Монголчууд бид уг нь их “шошгосог” ард түмэн. 9911-тэй дугаараар гангарч, дэлхийн үнэтэй брэндүүдээр дэгжирхэж, шинэ загварын гар утас, машинаараа өрсөлдөж, “Номин”-гийн уутанд юу ч юм хийж гудамжаар барьж алхах дуртай. Гэхдээ бид яг өөрт хэрэгтэй шошгоо буюу хүнсний шошгоо уншиж чаддаг бил үү. Одоохондоо он сар, орц найрлагыг харахаас илүү бидний боловсрол хэтрэхгүй нь.

Шошго бидний амьдралд нэг их чухал зүйл биш мэт санагдаж магадгүй. Гэхдээ өргөн зургаар нь харвал эрүүл мэндийн хамгийн чухал хэсэг нь. Хувцас хэрэглэл, автомашин, гар утас гээд бүхий л бүтээгдэхүүнд шошго буюу танилцуулга бий. Энэ дундаас хүнсний шошгыг онцолъё. Хүнсний бүтээгэдэхүүний шошго уншихаасаа урьтаж юунд анхаарах, шошгоны стандартад юуг тусгасан байх, шошгыг хэрхэн унших, шошгоны тэмдэглэгээ юуг илэрхийлдэг, уншиж сурснаар бидэнд ямар ач тустай талаар өгүүлье.

Уншихаасаа урьтаж...

Худалдан авах бүтээгдэхүүний шошгыг уншихаасаа урьтаж хаанаас авахаа сонгох хэрэгтэй. Зориулалтын орчин нөхцөлд хадгалж, худалдаалж байна уу гэдэг нь бидний хамгийн эхний харах зүйл. Хүйтэн сэрүүн нөхцөлд хадгалах бүтээгдэхүүнийг лангуун дээр зарж байна уу гэдгийг бид огт харалгүй, хадгалах нөхцөлийг уншилгүйгээр бүтээгдэхүүн худалдан авч байгаа нь бидний хэнэггүйн эхний жишээ.

Дараагийнх нь сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал. Ууттай бүтээгдэхүүнийг урагдаагүй эсэхийг, харин лаазалсан бүтээгдэхүүнийг хонхойсон, төвийсөн эсэхийг, шилтэй бүтээгдэхүүнийг харахдаа тунадас үүссэн эсэхийг шалгаж үзсэний дараагаар хаяг, шошгыг харах ёстой.

Үүнээс гадна анхаарах ёстой нэг зүйл нь “хямдрал”. Хямдарсан бараа бүрийн ихэнх нь хугацаа нь дуусах гэж буй бүтээгдэхүүн байдаг учир хэрэглэх хугацаагаа тооцоолж худалдан авах хэрэгтэй байна.

Гадны буюу импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгоны мэдээлэл монгол, эсхүл англи, орос хэлний аль нэгээр бичигдсэн байх ёстой бөгөөд өөр хэлээр бичигдэх ёсгүйг хуулиндаа тусгасан байдаг. Жишээлбэл, хятад, турк, солонгос хэлээр байх юм бол та тухайн бүтээгдэхүүнийг импортлогч байгууллагад хандаж, хуулинд заасан гурван хэлийн аль нэгээр байлгахыг шаардах эрхтэй.

Шошго хаяг нь тодорхойгүй бол шаардах эрх ч танд бий. Жишээлбэл, хаанаас ирсэн нь тодорхойгүй жимс, хүнсний ногоог Солонгосоос ч юм уу Туркээс авчирсан гэдэг. Гэтэл бид яг Солонгосоос ирсэн үү, Туркээс ирсэн үү гэдгийг хараад таньж чадахгүй. Жимс, ногоо бүхэнд дагалдах гарал үүслийн гэрчилгээ байдаг ба үүнийг тухайн аж ахуйн нэгжээс шаардах нь бидэнд дутагдаж буй нэг соёл юм.

НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан З.Цолмон

Шошго ямар байх ёстой вэ

Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтод MNS 6648:2016 стандартыг баримталдаг. Энд дарж та сонирхох боломжтой.

Мөн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлд Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошгын мэдээллийг зааж өгсөн байдаг.

