Улаанбаатарын хүн ам хагас сая байхад нийслэлд Улсын драмын театр, Хүүхэд залуучуудын театр хэмээх хоёр л театр байсан. Гэвч зах зээлийн шуурганд нэг нь үгүй болж саяхныг хүртэл бид ганц л театрынхаа жүжгийг үзэж иржээ. Харин одоо цаг өөр болж, театрууд шил шилээ даран мэндэлж байна. Улсын драмтай зэрэгцэн жүжгүүд тавьж байсан “Хувьсал” продакшнаас хойш “Black box” театр, “Мөрөөдлийн театр” мэндэлсэн. Харин сүүлийн хоёр жилд буюу 2020 оноос хойш “Орфей”, “Pro”, “Bee” зэрэг театрууд шинээр мэндлэн дэлхийн сонгодог жүжгүүд болох “Фауст”, “Гэм зэм”, “Инээмтгий хүн”-ийг ар араас нь тайзнаа толилуулж байна. Ингэхдээ постдрам, моно, визуал хэмээх төрлүүдээр дэглэж буй нь олзуурхууштай. Зөвхөн драмын жүжгийн театрууд төдийгүй хүүхдийн театрууд ч шинээр байгуулагдаж байна. Театрын энэ өдрөөр (гуравдугаар сарын 27) л гэхэд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа “Ромео Жульетта”-гийн эмгэнэлт түүх зүрх шархлуулж, Соёлын төв өргөөний тайзнаа “Мөрөөдлийн театр”-ын “Шөнө буусан аадар” “асгарч” байна. Бас Хүүхдийн ордны тайзнаа “Dream day” хэмээх хүүхдийн театрын “Мэлхий гүнж” жүжгийнхэн үзэгчдээ хүлээн догдлон суугаа. Энэ бүхнээс анзаарахад Монголын театрын урлагт яалт ч үгүй нэгэн шинэ үе ирсэн нь эрхгүй анзаарагдана. Театр, жүжгүүд шинээр мэндлэхийн хэрээр тэр зүг зүглэх үзэгчдийн цуваагаар тасрахгүй байгаа нь бүр бахархалтай. Учир мэдэх хүнээс буюу УДЭТ-ын найруулагч М.Батболдоос “Одоогоос хэдхэн жилийн өмнө ганцхан төв театртай байсан Улаанбаатар хотод өдгөө театрууд шил шилээ даран мэндэлж байна. Энэ үзэгдлийг та юу гэж харж байна” хэмээн сонирхлоо.
Хариуд нь тэр “Энэ бол маш сайн үзэгдэл. Театр бол оюун санааны, сэтгэлгээ мэдрэмжийн тэжээл юм. Тиймээс аль болох олон театр байгуулагдаж, олон олон үзэгчид театр үздэг, үзээд ярилцдаг болох тусам нийгмийн эрүүл ухамсар сэргэж, хүмүүнлэг иргэний, соёлт нийгэм цэцэглэж, хүний хөгжилд онцгой ач холбогдолтой юм. Гагцхүү үзэгчид маань тэр дотроос шүүн тунгааж сайн мууг нь ялгаж, хэлэлцдэг байгаасай гэж хүсч байна” хэмээн өгүүлсэн юм.
Өөр нэг үзэгдэл нь хошин урлагийн тоглолтууд цагийн аясаар хаана ч юм хэдийнэ гээгдэж, продакшнууд нэг хэсэг нь кино руу, нөгөө хэсэг нь шоу драм руу, зарим нь драмын жүжгээр үзэгчидтэй уулзах болов. Шоу драм хэмээх нэгэн шинэ урсгалыг гаргаж ирсэн “Мөрөөдлийн театр”-ынхан л гэхэд 2000-аад оны үед ид шуугиулж байсан Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ц.Балдорж агсны “Шөнө амталсан нулимс”-ыг “Шөнө буусан аадар” нэртэйгээр тайзнаа дахин тавьж байна. Гуравдугаар сарын 1-нээс эхлэн өдөр бүр тасралтгүй тоглосон ч танхим дүүрэн үзэгчидтэй хэвээр. Хошин урлагийн тоглолтууд хумигдаж, театр руу цувах үзэгчид нэмэгдсэнтэй холбоотойгоор “Мөрөөдлийн театр”-ын захирал Г.Алтаншагайтай ярилцсан юм. Тэрээр “Хошин урлагийн хувьд маш олон жил ноёлсон, хүмүүсийг байлдан дагуулсан. Энэ стресстэй цаг үед үүргээ гүйцэтгэсэн. Үзэгчдийн цангааг тайлж байсан. Магадгүй харин энэ цаг үед хошин урлаг өөрчлөгдөх, шинэчлэгдэх цаг үе дээрээ ирсэн юм уу л гэж харж байна. Түүнээс биш хошин урлаг мөхөөгүй. Хошин урлаг уналтад орохоор “Мөрөөдлийн театр” драмын жүжиг хийгээд эхэллээ гэж байна. Бид яагаад “Мөрөөдлийн театр” гэж нэрлэсэн бэ гэхээр анхнаасаа драм тавих нь бидний бодлого байсан. Бид дараагийн удаа дэлхийн сонгодог бүтээл дээр ажиллах гэж байна” хэмээсэн юм.
Цангаа, шахаа юу, эсвэл...
Театрын сэргэлтийн тухайд өгүүлэхийн тулд бүтээлүүдийн чансааны тухай асуудал хамгийн эхэнд яригдана. Өнгөрсөн хоёр жилд дуулиан тарьсан хоёр жүжгээр жишээлэн тайлбарлая. Цар тахлын улмаас шаггүй хугацаанд хөл хорионд байсан урлагийнхан 2021 оны арваннэгдүгээр сарын 1-нээс “чөлөөлөгдөж”, цангасан талд хур буух мэт урлагийн тоглолт, жүжиг, киноны нээлт ар араасаа цуварсан. Танхимын дүүргэлт 50 хувьтай байх ёстой гэдэг нь ч нөлөөлсөн үү билет захиалахаар орох бүрт “Тасалбар дууссан” хэмээх үг угтаж байлаа. Театр, танхимуудыг цэлийлгэснээс хойшхон ердөө 20 гаруйхан хоногийн дараа Монголын театрын урлагт дуулиан тарьсан нэгэн бүтээл мэндэлсэн нь “Орфей” театрын “Гэм зэм” жүжиг байлаа. ГИТИС төгсөж ирсэн шинэхэн найруулагч Мягмарнарангийн Батболдын найруулан тавьсан энэхүү постдрамаар Улаанбаатарынхан хэсэгтээ л амьсгалсан. Тасалбарынх нь үнэ чамгүй өндөр буюу 100-285 мянган төгрөгийн үнэтэй байсан ч РЦНК тийш хүмүүс цуварсаар л байлаа.
Шинэ театр байгуулах нь ч тэр, “Гэм зэм”-ийг зориглон тавина гэдэг нь ч тэр маш том эрсдэл. Гэвч тэд зориглон “Гэм зэм”-ийг хийснээрээ яалт ч үгүй нэгэн тэсрэлт хийж чадсан. 20 орчим мянган хүн үзэж, ОХУаас, олон улсаас ч театр судлаач шүүмжлэгч нар өндөр үнэлгээ өгч өөрийн орондоо тоглуулах хүсэлт тавьж байлаа. ОХУ-ын дөрвөн ч телевиз ирж сурвалжилж байсныг санаж байна.

