
Өнөөдөр Дэлхийн цаг уурын өдөр тохиож байна. 1947 оны аравдугаар сарын 11-ний өдөр НҮБ-аас баталсан Дэлхийн цаг уурын конвенцын хүрээнд 1950 оны гуравдугаар сарын 23-нд Дэлхийн цаг уурын байгууллага байгуулагджээ.
Тиймээс энэ өдрийг жил бүр Дэлхийн цаг уурын өдөр хэмээн тэмдэглэх болсон байна. Энэ жилийн хувьд уг өдрийг “Хойч ирээдүйн цаг агаар, уур амьсгал, ус” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх юм. Энэхүү өдөртэй холбогдуулан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хүнсний бодлогын судалгааны хүрээлэн, ХААИС хамтран гаргасан “Монгол Улс дахь уур амьсгалын өөрчлөлт ба хоол тэжээлийн байдал: Эрсдэлийн төлөв” хэмээх тайлангаас онцлох зарим тоо, баримт мэдээллүүдийг хүргэж байна.
Монгол Улсын уур амьсгал хэрхэн өөрчлөгдөж байна вэ
Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт хэрхэн явагдаж байна вэ гэдэг бидний нэн тэргүүнд сонирхох асуулт. Тэгвэл энэхүү тайланд “Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд асар их өртөж байгаа” хэмээн тодотгоод агаарын температур үлэмж өндөр байх болсны нөлөөгөөр усны ууршилт нэмэгдэж, тус улсын усны нөөц хатаж ширгэсэн явдал үүнд багтана хэмээжээ. Манай улсын агаарын дундаж температур 1940-2015 оны хооронд 2.24°C өссөн бөгөөд хүйтэн өдрүүдийн тоо буурч, халуун өдрүүдийн тоо нэмэгджээ. Өвлийн цасны хэмжээ нэмэгдсэн атлаа хур тунадасны жилийн дундаж хэмжээ 7 хувиар буурсан байна.
“Монгол Улсын урьдчилан тооцоолсон дулаарал дэлхийн дунджаас хавьгүй илүү байгаа төдийгүй энэ зууны эцэст цельсийн 5° давж болзошгүй. Хоногийн хамгийн өндөр болон хамгийн нам температурын дулаарал дундаж түвшнээс илүү хурдацтай байна гэж тооцогдож байгаа” хэмээн тодотгожээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр удаан хугацаанд үргэлжилсэн ган гачиг, хэт халуун, гэнэтийн үер, шороон шуурга гэх мэт цаг агаарын эрс тэс үзэгдлүүд нэмэгдсэнийг онцголжээ. Мөн эрс тэс үзэгдлийн давтамж, хамрах хүрээ сүүлийн жилүүдэд улам нэмэгдсэнээр хүнс үйлдвэрлэлд ихээхэн хохирол учруулж, хүчтэй аадар бороо хөрсний элэгдэлд нөлөөлөн, цочир хүйтрэл нь ургамлын өсөлт, болц, мал сүргийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгааг ч мөн өгүүлсэн байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх үйл хэрэг бол хөрсөө хамгаалах, хүнсээ хамгаалах, хүнээ хамгаалах хүн төрөлхтний суурь асуудал мөн.

Дэлхийн уур амьсгалд бид ингэж нөлөө үзүүлдэг
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцид Монгол Улс хүлэмжийн хий, нүүрс хүчлийн давхар ислийг ялгарлыг 2030 онд 74.3 сая тонн, 2020 онд 49.1 сая тонн байлгахаар тооцож мэдүүлсэн байна. Монгол Улс 34 сая тонн хүлэмжийн хий ялгаруулдаг бөгөөд бараг тэн хагас нь хөдөө аж ахуйд, түүний дотор бараг бүхэлдээ мал аж ахуйд ногддог байна.Цаг агаар хүндрэх үед мөн энэ хэмжээ дагаж өөрчлөгддөг байна.
