УИХ-ын сонгуулийн тухай хуулийг боловсруулсан ажлын хэсэг төслөө өргөн барилаа. Үүнтэй холбогдуулан ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд тэргүүтэй гишүүд мэдээлэл хийлэ.

Н.Энхболд: -Сонгогчийн өгсөн санал УИХ-ын суудлын тоонд заавал тусгалаа олдог, өнөөдөр манай улсад хамгийн тохирох нь энэ гэж үзээд холимог тогтолцоо бүхий сонгуулийн хуулийг боловсрууллаа. Ингэхгүй бол иргэдийн саналын бараг тал хувь нь УИХ-ын гадна үлдээд байна. Нийт дүнгээрээ сонгогчдын 50 гаруй хувийн санал авсан улс төрийн хүчин УИХ-д 70-80 хувийн суудал авч байгаа нь байж болохгүй гэсэн шүүмжлэл олон жил гарлаа. УИХ-ын сонгуулийн тухай хуулиа зургаадугаар сарын 20-ноос өмнө баталсан байх ёстой. Бидэнд хоёр сар гаруйн хугацаа байна. Энэ хугацаанд бүхий л талаас нь хэлэлцээд батална гэж төлөвлөж байна.

Манай ажлын хэсэгт МАН-аас гурав, АН-аас хоёр, ХҮН-аас нэг төлөөлөл орж ажилласан. Бидний өргөн барьж байгаа энэ төсөл бол ажлын хэсэг дээр санал нэгдэн боловсруулсан төсөл. АН-ын зүгээс зарим асуудлаар байр сууриа илэрхийлэх шаардлагатай байна гэсэн. Тиймээс тусдаа хуулийн төсөл өргөн барих байх. Хоё хуулийн төслөө хэлэлцэх эсэхийг нь шийдээд хамтад нь хэлэлцээд явахад болно гэж ойлгож байгаа.

УИХ-ын гишүүдэд эзлэх эмэгтэйчүүдийн төлөөлөл 30 хувиас доошгүй байна гэсэн залт оруулсан. Засгийн газар намын жагсаалтад орох хүмүүсийн 50 хувь нь эмэгтэй байна гэсэн санал ирүүлсэн. Үүнийг дэмжээд төсөлдөө тусгасан. Жагсаалт нь нээлттэй байна. Сонгогчид жагсаалтад багтсан нэр дэвшигчийг сонгоно гэсэн үг. Ингэхээр саналын хуудсанд олон хүний нэр бичигдэнэ.

Анх боловсруулсан төсөлд намын УИХ-д суудал авах босго гурван хувь байна гэж заасан. Засгийн газраас өөр санал ирсэн. Тухайлбал, нам дангаараа орох, хоёр нам, гурван нам эвсэж орох тохиолдол бүрт энэ хувь өөр өөр байх хэрэгтэй гэсэн санал гаргасан. Тиймээс нам дангаараа сонгуульд орвол гурав, хоёр нам эвсвэл тав, гурав ба түүнээс дээш нам эвсвэл долоон хувийн босго давж байж УИХ-д суудал авна гэж үзсэн. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт хэлэлцэж эхэлнэ.

Д.Тогтохсүрэн: -Намын нэрийн ард янз бүрийн хүмүүс нуугдаж сонгогдох нь гэсэн шүүмжлэл байдаг. Тиймээс сонгогч намд саналаа өгч болно. Намыг нь дэмжихгүй бол жагсаалтад багтсан нэр дэвшигчийг дэмжиж болно. Тойрогт болон жагсаалтад зэрэг нэр дэвшихгүй.