Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн " 2023 оны гуравдугаар сарын 22-нд өргөн барьсан тогтоолын төслийн хүрээнд дөрвөн шийдвэр гарлаа. Одоогийн байдлаар Тавантолгойн дулааны цахилгаан станц 450 МВт-ын хүчин чадалтай байх техник эдийн засгийн үндэслэл бий. Үүнээс эхний ээлжинд 300 МВт-ын блокийг барьж, үйл ажиллагаа тогтворжсоны дараа 105 МВт-ын хүчин чадалтай станцыг нэмж барих шийдвэр гарлаа. 300 МВт-ын цахилгаан станц ойролцоогоор 600 орчим сая ам.долларын өртөгтэй. Үүний 70 хувийг санхүүжүүлэгч тал үлдсэн 30 хувийг нь гурван жилийн хугацаанд "Эрдэнэс Тавантолгой" компаниас гаргуулах төлөвлөгөөтэй байна. Төслийн ажил гэрээ байгуулагдсанаас хойш 36 сарын хугацаанд ашиглалтад орно гэж тооцоолж байна. Мөн төслийн санхүүжилт авсан зээлийг төсөл ашиглалтад орсноос хойш таван жилийн хугацаанд төлж барагдуулах юм" гэлээ.

Мөн "Тавантолгой" ДЦС-ын тендерийг түлхүүр гардуулах нөхцөл, санхүүжилттэй хамтарсан хэлбэрээр зарлах ажээ.