12.4-д Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошго дараах мэдээллийг агуулсан байна хэмээгээд дараах зүйлийг багтаасан байх ёстой байдаг аж. Үүнд, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний нэр, үйлдвэрлэгчийн нэр, хаяг, хэмжээ, тоо ширхэг, бүтээгдэхүүний цувралын дугаар, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, эсхүл хэрэглэж дуусах хугацаа, хадгалах нөхцөл, тэжээллэг чанар, орц, найрлага, хэрэглэх арга, гаж нөлөө, хориглох заалт багтаж байна.

Харин Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошго, дагалдах хуудсанд тусгай хоолны дэглэмтэй хүнд зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний зориулалт, найрлага болон хэрэглэх заавар, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг гүйцэд боловсруулах аргачлал, хүнсний нэмэлт, органик хүнс, хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгод Монгол Улсад болон олон улсад хэрэглэдэг тэмдэг, тэмдэглэгээг тавьсан байх ёстой юм байна.

“Буруу шошго”

Дараах тохиолдолд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буруу шошголсон гэж үзэх аж. Үүнд, шошго худал мэдээлэл агуулсан, тухайн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн өөр хүнсний нэрээр бичигдсэн, өөр хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний сав, баглаа боодол ашиглан шошгыг дуурайлгаж хуурамчаар үйлдсэн, тусгай хоолны дэглэмтэй хүнд зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний зориулалт, найрлага болон хэрэглэх зааврыг монгол хэлээр бичээгүй, Монгол Улсад болон олон улсад хэрэглэдэг тэмдэг, тэмдэглэгээг шошгод тавиагүй, унших боломжгүй, ойлгомжгүй үг, өгүүлбэр, он, сар, өдөр бичигдсэн, ионжуулагч цацрагийн боловсруулалт хийсэн тэмдэглэгээгүй зэрэг багтаж байна.

Зарим хүнсний нэрийн дэлгүүрүүдэд шошгоны гадаад хэл дээрх тайлбарыг дарж, дээр нь шошго наасан, он, өдрийг дарсан, хэт жижгээр бичсэн, ойлгомжгүй үг ашигласан, хэвлэлт нь хэт бүдэг зэрэг тохиолдол гардаг. Хэрвээ та энэ бүхнийг  сануулж шаардаж байх юм бол Монгол Улсын хүнсний аюулгүй байдалд бага ч гэсэн өөрийн хувь нэмрээ оруулж байна гэсэн үг юм.

Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний багцалсан болон жижиглэн савласан сав, баглаа боодол дээрх шошгыг тухайн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч болон худалдаа эрхлэгч хариуцах ёстой учир ямар нэгэн алдаатай байвал тухайн үйлдвэрлэгч болон худалдаа эрхлэгчээс шаардах нь.

НЭМҮТ-ээс гаргасан шошго унших заавар байдгийг мэдэх үү

Хэрэглэгчдийн шошго унших соёлд нэмэр болох үүднээс Нийгмийн эрүүл мэндийн төвөөс бэлтгэн гаргасан “Хүнсний бүтээгдэхүүний шошго уншиж сурцгаая” гарын авлагыг хүргэж байна. Энд дарж гарын авлагыг бүрэн эхээр нь сонирхоорой. Энэхүү гарын авлагатай танилцсанаар яагаад хүнсний бүтээгдэхүүний шошгыг унших ёстой, шошгонд агуулагдах мэдээлэл хаана байршдаг, бүтээгдэхүүний шошгоос шимт бодисын талаарх мэдээллийг хэрхэн авах, харьцуулах гэх мэт мэдээллийг авах боломжтой. Мөн шингэн хүнсэнд агуулагдах нийт тос, ханасан тос, чихэр давсны хэмжээг өнгөөр ялган тэмдэглэсний учир, өтгөн, өтгөвтөр, хуурай хүнсэнд агуулагдах илчлэг, шим тэжээлийн хэмжээг гэрлэн дохионы өнгөөр ялгадаг учрыг мэдэж авах боломжтой.

Үүнээс гадна хүнсэнд агуулагддаг гол түүхий эдүүдийг англи, монгол, орос хэлээр хэрхэн нэрлэдэг, хүнсний нэмэлт, харшлын талаарх агуулга, харшил үүсгэгч нийтлэг хүнсийг таньж мэдэх ач холбогдолтой.

