Одоогоос дөрвөн жилийн өмнө Их сургуулийн Япон орон судлалын ангийн найз маань зуны амралтаараа япон жуулчдад хөтөч хийсэн тухайгаа ийн хуучилсан юм. Тэрээр “Хөтөч хийх тийм ч хэцүү биш. Ганц л бэрх асуудал байдаг нь эх орон, их хотоосоо ичих. Нэг удаа жуулчдадаа нийслэлийн төв талбайг танилцуулчихаад хөдөлтөл нэг нь яаралтай ариун цэврийн өрөө орох шаардлагатай байна гэдэг юм. Нийтийн бие засах газар тэр хавьд байхгүй учир хажуугийн үйлчилгээний газар руу дагуулаад орлоо. Ийн нийтийн ариун цэврийн газар байхгүй болохыг тайлбарлатал өнөөх жуулчин худалдааны төвөөс худалдан авалт хийснийхээ дараа ариун цэврийн өрөөг нь ашиглая даа” гэж дурамжхан хэлдэг юм. Надад бүр хэлэх үг олдоогүй. Нүүр халуу дүүгчихсэн” гэж байв.

Энэ байдал одоо ч бүрэн шийдэгдээгүй. Нийслэлд нийтийн ариун цэврийн өрөө хүртээмжгүйн зэрэгцээ орон нутагт буй жуулчны баазуудад ч энэ хамгийн бэрх асуудал. Эндээс л манай улс жуулчдыг хүлээж аваад, сэтгэл дүүрэн үдэж чаддаг эсэхийг харж болохоор. Түүнчлэн жуулчдыг татаж, дотооддоо валют оруулж ирэх, эдийн засгийн идэвхжүүлэх тухай ч төрийнхөн дуугарч ирсэн. Гэхдээ тэдний мөнгийг “салгаж” чадахуйц чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг эсэх ч эргэлзээтэй л асуудал.

Гэтэл Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаад амжлаа.

Энэ хүрээнд “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо”-г байгуулсан бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж ажиллаж байгаа юм. Улмаар улс орноо олон улсад сурталчлах нэгдсэн бодлого, уриа үг, бэлгэ тэмдэгтэй байх хэрэгтэй гэж үзэж буй тухайгаа эрх баригчид онцлов. Эдгээрээс гадна үндэсний өв соёл, онцлогийг харуулсан аялал жуулчлалын жилийн хуанли хүртэл гаргалаа.

Мөн аль ч улсын жуулчид Монголд саадгүй зорчих агаарын тээвэр, тав тухтай, аюулгүй, сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлэх нэгдсэн стандартыг бий болгох зорилгоор УИХ-аас Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэн батлахаар ажиллаж буй. Түүгээр ч зогсохгүй “Монгол Улс аялахад тун тохиромжтой улс” гэх агуулга бүхий мэдээ, нийтлэлийг олон улсын нэртэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацуулж эхэлсэн юм.

Уг нь сайн хэрэг. Уул уурхайн салбар нь эдийн засгийн гол судас болж, дангааршсан манай улсад өөр аргаар валют олборлох боломж нээгдэнэ гэдэг чихэнд чимэгтэй ч чимээ.

Түүнчлэн цар тахлын өмнөх жилтэй харьцуулахад Монголд аялахаар ирсэн жуулчдын аялалд зарцуулах мөнгөн дүн багагүй өссөн нь судалгаанаас харагдаж буй.  2015 онд гаргасан судалгаагаар жуулчид Монгол Улсад дунджаар 14 хоног аялдаг бөгөөд хувийн аялагчид 1526 ам.доллар, багц аялагчид 2383 ам.долларыг тус тус зарцуулдаг байжээ. Харин 2019 оны судалгаагаар өөрийн орны тур агентаар дамжуулан аялал захиалсан жуулчид дунджаар 2187 ам.доллар зарцуулж байхад Монголын тур оператороос аялал худалдан авсан жуулчид дунджаар 2048 ам.долларыг төлдөг тухай өгүүлжээ. 2022 онд Нийслэлийн аялал жуулчлалын газраас явуулсан судалгаагаар жуулчдын 38 хувь нь 3000 хүртэлх доллар, 58 хувь нь 3000-8000 доллар, дөрвөн хувь нь 8000-аас дээш доллар зарцуулахаар төлөвлөснөө өгүүлжээ.

