл зохионо гэдэг эдийн засаг, нийгмийн хариуцлага гээд олон зүйлийг нуруун дээрээ үүрэх шаардлагатай болдог. Түүнчлэн өөртөө цаг зав гаргах боломж хомс болно. Эрчүүдийн хувьд найз охин, эхнэртэй боллоо гэхэд нөгөө хүнээ хамгаална, хүчтэй сэтгэл зүйтэй байх ёстой гэх мэт нийгмийн олон шаардлагатай нүүр тулдаг. Энэ бүх зүйлээс залхсан тул ганц бие байхыг илүүд үзэх болсон.

Ганц бие байна гэдэг хувь хүнд олон давуу талыг бий болгодог. Тухайлбал, эрх чөлөөтэй байж, өөрөө өөрийгөө таньж мэдэхэд цаг заваа зарцуулна. Энэ бүх зүйлсийг ганцаараа хийснээр хэрвээ би бэлэн боллоо гэсэн тохиолдолд ямар нэгэн харилцаа тогтоох нь зөв гэж боддог. Харилцаа тогтоохгүй байсан ч хувь хүний эрх. Хэн ч энэ эрхэд халдаж болохгүй.

Ганц бие байна гэдэг уйтгартай, өрөвдмөөр зүйл биш. Харин ч ганц бие хүмүүс ганцаараа байхдаа илүү тухтай, таатай байдаг. Эмэгтэй хүний хувьд гэр бүлтэй болж хүүхэд төрүүлж, ажил, амьдралаа зохицуулна гэдэг маш том үүрэг хариуцлага. Миний хувьд бэлэн болоогүй сэтгэл зүйтэй байж хэн нэгэнтэй гэрлэж тэр хүнтэйгээ насаараа амьдрах гэдэг асар том сорилт. Харин үүний оронд залуу насандаа ганц бие байж олон найз нөхөдтэй болох, аялах зэрэг хоббигоо хөгжүүлэх нь надад таалагддаг.

Ганц бие байхын хамгийн том давуу тал бол бусдаас шалтгаалахгүйгээр ганцаараа аз жаргалтай байхад суралцах явдал.

Эцэст нь хүн гэр бүл зохиож, үр удмаа үлдээх хувь хүний эрх. Олонхийн эрх ашгийг түр хойш тавиад хувь хүний эрх чөлөөнд хэт халдахгүй байхад бид суралцмаар байна. Харилцааны шинэ шилжилтээс үүдэж орчин үед хүн хамтын амьдрал буюу гэр бүлтэй болоогүй бол энэ нь огтхон ч эмзэглэх, санаа зовох зүйлс биш болж хувираад байгаа юм. Хүний эрхийг дээдэлдэг ардчилсан улсад энэ үзэл хандлагыг хүн бүр ойлгож зөвөөр хүлээж авах цаг нь иржээ.