Шошгоноос юуг чухалчлах вэ

Хүнсний бүтээгдэхүүний шошго бол тухайн бүтээгдэхүүнийг тодорхойлсон хөтөч. Энэ хөтчөөс бид ямар мэдээллийг чухалчлан харах ёстойг хүнсний инженер О.Гал-Очир ийнхүү зөвлөсөн юм.

1.Илчлэгийн мэдээлэл

Шимт бодисын мэдээлэл, үүнийг тооцсон илчлэг чанарын мэдээлэл бол шошгоноос авах хамгийн чухал мэдээлэл. Ихэнх шошгон дээр 100 гр бүтээгдэхүүнд агуулагдах шимт бодис болон илчлэгийг тооцсон байдаг. Энэ нь "Та энэ бүтээгдэхүүнийг идсэнээр энэ хэмжээний ккал энерги биедээ авна” гэдгийг илэрхийлдэг.

2.Орц, найрлагын мэдээлэл

Шошгон дээр бүтээгдэхүүнийг хийхэд хэрэглэсэн түүхий эд, хүнсний нэмэлт болгоныг дурдсан байх ёстой бөгөөд та энэ мэдээллээс өөртөө тохирдоггүй найрлагыг харах боломжтой. Жишээ нь, та самраас харшилдаг бол шууд харчих боломжтой. Нийтлэг харшил үүсгэгч бүтээгдэхүүнийг бол тусгайлан анхааруулга бичсэн байдаг.

3.Тосны хэмжээ

Тухайн бүтээгдэхүүнд агуулагдах нийт тосыг, анасан болон ханаагүйгээр нь ялгаад биччихсэн байдаг. Монголчуудын, тэр тусмаа хотод суурин амьдардаг хүмүүсийн махны хэрэглээ улирал хамаарахгүй маш их байдаг. Үүгээрээ дамжуулан ханасан тосыг организмдаа ихээр авч байдаг тул ханаагүй тосыг сонгох нь чухал. Та өөх иддэггүй гэж болох ч 100 гр ямар ч өөхгүй үхрийн маханд 25 гр уураг, 26 гр тос агуулдаг.

4.Уургийн хэмжээ

Уураг бол хүмүүсийн дунд хамгийн нэр хүндтэй шим бодис. Гэхдээ өдөр тутмын хэрэглээнд биед илүүдсэн уургийн задралын бүтээгдэхүүнүүд бөөрөнд маш их сөрөг нөлөөтэй. Идэх уургийн хэмжээг багасгах хамгийн тохиромжтой арга бол нүүрс устай хослуулах мөн ногоотой хоол юм.

5.Нүүрс усны хэмжээ

Цардуулын болон сахарын хэмжээг заавал дурдсан байдаг. Цардуул, сахар хоёрын задралын эцсийн бүтээгдэхүүн нь глюкоз гэх энгийн сахар байдаг бөгөөд ганц ялгаа нь сахар маш хурдан задарч цусанд шимэгдэж, цусан дахь сахарын хэмжээг өсгөж байдаг.

Хэрвээ танд чихрийн шижин буюу инсулины асуудал байдаггүй бол үүнээс айх шаардлагагүй. Харин цардуул хэрэглэхэд бие организм уг нүүрс усыг задалж глюкоз болгон хувиргахын тулд ачааллаж, сахарыг бодоход гэнэт их хэмжээгээр биш ч задарч дуусан дуустал глюкозыг цусанд оруулсаар байдаг.

6.Эслэгийн хэмжээ

Эслэг гэдэг нь цардуултай адил нүүрс ус бөгөөд ганц ялгаа нь бодисын химийн бүтцийн хувьд арай өөр байдаг тул бие организм шингээж задалж чаддаггүй. Хэдий ийм ч уг бодис хоолонд түлхүү орох нь зохисгүй хооллолтын алдааг залруулахын төлөө ажиллаж байдаг цорын ганц бодис.