“Гэм зэм” нь Монголд тоглогдож байсан театрын бүтээлүүд дотроос үзэгч, шүүмжлэгчдээс хамгийн өндөр үнэлгээ, эерэг сэтгэгдлийг авсан бүтээл хэмээн судлаачид дүгнэж буй. Монголчууд театрт хайртайгийн баталгаа нь энэхүү “Гэм зэм” жүжиг билээ.
Тахлын дараагаар өөр нэг дуулиан тарьсан эрхэм бол “Херо”-гийн Баатар. Монголын ард түмний эрхэм хүмүүн Хөдөлмөрийн баатар ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнд амласнаа биелүүлэн тэрээр “Тамгагүй төр” жүжгийг нь физикл драм хэлбэрээр тавьсан юм. “Тамгагүй төр” хэсэгтээ л тайзыг нь эзэгнэсэн. Уг жүжиг нийт 117 удаа тоглогдон гадаад, дотоодын нийт 68074 үзэгчдэд хүрснээр 2022 оны тоглолтоо хаасан. Энэ онд Английн театрын төв “West End”-д тоглохоор бэлтгэл ажлаа хийж буй. Дэлхийд Нью-Йоркийн “Broad-way”, Лондонгийн “West End” хэмээх театрын хоёр ноён оргил байдаг. Тэгвэл У.Шекспир, А.Дюмагийн бүтээлүүдээс эхлээд дэлхийн сор болсон бүтээлүүд тоглогдож байсан Английн “West End”-д “Тамгагүй төр” ийнхүү амилахаар болсон нь театрын урлагийн түүхэнд тодоор тэмдэглэн үлдээх үйл явдал юм. “Гэм зэм”-ийг шуугиулж байхад “Цар тахлын дараах цангаа төдий” хэмээн үгүйсгэж байв. Харин “Тамгагүй төр” УДЭТ-ыг эзэгнэхэд Засгийн газрын захиалгаар бүтээж, төрийн албан хаагчдад билетээ шахсан хэмээн мөн л үгүйсгэж байв. Гэхдээ ямар ч цангаа, ямар ч шахааны үзэгч хэдэн арван мянган хэмжигдэхгүй биз ээ.

