Эрдэмтэд далайн нууцыг олж мэдэхийн тулд мөсөн голын чимээг чагнан, судлах болжээ. Мөсөн гол гэдэг нь уулархаг, налуу газарт олон жилийн турш мөс, цас хуримтлагдан, цас нягтаршсанаас болж үүсдэг мөсний бөөгнөрөл юм. Ихэнхдээ мөстлөгийн үед үүссэн байдгаараа онцлогтой.

Мөсөн гол гаднаасаа хөдөлгөөнгүй, аварга том биет мэт харагдах ч хайлж, хагарч, томрох бас багасах зэргээр байнгын хөдөлгөөнд оршдог. Тэр ч бүү хэл мөсөн голоос шуугьсан чимээ гардаг байна. Учир нь хэдэн зуу, хэдэн мянган жилийн турш хадгалагдсан өндөр даралттай агаарыг алгуурхнаар гаргах үед өвөрмөц исгэрэлт үүсдэг байна. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас шалтгаалж мөсөн голын гадаргын талбай эрс багасаж, олон мөсөн гол хайлж устах аюулд ороод буй.

Эрдэмтэд мөс хэр хурдан хайлж, далайн түвшин нэмэгдэхэд хэрхэн нөлөөлөхийг урьдчилан таамаглахын тулд мөснөөс гарч буй чимээ шуугианыг судалдаг шинэ аргыг нэвтрүүлээд буй. Калифорнийн Сан Диего дахь Скриппс далай судлалын хүрээлэнгийн далай судлаач Грэнт Дин энэ талаар “Хэрэв далайн түвшин нэмэгдэхийг урьдчилан таамаглахыг хүсвэл мөстлөгийн системийг хянах арга бидэнд хэрэгтэй. Харин усан доорх чимээ үүнийг судлах чухал бөгөөд сонирхолтой арга юм” гэж хэлсэн байдаг. Тэрээр усан доорх дуу чимээг судлах чиглэлээр сүүлийн 20 гаруй жил ажилласан эрдэмтэн юм. Нэрт далай судлаач Вольфганг Бергер 2008 онд шинжлэх ухааны “Nature Geoscience” сэтгүүлд Гренландын мөсөн бүрхүүлийг хянахын тулд гидроакустик буюу усан дахь дуу чимээг ашиглахыг санал болгосон бүтээлийг бичиж байжээ. Энэ нь хий далайгаас агаарт хэрхэн дамждагийг ойлгохын тулд далайн давлагааны чимээг чагнадаг байсан Грэнт Динийн сонирхлыг ихээр татсан байна. Улмаар Грэнт Дин мөсөн голын чимээг судалдаг болсон түүхтэй.

Далайн түвшин нэмэгдэх тусам бидний соёл иргэншилд асар их нөлөө үзүүлнэ. Байгаль орчин өөрчлөгдөхийн хэрээр бид сайн төлөвлөж, мөсөн бүрхүүлийн тогтвортой байдлыг урьдчилан таамаглах чадвартай байх хэрэгтэй.

Түүний тайлбарлаж байгаагаар мөсөн гол хайлах үндсэн хоёр процесс байдаг бөгөөд хоёулаа харилцан адилгүй чимээ гаргадаг байна. Эхний тохиолдолд, мөс хайлах үед салют буудуулж байгаатай адил ус руу дэлбэрэх бөмбөлгүүдийн тод, эрч хүчтэй дуу чимээ гардаг аж. Харин хоёр дахь тохиолдолд, мөсөн голоос том хэмжээний мөс хагарах үед удаан хугацаанд үргэлжилж буй аянга цахилгаан шиг гүн, аймшигтай нүргэлэх чимээ гардаг байна.

Бөмбөлгийг тоолох нь

Эрдэмтэд Норвегийн хойд хэсэгт орших “Ханс” хэмээс мөсөн голд судалгаа хийхдээ усан доторх микрофон ашиглан, мөсний чимээг чагнасан байна. Тэд мөсөн уулын нэг хэсэг далайд унах үед үүссэн дуу чимээнээс мөсний алдагдлын хэмжээг тооцоолж болно гэж үзсэн бөгөөд энэ тухайгаа 2020 онд “Cryosphere” сэтгүүлд хэвлүүлж байжээ. Дуу чимээнээс мөсний алдагдлын хэмжээг тооцоолоход агаарын бөмбөлгүүд чухал мэдээлэл дамжуулдаг байна. Хэрэв тодорхой хугацаанд мөснөөс хэдэн бөмбөлөг гарч байгааг тоолж чадвал хэр их хэмжээний мөс хайлж байгааг мэдэх боломжтой аж. Түүнчлэн агаарын бөмбөлгүүд хэрхэн ялгарахаас хамаарч дуу чимээ нь өөрчлөгддөг бөгөөд геологи, орон нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан мөсөн голуудын хооронд дуу чимээний түвшин өөр, өөр байх магадлалтай. Усны температур нэмэгдэхийн хэрээр агаарын бөмбөлгүүдээс үүсэх дуу чимээний хүч нэмэгддэг нь мөс хайлж байгааг илтгэдэг байна.