Монголчуудын 50 хувь нь эрүүл, шим тэжээлтэй хоол хүнс худалдан авч чаддаггүй
Одоо харин хоол хүнстэй холбоотой онцлох тоо, баримтуудыг хүргэе. Дэлхийн хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлийн 2022 оны тайланд дурдсанаар Монгол Улсад сүүлийн жилүүдэд хүүхдийн өсөлт хоцролт буурч 7.1 хувьд хүрсэн боловч амин дэм, эрдэс бодисын дутлаас үүдэлтэй хоол тэжээлийн эмгэгт өртөх байдал хэвээр байгааг өгүүлжээ.
Монгол Улсад хийсэн хүн амын хоол тэжээлийн байдлын хамгийн сүүлийн судалгаагаар 5 хүртэлх насны хүүхдийн 27 хувь, жирэмсэн эхчүүдийн 21 хувь цус багадалттай, 5 хүртэлх насны хүүхдийн 70 хувь, жирэмсэн эхчүүдийн 12 хувь А амин дэмийн дуталтай, 5 хүртэлх насны хүүхдийн 90 хувь, жирэмсэн эхчүүдийн 96 хувь Д амин дэмийн дуталтай байжээ.
Бага насны хүүхдийн дөнгөж 58 хувь зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллосон, ердөө 44 хувь нь зохистой хооллож байна. Өрхийн хүнсний аюулгүй байдлын шатлалаар хотын айл өрхийн 33 хувь, улсын хэмжээнд айл өрхүүдийн 41 хувь нь хүнсний аюулгүй байдал хангагдсан, хот суурин газрын айл өрхийн 26 хувь, хөдөө орон нутгийн айл өрхийн 17 хувьд хүнсний аюулгүй байдал ноцтой хэмжээнд алдагдсан байна.
Хүн амын дийлэнх нь илчлэг ихтэй хоол хүнс хэрэглэдэг боловч монголчуудын бараг 50 хувь нь эрүүл, шим тэжээлтэй хоол хүнс худалдан авч чаддаггүй аж. Улсын хэмжээнд нөхөн үржихүйн насны нийт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд хийсэн судалгааны дүнгээс харахад жимс, хүнсний нарийн ногоо, өндөг, самар, үр, загас, шувууны мах, бүхэл үрийн гурил зэрэг эрүүл, тэжээллэг хүнсний хэрэглээ бага, 21 нэр төрлийн шимт бодисыг үнэлэхэд эслэг, фолийн хүчил, бусад аминдэм зэрэг 10 нэр төрлийн шимт бодисын хэрэглээ хүн амын 50 хүртэл хувьд нь хангалтгүй хэмжээнд байсан байна.
Монгол Улсад буудайн гурилыг амин дэм, эрдэс бодисоор баяжуулахаар хуульчилсан боловч хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй, зөвхөн хүнсний давсыг иоджуулж байгаа аж. Манай улсын зохистой хооллолтын одоогийн зөвлөмжийг хянан шинэчилсний дараа хүн амын ойлголт мэдлэгийг дээшлүүлэх кампанит ажил өрнүүлбэл хооллолтын байдалд өөрчлөлт орж, жимс, хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэхэд тус болох боломжтойг мөн зөвлөжээ.
Бичил тэжээлийн дутлын улмаас зүрх судас, бодисын солилцооны өвчний эрсдэл нэмэгджээ
Энэхүү тайланд онцлон тэмдэглэсэн нэг зүйл нь Монгол Улсад бичил тэжээлийн хавсарсан дутлын улмаас зүрх судас, бодисын солилцооны өвчний эрсдэл нэмэгдэж байгааг өгүүлжээ. Дунд сургуулийн сурагчдын 29 хувь, эхчүүд болон эрчүүдийн 63 хувь нь илүүдэл жинтэй эсвэл таргалалттай, насанд хүрэгчдийн 61.9 хувь цусан дахь холестеролын хэмжээ ихэссэн, 27.5 хувь цусны даралт өндөртэй эсвэл даралт бууруулах эм уудаг байна. Энэхүү байдал нь бидний хоол хүнстэй шууд холбоотой байна. Тодруулбал, мах, хэт боловсруулсан үр тариа, тослог ихтэй сүү, сүүн бүтээгдэхүүний хэт их хэрэглээ зэрэг эрүүл бус хооллолтын байдал, насанд хүрэгчдийн 22.3 хувь нь хөдөлгөөний дутагдалтай байгаа нь үүнд нөлөөлжээ.
