Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр сайдаа УИХ-д танилцуулах үеэрээ дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрээр "Т.Бадамжунай гэж хүн ирснээс хойш сүүлийн хоёр хоног "Хулгайтай тэмцэх чинь буруу юм байна. Өрөвдөж хайрлах ёстой юм байна. Засгийн газар эдийн засгийн асуудлаа шийдээд л чимээгүй явж бай. Ажнай Бат-Эрдэнэ рүү дайраад байдаг буруу. Нүүрснийхээ хулгайтай тэмцэх нь ч буруу юм байна. Тэр Т.Бадамжунайг барьж авч ирээд яах нь вэ, хөөрхий" гэсэн зохион багуулалттай зүйл их явлаа. Иргэддээ авлигачдын PR-т битгий автаарай гэж уриалмаар байна. Авлигачид биднийг өрөвдөөгүй шүү. Бид өрөвдөж, уучилж, ухарч болохгүй. Ингэж байж системийн авлигын ард гарна. Сүүлийн үед жагсаал цуглаан идэвхижлээ. Т.Бадамжунай гэдэг хүн яасан ч их бяртай юм. Яасан ч их олон хүнээр нөлөөлүүлдэг нөлөөтэй хүн юм.

Авлигатай тэмцэх нь Засгийн газарт Үндсэн хуулиар олгогдсон ажил. Уул уурхай салбараас шимэгчилж амьдардаг, хязгааргүй баяжсан, шүүхийг худалдаж авсан нөхөдтэй нам харгалзахгүйгээр тэмцэнэ" гэв.