Чимээгээр судлахын давуу тал

Газар хөдлөлт судлал, хиймэл дагуулын гэрэл зураг, усан доорх дууны төхөөрөмж, мөс нэвтлэх радар гэх зэрэг мөсөн голыг судлах илүү боловсронгүй аргууд их байдаг. Гэхдээ акустик дуу чимээний хэмжилт нь хэд хэдэн давуу талтай. Тухайлбал гидрофон буюу усан доорх микрофоныг мөсөн голд байрлуулж, урт хугацааны турш алсаас хянах боломжтой. Түүнчлэн Хойд болон Өмнөд туйлд харанхуй байх үед зургаан сарын турш ажилладаггүй хиймэл дагуултай харьцуулахад акустик дуу хэмжилт нь бүтэн жилийн турш байнгын ажиллагаатай байдаг аж. Үүний зэрэгцээ бусад аргуудаас хамаагүй хямд өртөгтэй гэдгээрээ давуу талтай.

Байгаль ба амьтдын уялдаа

Мөсөн голуудын чимээг сонсох нь тэднийг хэрхэн хайлж байгааг судлаад зогсохгүй далайн экосистемийн талаар илүү ихийг олж мэдэхэд тусалдаг байна. Мөс хайлах үеэр ялгардаг агаарын бөмбөлгүүд нь байнга исгэрэх чимээ гаргадаг учир мөсөн голын булан, цохио нь далайн хамгийн их дуу чимээтэй хэсэгт тооцогддог байна. Үүнийг Мөсөн гол судлаач Эрин Петтит акустик технологийг ашиглан тогтоожээ. Энэ чимээ нь далайн хөхтөн амьтдад хоргодох газар болж чаддаг аж. Тодруулбал, далайн хав дуу чимээнд дургүй махчин халимаас өөрсдийгөө хамгаалахын тулд Аляск болон Антарктидын мөсөн голын булан руу хэрхэн сэлж байгааг Эрин Петтитээр ахлуулсан судлаачдын баг ажиглажээ. Хэрэв мөсөн гол хайлж далайн мөс багасвал дагаад дуу чимээ ч аажмаар буурах юм. Нам гүм байдал далайн хавын хувьд аюулгүй хоргодох газар нь байхаа болино. Ингэснээр бүс нутаг дахь далайн хавын тоо толгой ч буурна.

Далай бидэнд юу хэлж байна?

Гидрофонийг удаан хугацааны турш байрлуулснаар мөсөн голын хэвийн дуу чимээний түвшинг тогтоож, тогтворгүй байдлыг илтгэх хэвийн бус дуу чимээг илрүүлэхэд тусална гэж эрдэмтэд үзэж байна. Тиймээс мөсөн голуудын тогтвортой байдлыг хянахад туслах урт хугацааны акустик хяналтын станцуудыг байгуулах шаардлагатайг эрдэмтэд хэлж байна. Дэлхийн дулаарлаас болж мөсөн голын хайлах одоогийн явц 1960-аад оны мөн үеэс тав дахин хурдассан байна. 1961 оноос хойш дэлхий дахинд 11 их наяд тонн орчим цас, мөс хайлсан гэж судлаачид үздэг. Гренланд болон Антарктидыг бүрхэж буй мөсөн давхаргууд хурдацтай хайлж байгаа нь эрдэмтдийн санааг хамгийн их зовоож буй. Далайн түвшин нэмэгдэж байгаа шалтгааны 20-30 хувь нь мөсөн гол хайлж байгаатай холбоотой аж. Далайн түвшин нэмэгдэхийн хэрээр далайн эргийн ойролцоох хот, суурин усанд автаж мөхөх эрсдэл улам нэмэгдэнэ. Тиймээс “Далайн ирээдүй хүмүүс биднээс шалтгаалж байна. Далай бидэнд юу хэлж байгааг бид сонсох ёстой” гэдгийг эрдэмтэд сануулж байна.