Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй

Хүүхдийн эрхийн тухай хуулиас

Одоогоос гурван жилийн өмнө Баянгол дүүргийн XV хорооны 23 дугаар байрны тоглоомын талбайн гулсуур унасны улмаас тоглож байсан 12 настай охины гавлын яс цуурч, тархинд нь цус хурсан харамсалтай хэрэг гарсан юм. Тухайн үед ГССҮТ-ийн эмч нар охинд  яаралтай эмчилгээ хийж, гавлын яс тайруулах мэс засал амжилттай хийсэн ч охин хоёр жил сургуульдаа явах боломжгүй болсон юм. Гулсуурыг бат бөх бэхлээгүй гэх шалтгаанаар тоглоомыг угсарсан “BMGL” компани охины эмчилгээний зардлыг гаргасан ч “Өндөр өртөгтэй оронд эмчилгээ хийлгэхээр явах бол бид төлбөрийг төлж чадахгүй” хэмээн ар гэрт нь хэлж байлаа. Ийнхүү тоглоомын талбайг стандартын дагуу бат бөх бэхлээгүйн улмаас гэрийнхээ урд тоглох гэж гарсан нэгэн охин эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирч, хоёр жил үе тэнгийн хүүхдүүдтэй хамт сурч, тоглож чадаагүй юм.

Хэдийгээр энэхүү хэрэг гурван жилийн өмнө гарсан ч одоо ч ийм осол гарах өндөр эрсдэлтэй байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт 44 байршлын тоглоомын талбайд хяналт шалгалтын ажил явуулахад 60 хувь нь эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарчээ. Үүнд тоглоомын талбай бүрэн бус, эвдрэл ихтэй, тоглоомууд стандартын бус, хуучирч муудан, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, гулсуур хэт налуу зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.

Хахир хүйтний улирал шувтарч урин дулаан цагтай “золгосон”-той холбоотойгоор тоглоомын талбайд тоглох хүүхдүүд эрс нэмэгдлээ. Гэвч тэдний хамгийн их цагийг өнгөрүүлдэг тоглоомын талбай нь эвдрэл ихтэй, хуучирч муудсан тоглоомуудаар дүүрэн байгаа юм. Ингэхээр хүүхдүүд гэнэтийн эрсдэл, аюулаар дүүрэн газар ихэнх цагийг өнгөрүүлж байна гэхэд хилстэхээргүй болов.

Баянгол дүүргийн 1-р хорооны оршин суугч Б "Энэ орчимд хүүхдийн тоглоомын талбай их. Гэхдээ тоглоом гээд байх зүйл байдаггүй. Эвдэрхий хэдэн тоглоомтой бас орчин нөхцөл нь бохир заваан. Хүүхдүүд тоглож наадаж баярлах нь битгий хэл гар хөлийг урах, цаашлаад хугалж ч мэдэх дээр үеийн эвдэрхий, хурц ирмэг бүхий төмөр тоглоомууд ихтэй" гэв.

Хүүхдүүд хуучирч муудсан, зэвэрсэн, стандартын шаардлага хангаагүй тоглоом дээр тоглож байна. Тэгвэл хүүхдүүдийн хамгийн их тоглож нааддаг урин дулаан цагт хүүхдийн бэртэл, гэмтэл эрс нэмэгддэг аж. Тухайлбал, хавар, зун, намрын улиралд гар, хөлөө хугалж бэртээсэн хүүхдүүд ГССҮТ-д их ирдэг ажээ. Энэ талаар ГССҮТ-ийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Эрдэнэболд хэлсэн байна. Тэрээр ”Дулаарахтай зэрэгцэн 0-16 насны хүүхдүүдийн бэртэл гэмтэл ихэсдэг. Эмнэлгийн тусламж авч буй хүмүүсийн 30 хувь нь хүүхэд байдаг. Хүүхдийн бэртэл гэмтэл наснаасаа хамаарч харилцан адилгүй. Бага насны 0-4 насны хүүхэд ахуйн хүрээнд ор, шатнаас унах, түлэгдэх гэх мэт эцэг эхийн хараа хяналт хэсэг сулрах, болгоомжгүй байдлаас болж бэртдэг бол 5-ааш дээш насны хүүхдүүд тоглоомын талбай, автозам дээр бэртэх нь их байдаг. Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах хэрэгтэй байна" гэлээ.

