Өдгөө нийслэл хотод тулгамдаж буй асуудлын нэг бол нийтийн тээврийн хүртээмж билээ. Тухайлбал нийслэлд одоогоор 101 чиглэлд 985 автобус үйлчилгээнд явж байна. Үүнээс ачаалал ихтэй гурван чиглэлд шөнийн автобус уртасгасан цагаар иргэдэд үйлчилдэг. Энэ жилийн тухайд нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНХАУ-аас 224 автобус авахаар болсон. Эдгээрээс эхний ээлжид 30 автобусыг үйлчилгээнд нэвтрүүлээд байгаа билээ. Гэвч нийтийн тээврийн хүртээмж төдийлөн сайжраагүй хэвээр байна. Тухайлбал иргэдийн хувьд автобусны хүртээмжээс гадна автобус хоорондын зай болон шөнийн автобус дутмаг хэвээр байгаа талаар шүүмжлээд буй.
Шөнийн автобусны тоог нэмье
Нийтийн тээврийн үйлчилгээний газраас 2019 онд шөнийн тээврийн үйлчилгээг санаачлан хэрэгжүүлж эхэлжээ. Улмаар нийслэлд өнөөдрийн байдлаар гурван чиглэлд шөнийн автобус иргэдэд тогтмол үйлчилж байгаа аж. Тодруулбал, Т:2 Таван шар-Офицеруудын ордон-Ботаник, Т:5 Офицеруудын ордон-III,IV хороолол-Дүүхээ төв, Ч:7 Нисэх-МУБИС-Ард кинотеатр гэсэн гурван чиглэлд автобус 05:30-00:30 цагийн хооронд иргэдэд үйлчилдэг аж. Гэвч зорчигчдын хүртээмж зэргээс шалтгаалаад хотын зах болон урд хэсэгт шөнийн автобусыг нэмэлтээр явуулах боломжгүй байгаа талаар Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээлээд буй.

Бидний хувьд шөнийн автобустай холбоотой зорчигч урсгалын судалгааг хийж байна. Ийнхүү цаашдаа иргэдийн санал хүсэлт зорчигчдын хүртээмж зэргээс шалтгаалаад нэмэлтээр 5-6 чиглэлд шөнийн автобусыг явуулахаар төлөвлөөд байгаа. Нарийн судалгаа төлөвлөлт хийсний үндсэн дээр шөнийн тээврийн хэрэгслийг нэмэгдүүлэх боломжтой байдаг. Учир нь сүүлийн жилүүдэд шинэ суурьшлын бүсүүд нэмэгдэж байгаатай холбогдуулан тухайн газарт мөн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг гээд олон ажлыг төлөвлөдөг. Иргэдийн хувьд зарим нийтийн тээврийн цагийг уртасгах зэргээр шөнийн тээврийг шийдэх боломжтой эсэх талаар санал хүсэлт гаргадаг. Гэвч ингэхийн тулд хүний нөөцийн асуудал яригдана. Учир нь эхний зогсоолд жолооч 5 цаг 30 минут гэхэд ирсэн байх ёстой. Улмаар дараа дараагийн цэг дээр цагтаа очих зэрэг гээд олон асуудал гардаг. Нийтийн тээврийн чиглэлийн төлөвлөлтийг хийхдээ иргэдээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэдэг.
Шөнийн тээврийн хэрэгслээр үйлчилдэг бусад орны туршлагаас үзвэл БНХАУ-ын Бээжин хотын шөнийн тээвэр хотын төв хэсгээр 23:20 цагаас үүрийн 04:50 цаг хүртэл явдаг байна. Харин БНСУ-д шөнийн тээвэр найман чиглэлд шөнийн 00:00 цагаас өглөөний 05:00 цагийн хооронд 30-50 минут тутамд зорчдог. Ингэхдээ иргэд аль чиглэлд шөнийн цагаар хамгийн их зорчдог талаарх судалгаанд тулгуурлан, шөнийн тээврийн чиглэлийг тодорхойлдог аж. Харин манай улсын хувьд энэ жил Монголд зочлох жил болгон зарлаж олон мянган жулчинг авчрах төлөвлөгөөтэй байгаа билээ. Гэвч одоог хүртэл шөнийн автобусны тоог дорвитой нэмэгдүүлж чадаагүй байгаа юм.
Сайн жишгийг хэвшүүлье
Нийтийн тээвэртэй холбоотой дахин нэг асуудал бол мэдээж урт хугацаагаар автобус хүлээх. Учир нь нийслэлд оргил ачааллын үе буюу ажил, хичээл орох, тарах үед урт зам туулан үйлчилгээ үзүүлэх автобус аль нэг зам дээр түгжрэлд орох магадлал өндөр байдаг. Үүнээс үүдэж автобусны буудлууд дээр зорчигчид олноор цуглаж, хүлээлтийн хугацаа нэмэгддэг. Ийнхүү хүлээлт нэмэгдэхийн хэрээр зорчигчид автобусандаа багтахгүй үлдэх тохиолдол гардаг аж. Иймээс богино эргэлтийг урсгал түгжрэл ихтэй чиглэлд зохион байгуулж турших санаачилгыг Нийтийн тээврийн ерөнхий газраас гаргажээ. Улмаар үндсэн гурван чиглэлд богино эргэлтийн автобусыг нэмэлтээр явуулсан байна. Ингэснээр автобус хүлээлтийн хугацаа 2-4 минутаар багсаж, нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн тоо нэмэгдсэн үр дүн гарсан байна. Мөн алслагдсан суурьшлын цэгүүдээс 10 чиглэлийн 72 автобусыг богино эргэлтэд оруулан эерэг үр дүн гаргажээ. Ийнхүү үр дүнд суурилсан сайн жишгийг хэвшүүлж авто замын түгжрэлд бага ч гэсэн хувь нэмэр оруулах нь зүйтэй биз ээ. Мөн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж иргэн бүрийг нийтийн тээвэрт зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэх үүрэг нь холбогдох албаныхны хийх ажил мөнөөсөө мөн билээ.