Геополитик, газарзүйн байрлалын тухай хамгийн шилдэг номыг зохиогчид эцсийн эцэст уул хад, далай тэнгис, гол мөрөн, байгалийн баялаг нөөц зэрэг хөдөлшгүй бүтэц засаглалыг тогтооно гэдэгт үнэнчээр итгэсээр ирсэн. Гэвч дэлхий ертөнц тэдний төсөөлж байснаас илүү өөрчлөгдлөө.
Тим Маршаллын төсөөлөл биеллээ олсон нь
Оросын Украинд хийсэн дайн олон талаар гэнэтийн үйл явдал болов. Өнгөрсөн жил гэхэд л Орос дэлхийн эдийн засгийн сүлжээний нэг хэсэг, энх тайван орон байлаа. Худалдааны түншүүдтэйгээ маргаж, цөмийн дайны аюул заналхийлэл дагуулсан нь дэлхийн хамгийн том газар нутагтай (17,098,242 км кв) улс газар нутгийнхаа хэмжээг дахин тэлэх санаархал байв уу? Ерөнхийлөгч Владимир Путин ч өөрийн хийсэн алхам, түүнээс гарсан үр дагаварт бүрэн бэлтгэлтэй байсан эсэх нь эргэлзээтэй.

Тэд олон улсын харилцаанаас илүү уул ус, газрын гарц зэрэг газар зүйн байршил, тогтоц дэлхийн үйл явдлыг хэрхэн захирч буйг судалдаг. Тэдний бодлоор улс төрийг жинхэнэ утгаар нь ойлгохыг хүсвэл газрын зургийг нухацтай шинжих хэрэгтэй. Ингэж чадвал “Risk” хэмээх ширээний тоглоомтой адил газар нутгийг хэн, хэрхэн хянахаас шалтгаалж амжилт олох бөгөөд дэлхий өөрөө хөрш бүр тань өрсөлдөгч байх боломжтой өрсөлдөөний талбар гэдгээ харуулж байна.
Геополитикийн мөхөл ба сэргэлт
Зах зээлийн өсөлт, шинэ технологийн тэсрэлт газар зүйг хуучинсаг судлагдахуун болгосон. Далай тэнгисийн эрэг чингэлэг тээврээр дүүрч, хиймэл дагуулаас хязгааргүй мэдээлэл цуглуулж байгаа үед Малаккагийн хоолой, эсвэл Одессаг хэн эзэмших нь төдийлөн сонирхол татахгүй. Америкийн сэтгүүлч Томас Фридман 2005 онд “Дэлхий бол хавтгай” гэдгийг тунхагласан. Энэ бол даяаршлын хамгийн оновчтой зүйрлэл.
Эд хэрэглэл, оюун санаа, хүмүүсийн шилжилт хөдөлгөөн хил хязгаарт баригдахаа болив. Гэтэл өнөөдөр дэлхий хавтгай гэх үзэл эсрэгээрээ эргэв бололтой. Нийлүүлэлтийн сүлжээ тасалдаж, дэлхийн худалдааны хэмжээ өмнөх дүнгээ гүйцэхээ больж, цэнхэр гараг дээр газар нутаг илүү хуваагдмал болсон мэт. Дональд Трамп, Найжел Фараж нарын үзэл баримтлалтай ижил даяаршлын эсрэг тэмцэл цар тахлаас ч өмнө хэнгэрэг дэлдэж, цар тахлын үеэр “бөмбөг тэслэв”. Хүйтэн дайны төгсгөлд 10 байсан хилийн хана одоо 74 болж нэмэгджээ. Чухамдаа хүйтэн дайны дараах даяаршил төөрөгдөл байсан гэж улс төрийн шинжлэх ухааны эрдэмтэн Элизабет Валлет үздэг.
Үнэхээр л дэлхийн газар нутаг дахин хуваарилагдаж буйг өнөө бид харж байна. Шинээр үүсэж буй дайсагналтай нүүр тулах болсон удирдагчид хав дарсан хуучны стратеги, зөвлөмжүүдээ эргүүлэн сөхөх боллоо. Гэвч цаашид хэрхэх нь бүрхэг. Өнгөрсөн арван жилүүд технологи, оюунлаг байдал, бүтцийн өөрчлөлтийг авчирсан ч бид цаашид газар зүйн хоригдол хэвээр үлдэх үү?