Богд эзний сургаал үгс Бавуугийн Лхагвасүрэнгийн найргаар ахин бидний сэрэл ухамсрыг дэлдэж байгаа юм. Б.Баатар цэвэр урлагийн хэлээр та бидэнд үүнийг л дамжуулсан. Найруулагч Б.Баатар өөрийн гарын үсгээр бүтээсэн урлагаа бидэнд омог бардам толилуулж байна. Энэ бол физикл драм гэхээсээ монгол драм байлаа.
Хэрсүү үзэгч
Театрын сэргэлтийн нэг хэсэг нь уран бүтээлчид. Нөгөө тал нь түүнийг тосон авах үзэгчид. Мянган сайхныг бүтээгээд түүнийг ойлгох үзэгч үгүй бол тус бүтээл тэгээд л дуусна. Гэхдээ таатай мэдээ театр зүг зорих үзэгчийн тоо жилээс жилд нэмэгдэж байна.
Хошин урлаг, инээдмийн кино руу хошуурдаг үзэгчдийн хандлага хэдийнэ өөрчлөгдсөнөөс гадна “өөрийг” сонирхох нэгэн үе хэдийнэ мэндэлсэн. Энэ нь ч харагдаж байна. Театрыг зорих залуусын ихэнх нь шинэ үеийнхэн буюу “Z” үеийнхэн. Түүнээс гадна нэг анзаарагдаж буй зүйл нь цахим сүлжээгээр хөврөх мэргэжлийн шүүмжлэгчдээс дутахааргүй тэдний сэтгэгдлүүд. Уншиж судалсан, таньж мэдсэн төдийгүй жүжгийн хэлэх гэсэн санааг өөр өөрийн өнцгөөр өвөрмөцөөр өгүүлсэн нь харагдана. Ер нь шинэ үеийн театрын үзэгчдийг товчхон тодорхойлвол хэрсүү. Тэд шуугисан бүхэн рүү гүйж очихгүй, сонирхсоноо л үзнэ. Жишээлбэл, УДЭТ-ын тайзнаа тавигдсан ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын хоёр жүжгээр жишээ авъя. Эхнийх нь “Хаадын хаан-Андгай”. Удаан хугацаанд дуншсан түүхэн жүжиг. Маркетингийн тал дээр үнэхээр сайн байсан ч “Тэнгэрийн хүү” шиг нь лав үзэгчтэй байсангүй. Цөөн хэдэн удаа тоглогдоод дахин тайзнаа мэндэлсэнгүй. Өөрөөр тавихгүй л болж хүлээж авахгүй нь. Харин нөгөөх нь Дэлхийн утга зохиолын сонгодог төлөөлөгчдийн нэг Оросын алдарт зохиолч Лев Николаевич Толстойн “Анна Каренина”. Цар тахлын үеэр мэндэлсэн энэ жүжиг 2020 оны аравдугаар сарын 3-нд нээлтээ хийсэн цагаасаа хойш Улсын драмын эрдмийн театрын тайзнаа 80 удаа тоглогдож, 284 цагийг тайзнаа зарцуулж, 38700 гаруй үзэгчдэд оюуны таашаал бэлэглэжээ. Жилдээ хэд хэд тавьж буй ч танхим дүүрэн хэвээр. Эндээс харахад үзэгчдийн “хэрсүү”-г буюу цаг үе, оюун санаа, сонирхол, хүлээлтийг даван гарч сайн уран бүтээл туурвихгүй л бол арчигдах цаг нэгэнт иржээ.