7. Натрийн хэмжээ

Хөлс их гардаг онцлогтой хүн, халуун цаг агаарт удаан хугацаанд байх зэрэгт л натрийн хэмжээ их байж болдог. Учир нь натрийн тохирсон хэрэглээ биеийн усыг барьж байдаг, хөлс, шээсээр байнга гадагшилж байдаг. Хэтэрсэн хэрэглээ нь цусны даралт ихэсгэх нөлөөтэй тул энэ найрлагыг анхаарч байх нь чухал.

8.Аминдэм, эрдсийн мэдээлэл

Хүнсний бүтээгдэхүүнээр дамжуулж гипервитаминоз (аминдэмийн илүүдэл) үүсэх нь бараг тохиолддоггүй, бага хэмжээгээр агуулдаг тул үүн дээр ач холбогдол өгөх хэрэггүй. A, D, E, K аминдэмүүд нь тосонд уусдаг тул хөлс, шээсээр биеэс ялгарах боломжгүй тул илүүдэх боломжтой.

9.Холестеролын хэмжээ

Холестерол нь тостой төстэй бодис бөгөөд судасны ханаар наалдаж, урсалтыг багасгаж, даралтыг нэмэгдүүлснээр харвалт, даралт ихсэх гэх мэт өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг. Тиймээс мэдээж холестеролын хэмжээг байнга харж байх хэрэгтэй. Махны тосноос холестерины агуулга байнга авч байдаг ч холестерин бууруулах маш үр дүнтэй нэг арга байдаг.

Хүнсний инженер О.Гал-Очир

E тэмдэглэгээний учир

Шошгон дээрээс бидний анзаарах ёстой өөр нэг зүйл нь Е тэмдэглэгээ буюу хүнсний нэмэлт бодисын мэдээлэл. Одоогийн байдлаар дэлхийн хүнсний үйлдвэрлэлд 2000 гаруй хүнсний нэмэлт бодисыг ашиглаж байгаа бөгөөд “E” тэмдэглэгээ болон тоо нь дараах утгыг агуулж буй юм.

-Е100 дээш–будагч бодис

-Е200 дээш–нөөшлөгч бодис

-Е300 дээш–үл исэлдүүлэгч бодис

-Е 400 дээш–тогтворжуулагч бодис

-Е 450 дээш–тос

-Е 500 дээш–хүчлийг саармагжуулах бодис

-Е 600 дээш–амт, үнэрийг нэмэгдүүлэгч бодис

-Е 700 дээш–нөөц индекс

-Е 900 дээш–үл хөөсрүүлэгч бодис

-Е 1000 дээш–өнгөлөгч агент

Ихэнх хүнс болон химийн үйлдвэрлэл эрхлэгчид хүнсний нэмэлт бодисын хэрэглээ болон аюулгүй байдлыг хэдэн арван жилээр туршиж, судлан үйлдвэрлэдэг учраас аюулгүй гэж үздэг. Гэвч хүнсний нэмэлт бодисыг хэрэглэснээс олон арван жилийн дараа эрүүл мэндэд эрсдэл, сөрөг нөлөө үүсэх тохиолдол цөөнгүй гардаг байна. ДЭМБ-аас зарим төрлийн хүнсний нэмэлт бодисын хүний бие махбодид үзүүлэх хортой нөлөөллийг тогтоосон байдаг. Үүнд,

-Сэжигтэй–Е 104, 122, 141, 150, 171, 173, 241, 477

- Аюултай–Е 102, 110, 120, 127, 129, 155, 180, 201, 220, 222, 223, 224, 228, 233, 242, 270, 400-405, 501, 502, 503, 620, 636, 637

- Маш аюултай–Е 123, 510, 513, 527

- Хориотой–  103, 105, 111, 121, 125, 126, 130, 152

- Хавдар үүсгэх–Е 131, 142, 153, 210-216, 219, 249, 252, 280-283, 330, 954

- Тууралт өгөх–  312, 339-341, 343, 450-454, 461, 462, 463, 465, 466, 907

- Хоол боловсруулах эрхтэнд нөлөөлөх–Е 154, 626-635

Цахим ертөнц хөгжсөн энэ цаг эринд Е тэмдэглээтэй бүтээгдэхүүн байвал хайлт хийгээд л ямар учиртай “Е” болохыг мэдээд авчихаж байгаарай. Бид л төдийлөн анзаардаггүй болохоос биш тогтож сайн харвал өдөр тутам хэрэглэдэг гурилан боовонд хүртэл хэд, хэдээрээ агуулагдаж байдаг.