Иргэн А

Гэрийн урд байрлах тоглоомын талбайн гулсуураас хүүхэд унаж гараа хугалж байсан. Ер нь тоглоомын талбайнууд стандартгүй, тохижуулалт муутай санагддаг. Тоглоомуудын хувьд хуучирч муудсан, өнгө үзэмжээ алдсан нь их. Мөн 4-5 байрны дунд нэг тоглоомын талбай байдаг болохоор хүрэлцээ муутай.

Хүүхдүүд

Гэрийн ойролцоо нэг л тоглоомын талбай байдаг. Тэр тоглоомын талбайд архичид их байдаг болохоор би тоглодоггүй. Бас тэнд архины шил, тамхины иш их бий.  Ихэнхдээ согтуу хүмүүс ирээд суучихдаг. Тэгээд орилж, хашхирдаг.

Улаанбаатарын хоёр өнгө

Улаанбаатар хотын нэг хэсэгт тоглоомын талбай нь хуучирч муудсан, шаардлага хангахгүй тоглоом их байгаа бол нөгөө хэсэгт тоглоомын талбай хүрэлцээгүй байна. Тодруулбал, Улаанбаатар хотын нийт хүн амын 50-иас дээш хувь нь амьдардаг гэр хороололд хүүхдийн тоглоомын талбай хүрэлцээгүй байгаа юм. Гурван жилийн өмнө СХД-ийн 23-р хороонд нэг ч тоглоомын талбай байхгүй гэх дүн мэдээ ч гарж байсан удаатай. Гэр хороололд тоглоомын талбай байхгүйгээс болж хүүхдүүд гудамж, хашаандаа л тоглодог байна. Энэ нь хүүхдүүдийг гэмтэж, бэртэх өндөр эрсдэл рүү дагуулж байгаа юм.

Хүүхдүүд

Гадаа тоглоомын талбай байдаггүй. Тийм болохоор хашаандаа эсвэл гудамжинд тоглодог. Тоглож байгаад хөл, гараа гэмтээх, хөхрүүлэх тохиолдол зөндөө байдаг.  Манай гэрээс нэлээн хол нэг сагсны шийд бий. Тийшээ заримдаа найзуудтайгаа явдаг.

Иргэн Б

Манай гэрийн ойролцоо хүүхэд тоглох тоглоомын талбай байхгүй. Байдаг нэг газар нь хоёр км-ийн цаана л байгаа. Тэр тоглоомын талбай ямар болохыг нь би очиж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна.

СБД-ийн 2-р хорооны оршин суугч Б.Гантөмөр

Манай энд тоглоомын талбай гээд байх зүйл байхгүй. Хүүхдүүд тоглох ямар ч боломжгүй, хуучны модон эвдэрхий гулсуураас өөр юу ч үгүй л байна. Ач охиноо тоглуулахын тулд дагуулаад өөр байрны тоглоомын талбай руу дагуулж явдаг. Гэрийнхээ гадаа гаргаж тоглуулчихдаг бол гэж их л боддог юм. Гэхдээ хүүхдээ гадаа тоглуулна гэдэг заавал нэг хүний үүрэгт ажил болчхоод байна. Хариуцаж авсан СӨХ, хороо дүүргээс юм хийгээд өгвөл олон хүүхдийн нар гарна даа.

380 жилийн түүхтэй хотод иргэндээ ээлтэй бүтээн байгуулалт үгүйлдэгдсээр. Шинийг цогцлоож чаддаггүй юм гэхэд эхний нийслэлийн тоглоомын талбайг нэг стандарттай болгох, багачуудыг гэмтээж болзошгүй хурц ирмэг бүхий тоглоомыг аюулгүй тоглоомоор солих хэрэгтэй байна.