Сагсан бөмбөгийн домогт тамирчин Майкл Жорданы өмсөж байсан гарын үсэгтэй пүүз дуудлага худалдаагаар 2.2 сая ам.доллароор зарагдаж, дээд амжилт тогтоожээ.

“Sotheby’s”-ийн дуудлага худалдаагаар зарагдсан Air Jordan XIII пүүзийг Майкл Жордан 1997-1998 онуудад Chicago Bulls багт аваргын төлөө тоглохдоо өмсөж байжээ. Тодруулбал 1998 оны NBA-ийн финалын цувралын хоёрдугаар тоглолтод 37 оноо авч, Юта Жаззыг 93:88-ын харьцаагаар буулган авахдаа Жордан энэ пүүзийг өмссөн байна.

Тухайн оны финалын тоглолтуудад өмсөж байсан Майкл Жорданы жерси өмсгөл 2022 онд 10.1 сая ам.доллароор зарагдаж байсан.

Харин 2021 онд 1.47 сая ам.доллароор зарагдсан түүний Nike Air Ships пүүз дэлхийн хамгийн үнэд хүрсэн гутлын өмнөх амжилтыг тогтоож байсан юм.

“Мягмар гаргийн дуудлага худалдаа шинэ дээд амжилт тогтоосон нь Майкл Жорданы спортын эд зүйлс хүлээлтээс давсан өндөр эрэлттэй хэвээр байгаагийн тод жишээ боллоо” гэж Sotheby’s-ийн дуудлага худалдааны ордноос хийсэн мэдэгдэлд дурджээ.