Монгол Улсын аюулгүйн тэмдгийг шошгоноос таних нь

Хүнсний бүтээгдэхүүний шошгоос бидний огт анзаардаггүй нэг зүйл бол “Аюулгүйн тэмдэг”. Бүхий л улсад аюулгүйн тэмдэг байдаг бөгөөд Стандарт, хэмжил зүйн газар нь 2019 оноос “Аюулгүйн тэмдэг” олгож байна. Энэхүү тэмдгийг олгохдоо төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл бүхий орон тооны бус зөвлөл ажиллан, ажлын хэсгийн тайлан, дүгнэлтийг хэлэлцэж шийдвэр гаргадаг байна.

Уг тэмдэг бүхий бүтээгдэхүүнийг хэрэглэгчид сэтгэл ханамж дүүрэн хэрэглэхээс гадна аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэж буй юм.

Аюулгүй, чанарын баталгаатай хүнс болон бусад бараа бүтээгдэхүүн нь эрүүл аюулгүй амьдралын баталгаа болж өгдөг билээ.

Аюулгүйн тэмдэгтэй хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад одоогоор “Сүү” компанийн дөрвөн төрлийн сүү, зургаан төрлийн тараг, 16 нэр төрлийн зайрмаг,  “Алтан тариа” ХК-ийн таван нэрийн гурил, найман нэрийн гоймон, хүүхдийн будаа, “АПУ” ХК, “М-БИ-СИ Азиа Пасифик” ХХК-ий найман төрлийн шар айраг, “Милл хаус”, “Хөвсгөл алтан дуулга” ХК-ийн буудайн гурил, “Жем интернейшнл”-ийн архи, пиво, “АПУ дэйри” ХХК-ийн сүү сүүн бүтээгдэхүүн, “Мөнхийн болор” ХК-ийн 81 нэрийн мах, махан бүтээгдэхүүн, “Есөн-Од” ХХК-ийн шоколадны төрлийн 23 нэрийн бүтээгдэхүүн, “Есөн-Од фүүд интернэшнл” ХХК-ий “Golden gobi” нэрийн шоколад, “Шинэ эхлэл” ХХК-ийн “Хамаг Монгол” цагаан архи, “Милко” ХХК-ийн тослог сүү, зургаан төрлийн хатаамал сүү, дөрвөн төрлийн эсэг цагаан идээ, долоон төрлийн уураглаг цагаан идээ багтаж байна.

“Аюулгүйн тэмдэг”-ийн ач холбогдлыг таньж авсан бол та одооноос эхлэн хүнс сонгохдоо анзаарч байгаарай.

Шошго уншиж сурах нь эрүүл мэндийн боловсролын анхан шат

Хүнсний бүтээгдэхүүний шошгыг зөв уншиж сурснаар маш олон ач холбогдолтой. Нэгдүгээрт, тэжээллэг чанарыг мэдэж тухайн бүтээгдэхүүнээс өөрийн болон гэр бүлийнхээ хоол тэжээлийн хэрэгцээнд тохируулан хэрэглэх боломж бүрдэх ач холбогдолтой. Хоёрдугаарт, бүтээгдэхүүний хадгалах нөхцөл, хугацааг мэдсэнээр гэр бүлийнхээ хэрэгцээнд шинэ, чанартай бүтээгдэхүүн зөв сонгон хэрэглэх боломж бүрдэнэ.

Хүнсний бүтээгдэхүүнийг хоол тэжээлийн хэрэгцээ, эрүүл мэндийн байдалдаа тохируулан зөв сонгон хэрэглэснээр таргалалт, зүрх судас болон хоол боловсруулах эрхтэн, бодисын солилцооны өвчинд өртөхгүй байх маш өндөр ач холбогдолтой.

