Сүүлийн 10 гаруй жилд манай хотод олон шинэ барилга байгууламж, гүүр, зам талбай баригдаж буй нь сайшаалтай. Хөгжлийг тодорхойлох олон өнгөний нэг нь ч энэ мөн. Гэхдээ үүнтэй зэрэгцэн сүндэрлэх ёстой зайлшгүй нэгэн зүйл бол ногоон байгууламж. Яагаад Улаанбаатарт ногоон байгууламж зайлшгүй хэрэгтэй вэ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “KFC land” барина, бариулахгүй гэж хотоороо хоёр хуваагдан буй энэ үед нийслэлд яагаад ногоон байгууламж хэрэгтэй буй талаар хэдэн тоо өгүүлье.
Улаанбаатар хотын нэг иргэнд дунджаар 5-6м2 ногоон байгууламж ногддог
Олон улсын стандартын дагуу хотод амьдарч буй нэг иргэнд оногдох ногоон байгууламжийн хэмжээ 24м2 байх ёстой. Гэтэл одоогийн байдлаар Улаанбаатар хотын нэг иргэнд дунджаар 5-6м2 ногоон байгууламж оногддог гэсэн статистик байна. Тиймээс байгалийн агаар цэвэршүүлэгч болох мод бүхий ногоон байгууламжтай газрын хэмжээгээ ихэсгэх нь нийслэлийн шийдэх ёстой чухал асуудлуудын нэг гэдэг нь эндээс харагдаж буй. 2016 онд нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2.1 ам метр байсан бол 2021 онд 5.6 ам метр болсон хэмээж буй. Ямартай ч урагштай л байна.
17 мянган га талбайг ойжуулах шаардлагатай
Өөр нэг баримт өгүүлэхэд нийслэлийн хэмжээнд ойн сан бүхий 116 мянган га талбай байдгаас 17 мянган га талбайг ойжуулах шаардлагатай. 17 мянган га талбайн байгалийн нөхөн сэргээлтийг хийхэд нормативын дагуу зөвхөн нэг га талбайд 800-1000 мод тарих шаардлагатай. 17 мянган га талбайгаар тооцоод үзвэл 13.6-17 сая мод тарих тооцоо гарч байна. Нэг га талбай дахь мод сөөг нь 18 сая м3 агаарыг цэвэршүүлж, агаарын бохирдлын 30-35 хувийг өөртөө шингээдэг гэсэн тоо байдаг. Хэрвээ нийслэлийн ойжуулах шаардлагатай талбайн нөхөн сэргээлтийг хийж чадвал нийслэлийн агаарын бохирдол, тоосжилт, хөрс, дуу чимээний бохирдол, хотын үзэмж зэрэгт хэрхэн эерэг нөлөө үзүүлэхийг та төсөөлж байгаа байх.
1661.5 га талбайд ойн зурвас байгуулна
Хотын ногоон байгууламжийн талаар дуулдсан өөр нэг сайн мэдээ нь цөлжилтөд өртөж буй, ойжуулалтгүй талбайг сонгон, зурвас хэлбэрээр ойжуулах, цэцэрлэгт хүрээлэн бий болгох. Нийслэлийн зүгээс ирэх жилүүдэд Баянголд 2.8, Баянзүрхэд 300, Багануурт 200.9, Багахангайд 30.4, Налайхад 554, Сонгинохайрханд 75, Хан-Уулд 481.8, Чингэлтэйд 16.6 га гээд нийт 1661.5 га талбайд ойн зурвас байгуулахаар Нийслэлийн байгаль орчны газраас төлөвлөжээ. Өнгөрсөн 2016-2021 онд 634 га талбайг ойжуулж, 220 га ойн зурвас байгуулсан байна.
Тус байршлуудад модны суулгацын нөөц байгаа бөгөөд суулгацаа худалдаж аваад, тусгайлан бэлтгэсэн нүхнүүдэд модоо тарих боломжийг бүрдүүлж өгсөн нь иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, олноор тарихад эерэг нөлөө үзүүлж буй юм. Үүнээс гадна дээрх байршлууд нь хашиж хамгаалсан, арчилгаа хамгаалалт өндөртэй, мал амьтан орж, мод сүйтгэхгүй, талбайг хариуцах эзэнтэй газрууд гэдгээрээ давуу талтай.
Ү.Оюунзул даргын өмгөөлөл
Нийтлэлийн эхэнд хөндсөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “KFC land” барина, барихгүй гэсэн асуудал руу эргэн очъё. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-гийн дарга Ү.Оюунзулын хувьд үүнийг дэмжиж буйгаа илэрхийлж буй. Тэрээр “KFC land төслийнхөн ширхэг ч мод бут сүйтгэхгүй. Иргэд, хүүхдүүдийн ая тухтай орчинг л бүрдүүлэх гэж хичээж байна. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ерөнхий төлөвлөлтийн дагуу 973 га талбайн 85 хувьд ногоон байгууламж, 15 хувьд тохижилт хийгдэх ёстой. Одоогийн байдлаар 15 хувь тохижилтын даалгавартай газрын 5 хувьд улс, нийслэл, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар тохижилт хийгдсэн. 10 хувь нь хийгдээгүй байна. KFC-гийн тохижилт хийж байгаа талбай 5 хувьд багтсан болно” хэмээх тайлбарыг хийсэн.
Харин үүнийг цөөнгүй иргэд сайшаахгүй, зарим нь маш хүчтэй эсэргүүцэж буй. Учир нь ганц байгаа ногоон байгууламжаа цементэн ширэнгэ болгохгүй, гишгэх ч зайгүй болсон энэ хотод байгаа ганц ахиухан газраа хувийн хэвшилд алдчих вий гэсэн болгоомжлол л юм. Баригдсан цагаас нь мод тарьсан бол ой болчих хугацаа өнгөрлөө гэж халаглах нь ч бий. Түүнээс биш энэ хотын иргэн бүхэн ногоон хотод хайртай.