Тэгэхээр аялал жуулчлалын салбар дараагийн эдийн засгийн гол гогцоо болж болзошгүй гэх эрх баригчдын төсөөллийг дэмжиж болохоор. Гэхдээ “нүдээ нээгээд”, орчин тойрноо сайтар ажиглахад л сая жуулчин хүлээж авна гэдэг сая жилийн дараа биелэх боломжтой төсөөлөл гэдгийг олж харах боломжтой.

Саяхан ажлаа тараад алхаж явахдаа Шангриллагийн хажууд буй зурагт самбар дээр WELCOME TO MONGOLIA гэх зурагт хуудас наасныг олж харав. Тус самбарыг олж хараад цааш хоёр алхам өнгөрөхөд хог нь гадуураа хальж, эргэн тойронд нь ус, ундааны сав эгнэсэн хогийн савтай таарав. Хажууд нь нэг модон сандал суурилуулжээ. Тэнд нь өвлийн туршийн утаа, униар “ховхрох аргагүй” нэвт шингэсэн байв. Эд ч мөн л байгалийн сайхан, арвин түүх сонирхож, сонжих хүсэлтэй жуулчдыг үргээх л хүчин зүйлсийн нэг. Хог нь савнаасаа хальчихсан, сандал суудал нь хир тортогтоо дарагдчихсан нийслэлийг үзэх гэж хэн мөнгө төлөх вэ? Төллөө ч төлсөн мөнгөнөөсөө сэтгэл ханамж авч чадах эсэх нь ч эргэлзээтэй.

Уг нь хогийн сав, ариун цэврийн өрөөний хүртээмж, хотын хог, шороо дэдийн дэд асуудал. Гэвч манайх эдгээрийг ч шийдвэрлэж дөнгөөгүй байж нааш ирэх жуулчдын тоог зарлаж, тэднээс олж болох мөнгийг тооцоолж сууна.

Эдгээрээс гадна зарласан, төлөвлөсөн үйл ажиллагаа фестиваль зэрэг нь цаг хугацаандаа болдоггүй нь ч гаднын зочдод сөрөг сэтгэгдэл төрүүлэх чухал хүчин зүйл. Тухайлбал, Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр "Хөх сувд" мөсний баярыг зохион байгуулдаг. Энэ жилийн Мөсний баярыг Байгаль орчин аялал жуулчлалын яам гуравдугаар сарын 1-5-ны өдрүүдэд зохион байгуулна гэсэн тов гарч, аялагчид, аяллын компаниуд, амралтын газар, жуулчны баазууд бэлтгэлээ базааж, ажлаа төлөвлөж байв.

Гэвч гэнэт товлосон өдрөө тус баярыг зохион байгуулахгүй гэдгээ холбогдох яамнаас мэдээлэв.  Үүний улмаас Монголын аялал жуулчлалын салбарыг нуруундаа үүрч яваа аж ахуйн нэгжүүдийн арайхийн олсон захиалга цуцлагдах, алсаас Монголыг зорьсон гийчин буцах эрсдэл тулгарсан юм.

Эндээс манай улсад жуулчдыг хүлээж авах соёл огт нутагшаагүйг харж болохоор байна. Энэ мэт энгийнээс энгийн асуудлаа шийдвэрлэхгүйгээр их зорилгыг бүтээх ямар ч боломжгүй юм.

Тиймээс ирэх хүн, үрэх мөнгийг нь тооцоолохоосоо урьтаж дотоодын нөхцөл байдлаа анхаарч ажиллах нь зүй.

Жуулчин ирэх нэг хэрэг. Ирсэн гийчин буцаж, орсон бороо арилна. Тэдгээр иргэд манайд ирээд буцахдаа сэтгэл хийгээд богц дүүрэн буцах учиртай. Ингэж бид зочдоо "нүүртэй", иргэж ирэх хүсэлтэй үдэж чадна.