Шошгожилтыг мөрдүүлэхэд иргэдийн стандартын боловсрол чухал

Аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд шошгоны стандартыг нэг үеэ бодвол харьцангуй сайн мөрддөг болсон байна. 2000-аад оны эхэн үед стандарт, шошго тавих талаар төдийлөн ойлголтгүй, “худлаа” шошго тавьдаг байсан бол одоо энэ байдал эрс өөрчлөгдсөн гэдгийг Стандарт хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын даргын орлон гүйцэтгэгч Д.Даваасүрэн өгүүлсэн юм. Жишээлбэл, Монгол Улсын эрүүл мэндийн сайдын 2017 оны А221 тушаалын дагуу “Хүнсний сав, боодлын нүүрэн хэсэгт шим тэжээлийн мэдээлэл байршуулах” зааврыг баталсан байдаг. Гэхдээ үүнийгээ байршуулахгүй ч байж болох бөгөөд сайн дурын үндсэн дээр тавьдаг. Гэсэн ч “Талх чихэр” компани гэхэд 2018 оноос эхлэн бүтээгдэхүүний илчлэг, тос, ханасан тос, чихэр, давсны хэмжээг ногоон, шар улаан өнгөөр ялгаж бүтээгдэхүүнийхээ нүүрэнд танилцуулж эхэлсэн юм.

Ногоон өнгөтэй байвал тухайн орц бага, шар өнгөтэй байвал дунд, улаан өнгөтэй бол их гэсэн хэмжээг илтгэж буй юм. Гэвч хэрэглэгчдийн маш цөөхөн нь үүнийг ойлгож байгаа.

Ийнхүү үйлдвэрлэгчид шошгоны стандартаа олон улсын жишигт нийцүүлэн сайжруулж буй ч хэрэглэгчийн стандартын боловсрол бүтээгдэхүүний шошгыг бүрэн унших хэмжээнд хүрээгүй байгаа нь хүндээ хүрэх ашиг тус нь тун бага.

Нэгэн жишээ дурдахад, Японд шошгоны соёл маш сайн хөгжсөн. Тус улсад шошгыг ингэж байршуул, үүнийг тусга гэсэн албан шаардлага байдаггүй нь хачирхалтай. Гэхдээ шошгоны стандарт өндөр хөгжсөн нууц нь иргэдийнх нь шошго унших боловсрол өндөртэй холбоотой.  Хэрэглэгчид нь шошгогүй бүтээгдэхүүнийг худалдан авдаггүй, хуурамч шошгын мэдээллийг маш сайн таньж чаддаг байна. Тиймээс сайн дурын байсан ч бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар шошгыг стандартын дагуу заавал хийдэг аж.

Хэрвээ бид шошгоны мэдээлллийг уншиж сурах боловсролыг цэцэрлэгээс нь эхлүүлж ерөнхий боловсрол сургууль, дээд боловсрол гээд бүх шатны боловсролын байгууллагад олгож чадвал шошгоны хэрэглээ ихсэж, Япон шиг болох боломж бидэнд буйг М.Пүрэвжав доктор өгүүлсэн юм.

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн доктор, профессор М.Пүрэвжав

Аливаа зүй тогтол гинжин холбоотой байдаг. Мэдэх эрхээ гүйцэт ашиглаж, иргэд шошго уншаад сурчихвал хэрэглэгчид бүтээгдэхүүний шошгоны үнэн зөв байдалд хяналт тавьдаг болно. Худал шошготой бүтээгдэхүүнүүд зах зээлээс шахагдаж, компаниуд зөв бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсноор хүнсний бүтээгдэхүүний чанар сайжирна. Хүнсний аюулгүй байдал ч хангагдана. Хүнсний аюулгүй байдал хангагдсанаар хүн амын эрүүл мэнд дээшлэх юм. Шошго уншиж сурах нь энгийн зүйл мэт боловч эдийн засгийн хувьд асар өгөөжтэй энэ урт хэлхээний эхлэл нь юм.

Энэ удаа шошгоны соёл буюу шошгожилтын стандарт гэдэг иргэний эрүүл мэндээс улсын хөгжил хүртэл хэр том ач холбогдолтойг хөндөхийг зорьлоо. Үүний адил аливаа стандарт гэдэг бүх салбарт бүхий л үйл явц зүй тогтлынхоо дагуу өсөн хөгжихөд суурь үзүүлэлт байдаг. Илүү сайхан ирээдүйг бүтээх суурь нь ерөөс стандартаа л баримтлах юм.