KFС: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ямар ч салбар нээхгүй
Харин нөгөө талд “KFC land” байгуулах гэж тус компанийн зүгээс “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь нийт 973 га талбайтай. Үүний 1.1 га буюу нийт талбайн 0.1 хувьтай тэнцэх талбайд KFC брэнд нь 2.5 тэрбум төгрөгөөр бүх насныхан, тусгай хэрэгцээт иргэд амарч зугаалах ногоон байгууламж, олон улсын стандартад нийцсэн, эрүүл, аюулгүй тоглоомын талбайг хүүхдийн баярын өмнө тохижуулан, хамтын ажиллагааны гэрээнийхээ дагуу ҮЦХ-д бүрэн хүлээлгэн өгөхөөр зорин ажиллаж байна. Төслийн байршил болон ҮЦХ-д KFC салбар нээх тухай анхнаасаа тусгагдаагүй, цаашид ч ҮЦХ-т бид салбараа нээхгүй. Одоо байгаа модноос нэг ширхгийг ч сүйтгээгүй бөгөөд нэмж 400 мод тарьж, 362м талбайг шар хуайс модоор хашаална. Мөн 500m2 талбайг усалгааны иж бүрэн автомат системээр зүлэгжүүлж, цэцэгжүүлнэ. KFC брэнд нь нийгмийн хариуцлагын ‘’Дутуугаа дүүргэ’’ компанит ажлынхаа хүрээнд олон нийтээс авсан санал хүсэлтэд үндэслээд, хүүхэд багачуудад дутуу байгаа тэр л хэсгийг дүүргэх гэж эл бяцхан бүтээн байгуулалтыг хийхээр зорьсон юм. Та энэ төслийг дэмжиж байна уу. KFC хүрээлэнгийн төсөл нь зөвхөн хүүхэд, залуус, гэр бүл, тусгай хэрэгцээт бүх насны иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан эрүүл, тохилог, эко ногоон төгөл байх юм.Төсөлд KFC салбар барихаар төлөвлөөгүй, цаашдаа ч барихгүй” хэмээн ам бардан хэлж буй юм. Аль аль талын тайлбарыг хачиргүй хүргэлээ.
Хотынхныг жаргаасан хоёр "зүсэм" зүлэг
Гэхдээ өрнөж буй энэ явдлаас харахад хотын иргэдээсээ санал асуусан, асуугаагүй ерөөс зүлэг л хэрэгтэйг иргэд хэлээд өглөө. Хотод юу хэрэгтэй вэ гэж мөнгө төлөн судалгаа хийх ч шаардлагагүй боллоо. Зүлэгний “амт”-ны жаргал мэдэрсэн хоёрхон үйлдэл одоо ч зураглагдаж байна. Жаргалтай ч гэх үү, эмгэнэлтэй ч гэх үү, хэлж мэдэхгүй юм.
Эхнийх нь Төв талбайд 90х45 харьцаатай хөлбөмбөгийн талбайг түр байгуулснаар иргэд хиймэл зүлгэн дээр хэвтэх нь хэвтэж, ном унших нь уншиж, залуус дуулж, залуу хос хүүхдээ салхилуулж байв. Гутлаа тайлаад амрах ганц ч зүлэггүй Улаанбаатарынхан хэдэн өдөр үнэхээр нар нь гарсан. Тоос шороонд дарагдсан ч өдөр бүхэн ирсээр л байлаа. Баярламаар гэх үү, уйлмаар гэх үү. Тийм нэгэн төрх.
Нөгөөх нь Төв цэнгэлдэхийн дэргэдэх алга дарам зүлэг. Иргэд, залуус зорин зорин очиж, хүүхдээ салхилуулж, жаргалтай мөчүүдийг бүтээв. Үндэсний их баяр наадам буюу наадмын өдрүүдэд алга дарам тэр зүлэг дээр дэнжийг хотойлгон жаргалтай нь аргагүй наадаж байсныг харсан. Хивс гоёлоо дэвсчихээд айраг цагаа, хуушуураа голдоо тавьж, багачууд нь хөл нүцгэн гүйлдэж байлаа. Томоохон дэлгэц байрлуулчихвал “алаан болж” билет авч, хэдэн цагдаа нарыг зовоолгүй дэлгэцээр бөхөө үзчих боломжтой харагдсан. Зүсэм хоёр зүлэг Улаанбаатарынхныг ийнхүү баярлуулсан түүхтэй. Нийслэлд зүгээр л зүлэг хэрэгтэйг, алга дарам хоёр зүлэг ч баталсан. Иргэдийн энэ удаагийн хандлага ч харууллаа. Зүлэг л хотод хэрэгтэй байна. Эцэст нь сануулахад ногоон хот болоход иргэн бүхний оролцоо ч гэсэн чухал. Ядаж л хуруу нэмдэггүй юм гэхэд бүтээснээ нураахгүй, бий болгосноо сүйтгэхгүй л байх хэрэгтэй. Удахгүй буюу одоогоос сар хүрэхгүй хугацааны дараа Үндэсний бүх нийтээр мод тарих өдөр /05.15/ тохионо. Хэрвээ та мод тарихаар шийдсэн бол Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны “Ногоон хэрэм” төслийн талбай, Налайх дүүргийн долоодугаар хорооны “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэн, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Бумбатын булаг, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны Баянгол Агропарк гэх байршлуудад мод тарих боломжтойг хэлж буй.