Газрын хүч
Бид зөвшөөрөгдөөгүй газарт үхэж, зөвшөөрөгдсөн газарт цэцэглэдэг хүрээлэн буй орчны аясыг дагагчид юм.
Льюис Дартнеллын “Origins” номд өгүүлснээр “Хэрэв нэгэнтэйгээ түлхэлцэж орших тектоник хавтангуудын хил хязгаарыг газрын зурагт тодруулан дэлхийн хамгийн эртний иргэншлийн газрын зургийг давхарлавал гайхалтай уялдаа харагдана” гэжээ. Энэ уялдаа санамсаргүй тохиолдол биш. Хавтангуудын мөргөлдөөн уул нурууд, хөрсийг үржил шимтэй болгож, нам дор газрыг чийгшүүлэх агуу гол мөрнийг үүсгэжээ. Эртний Грек, Египет, Перс, Ассири, Индусын хөндий, Месоамерик, Ром бүгд хавтангуудын ирмэг хавьцаа байрладаг. Иранаас Египет рүү сунан тогтсон үржил шимт хавирган сар хэлбэрийн бүс гурван хавтангийн уулзварт оршино. Мөн өмнөд Америкийн санал хураалтыг бүсчилсэн зургийг харвал газар зүйн байрлалын хүч нөлөө төсөөллөөс ч илүү үр дагавартай гэдгийг ойлгоно. Америкийн газар нутгийн өмнөд төв хэсэгт бүгд найрамдах үзэлтнүүд, харин ардчилсан үзэлтэй мужууд түүнийг тойрон нумарсан хэлбэртэй сууршьдаг. Олон сая жилийн өмнө өнөөгийн Америк тив усан доор байсныг илтгэх зүйлс ч бий. XIX зуунд “Хар Бүс” нэртэй үржил шимтэй хар хөрсний судлыг тариаланчид илрүүлсэн. Энэ бүсэд тариаланчид боолуудыг авчирснаар үр удам нь эдүгээ хүртэл тэнд амьдарч, консерватив улстөрчдийг эсэргүүцсээр байдаг. Цэрдийн галвын үед тогтсон үржил шимт хөрсний тэг дунд орших Алабама мужийн Монтгомери хот нь хүний эрхийн хөдөлгөөний төв. Эндээс Мартин Лютер Кинг номлолоо айлдаж, Роза Паркс эсэргүүцлээ илэрхийлж байсан түүхтэй. Гэхдээ геополитикчид орон нутгийн сонгуулиас илүү олон улсын зөрчил мөргөлдөөнд анхаардаг гэдгийг санууштай.

Хуучин цагийн геополитикийн сургамж
ХХ зууны үед идеалистууд болон Британийн эдийн засагч Жон Мэйнард Кейнс “мөнхийн шагналын төлөөх тулаан”-аас илүү олон улсын харилцааны өөр арга замыг эрэлхийлж байв. Кейнсийг дагагчид худалдаа наймаа энэ үүргийг гүйцэтгэх мэргэн сонголт гэж үздэг Хэрэв дэлхийн улс орнууд хил хязгаарт баригдалгүй нээлттэй худалдаа эрхэлдэг болчихвол баялаг нөөцөө хадгалахын төлөө газар нутаг булаалдан, цус урсгах шаардлагагүй болно. Харин бусад идеалистууд технологийн шинэ үе гол түлхүүр нь ч гэцгээж байв. Хэрэв бүх газрууд хоорондоо нүдэнд үл харагдах тэнгэрийн сүлжээгээр холбогдвол улс орнууд газрын зураг дээрх стратегийн цэгүүдийн төлөө арсалдахаа болино гэж боджээ. Хэдийгээр бодит байдал дээр жишээ байгаагүй ч тэдэнд итгэл найдвар байлаа. Хүйтэн дайн дэлхий ертөнцийг худалдаа эдийн засгийн болон цэргийн холбоотнуудад хуваасан. Оросын уламжлалт бодлогоор нүүдэлчидтэй хөршилж илүү өргөн уудам нутагт аж төрөхийг оролдсон нь Зөвлөлтийн үеийн удирдагчдын үнэн төрх гэж зарим эрдэмтэн тайлбарладаг. Коммунизмыг устгаж биш хүзүүвчлэх аргаар халиулахгүй байх үзэл дэлгэрсний үр дүнд АНУ дэлхийн өнцөг булан бүрт гараа сунгаж чадсан билээ.