УДЭТ 2010-2019 оны хооронд жилд дунджаар 170 удаагийн тоглолт зохион байгуулж, 57.3 мянган хүнд үйлчилсэн. Энэ нь 2002-2009 оны дунджаас тоглолтын тоо 47 (28 хувь) өссөн, үзэгчийн тоо 22.2 мянгаар (39 хувь) өссөн эерэг үзүүлэлm юм. Театрыг зорих үзэгчдийн цуваа өдрөөс өдөрт ихсэж, драмын урлагийн зах зээлийн чиг хандлага тасралтгүй өсөн нэмэгдэж байна.

Найруулагч Н.Наранбаатар “Анна Каренина” жүжгээ хүнд хүргэх, ялангуяа залуучуудын сонирхлыг татах хэдэн өвөрмөц шийдэл оруулахыг зорьсон нь амжилттай болсон мэт санагдав. Энэхүү жүжгийг ХХ зууны уламжлалт буюу реалист арга маягаар дэглэж гэмээ нь залуучууд ингэтлээ сонирхох эсэх нь эргэлзээтэй. Найруулагчийн баримталсан мелодрам арга маяг, түүнийг дагасан хурц тод дүрслэл, дүрүүдийн эсрэгцүүлэл, сэтгэл зүйн хувирал бүхэн өнгө зохицлоо тун таатай олжээ. Ийм жүжгийг энэ цаг үед ингэж дэглэхээс өөрөөр яахав гэмээр.

Анх “Анна Каренина” жүжгийг тавина гэсэн зар нь л урлаг соёлын амьдралд хангалттай дуулиан үүсгээд байлаа. УДЭТ-ын шинэ улирлыг “Анна Каренина” нээлээ. Тэдэнд хүмүүс хэрхэн алга ташсаныг бүх хүн сонсдог ч болоосой.

Үзэгдэл үү, үргэлжлэх үү
Театрын урлагийн салбарт үзэгдэл гэмээр ч юм уу ийм нэг театр, жүжгийн давлагаа өрнөж байна. Энэ давлагаа цаашид үргэлжлэх үү, аль эсвэл үзэгдэл болоод өнгөрөх үү.


Театрыг зорих үзэгчид дөнгөж театр руу алхаж байна. Үүнийг би эхлэл гэж харж байгаа. Цаашид улам нэмэгдэх байх.

Түүх үнэтэй ч, өнгөрсөнтэй нялууран зууралдах эрхгүй цаг үе гэж өнөөдрийг эдгээр залуус үзэж байгаа юм байна. Тийм болохоор театруудыг гэрэлтэй байлга. Тэндээс цуурайлах дууг сонсоцгоо, эрхмүүд ээ.