Ерээд оны үед худалдааны гэрээ хэлцлүүд борооны дараах мөөг шиг дэлгэрч, бүтэц байгууллагууд олшров. Европын холбоо, Умард Америкийн чөлөөт худалдааны гэрээ, Өмнөд Америкт Меркосур, энэ бүхний оройд Дэлхийн худалдааны байгууллага оршино. Бүс нутгийг оролцуулсан худалдааны гэрээ хэлэлцээрүүд 1988-2008 оны хооронд дөрөв дахин нэмэгдэж, худалдаа гурав дахин өсчээ. Газар нутаг эзлэхээс илүү худалдаагаар дамжуулан амин чухал нөөцүүдээ баталгаажуулсан улс орнуудын тоо ч нэмэгдэв. Томас Фридман шиг өөдрөг үзэлтнүүд улс орнууд эдийн засгийн холбоо сүлжээгээ сайжруулснаар дайныг хүлцэнэ гэж итгэжээ. Гэвч хонгилын үзүүр дэх гэрэл удаан ассангүй. Худалдаа дайны магадлалыг бууруулж байхтай зэрэгцэн цэргийн технологи хурдацтай дэвжив. Берлиний хана нурснаас хэдхэн сарын дараа Саддам Хуссейн Кувейт руу дайрах Иракийн довтолгооныг удирджээ. Энэ бол хуучин цагийн геополитикийн жишээ юм.
Ирак дэлхийн дөрөв дэх том армийг бүрдүүлж, Кувейтийг эзэлснээр дэлхийн газрын тосны нөөцийн тавны хоёрыг хянах боломжтой байв. Саддамын цэргүүд рүү АНУ-ын удирдсан нисэх хүчин агаараас цохилт өгч, холбоотнууд GPS технологийн шинэ хиймэл дагуул ашигласан. Иракийн цэргийн өндөр цолтнууд нөхцөл байдлыг ажигласны дараа агаарын дайралтуудыг зэмлэж, эцэст нь Кувейтээс цэргээ татсан билээ. Ерээд оноос хойш цэрэг армийн салбарт хувьсгал хийгдэж газрын хүнд зэвсэг техник нь хиймэл дагуул, онгоц, GPS, дрон зэргээр солигдов. Тэнгэрээр дүүрэн дрон дэлхийд энх тайвныг тогтоохгүй боловч шинэ технологийн ачаар арай цөөн хүн дайнд нэрвэгдэх болсон юм. Гэхдээ энэ хувьсал зөвхөн хүчирхэг эдийн засагтай чинээлэг орнуудад л нэвтэрсэн

Газар зүй бол шударга бус. Газар зүй хэрэв хувь тавилан байсан бол хүчтэй нь хүчтэйгээрээ, сул нь сулаараа үлдэх байсан.
Геополитикчид өөрчлөгдөшгүй нөхцөл байдлыг тайлбарлахдаа хэт түргэддэг сул талтай. Тэд дараагийн алхмыг тааварлахдаа ч итгэл муутай хэвээр. Харин оронд нь тэд түүхэнд санаа зовж буйгаа эелдгээр тайлбарлаж магадгүй юм. Маршаллын бичсэнээр Германы мужууд хоорондоо байлдахаас ядарсан тул эцэст нь нэгдэхээр болсон хэрэг үү. Вьетнам, Иракийн дайнууд Америкийн түүхийн үзэгдэл байсан уу. Онолчидтой адил газарзүйг тодорхойлогч газрын хүчинд итгэсээр байж болох ч хууль дүрэм, соёл, эдийн засгийн хүчин зүйлийг ангид авч үзэх боломжгүй юм.