Театрын урлаг гэгээтэй байна
Театрын сэргэлтэд өнгө нэмэх олон “шинэ” зүйлс буйг энд өгүүлье. Хамгийн эхний “шинэ” нь манай театрын урлагийн салбар гадаадад боловсрол эзэмшсэн шилдэг шинэ найруулагчдаар дүүрэн байна. ГИТИС буюу ОХУ-ын театр урлагийн институтыг төгссөн М.Батболд, Э.Ёндоншарав нар УДЭТ-т байгаа бол “Инээмтгий хүн”-ийг тайзнаа тавьсан отгон театруудын нэг “Pro” хэмээх театрыг Санкт-Петербургийн Театр урлагийн академийн төгсөгчид хамтран байгуулжээ. Олон улсын театрын институтын Монголын төвтэй хамтран “Mono Month буюу Нэг хүний жүжиг” уран бүтээлийн төсөл хэрэгжүүлж буй “Bee” театрт мөн л гаднын оронд мэргэжил эзэмшсэн чадварлаг залуус бий.
Үүний дараагийн баяртай мэдээ нь “шинэ” барилгууд. Хүүхэд залуусын хөлд дарагдаж байсан Хүүхэд залуучуудын театрын барилга шинээр баригдаж буй. Мөн удаан дуншсан Үндэсний урлагийн их театрын барилга баригдаж, удахгүй УДЭТ-аас өрх тусгаарлах сураг бий. Мөн Өмнөговь аймагт баригдсан 850 хүний суудалтай шинэ театрын араас Дорнод, Увс зэрэг аймгуудад олон улсын стандартад нийцсэн орчин үеийн театр баригдаж буй. Дараагийн нэг “шинэ” нь дэвшилтэт технологийн шинэ туршилтууд. Өнгөрсөн жил “Тамгагүй төр” жүжигт олон шинэ технологийн дэвшил оруулсан. Үүний нэг нь жишээлбэл, духанд байрлуулдаг микрофон байсан билээ. Мөн “Мөрөөдлийн театр”-ынхан “Шөнө буусан аадар” жүжигтээ кино театрын дуугаралтыг дуугаргаж үзэж байна. Хөгжмийн дуугаралт, тайз дэлгэц, эдлэл хэрэглэлийн хувьд бүгд л шинийг эрэлхийлж, дэлхийтэй эн зэрэгцэхээр ажиллаж байна. Энэ мэт олон “шинэ”-үүд театрын урлагийн сэргэлтэд дэм нэмэх нь гарцаагүй биз ээ.
Эцэст нь өгүүлэхэд, олон театрууд гарч ирсэн ч Улаанбаатарын минь цөөхөн хэдэн газар л гэрэл сүүмийж байгаа. Шил дараалсан уран бүтээлүүд төрж байгаа нь сайн ч уран бүтээлийн чанарын асуудлын яригдана. Гэхдээ энэ дараагийн асуудал. Ямартай ч театрын урлаг “Гэгээтэй байна” гэж хэлмээр байна.

Тоо олширно, дараа нь чанарт шилжинэ. Үүнээс Монголын театрын урлаг чанаржиж хөгжинө. Театрын урлаг бол агуулгын урлаг юм. Хэлбэрийн урлаг бол шоу, цирк, концерт хэдий ч өнөөдөр тэд маань агуулга руугаа явж л байгаа.
Их хотод цаг нэлээд орой болж. Яг л энэ мөчид жүжиг дуусаж театрынхан үзэгчдэдээ мэхийж байгаа. Уран бүтээлчдийн ч, үзэгчдийн ч хамгийн гоё мөч нь тэр юм. “Тайзны хүн”-ий жаргалаа мэдэрсэн тийм нэг халуун илч нь төөнөж байна. Бас тэдэн руу л урсах дулаан алга ташилт ч сонсогдож байна.