Монгол Улс зүрх судасны өвчний шалтгаант нас баралтаар дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна
Хооллолт болон халдварт бус өвчний эрсдэлийг хэмжих дэлхий нийтийг хамарсан судалгаагаар Монгол Улс эрүүл хооллолтын индексийн (Al-ternative Healthy Eating Index) үзүүлэлтээр 1990 болон 2017 онд бусад орнуудаас доогуур оноо авсан бөгөөд эрэгтэйчүүдийн 57 хувь, эмэгтэйчүүдийн 51 хувь эрүүл бус хооллолттой холбоотой байна. Үүнээс хамааралтай зүрх судасны өвчний шалтгаант нас баралтаар нэгдүгээрт, хооллолттой холбоотой бүх төрлийн шалтгаант нас баралтаар дөрөвдүгээрт (100 мянган хүнд 323 нас баралт) оржээ. Мөн бүх төрлийн шалтгаант нас баралтаар 23 дугаарт, зүрх судас бодисын солилцооны эрсдэлийн хүчин зүйлтэй хамааралтай зүрх судасны өвчний нас баралтаар 11 дүгээр байрт оржээ.

Дулаарал Монгол Улсын хүн амын амьжиргаа, хооллолт, хоол тэжээлийн байдалд ноцтой нөлөө үзүүлж болзошгүй
Энэхүү тайлангийн гол ач холбогдол нь уур амьсгалын өөрчлөлт болон хүн амын хоол тэжээлийн бусад учир холбогдол бараг судлагдаагүй явж ирснийг гарган тавьжээ. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт болон таргалалт, хоол тэжээлийн дутал хэмээх өөр хоорондоо харилцан хамааралтай олон эрсдэлт хүчин зүйлсүүдэд нэг цаг доор нэрвэгдэж (синдемикт) байгааг ч тодотгосон байна. Тодруулбал, тайлангийн дүгнэлт хэсэгт “Монгол Улсын дулаарал нь дэлхийн дунджаас хавьгүй дээгүүр байгаа бөгөөд урьдчилан таамагласнаар энэ зууны эцэс гэхэд 5°C давж, хөдөөгийн хүн амын амьжиргаа, хооллолт болон хоол тэжээлийн байдалд ноцтой нөлөө үзүүлж болзошгүй байна. Тус улсын уламжлалт хоол хүнс нь мах, улаан буудайн гурил, сүү сүүн бүтээгдэхүүн, төмсөнд голчлон суурилсан байдал нь байгаль орчны хүндрэл бэрхшээлээс үүдэлтэй. Хот суурин газарт хүнсний орчин хурдацтай даяаршиж, улам бүр хөдөлгөөнгүй амьдралын хэв шинжтэй болж, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлого дутмаг байгаа нь хүн амын хооллолтын хэв маягийг өөрчлөн таргалалтыг нэмэгдүүлж байна. Үүн дээр уламжлалт хоол хүнс нь шим тэжээлийн бодисоор дутмаг байдал нь нэрмээс болж, зүрх судас, бодисын солилцооны өвчлөл нэмэгдэхэд хүргэжээ.
Температур дээшлэх, цаг агаарын эрс тэс үзэгдлийн хамрах хүрээ, давтамж нэмэгдэх, усны хомсдол, усны болон агаарын бохирдол улам даамжрах зэргээр уур амьсгалын өөрчлөлт нь тус улсын хоол тэжээлийн эрсдэлүүдийг улам нэмэгдүүлнэ гэж тооцоолж байна. Эдгээр нөлөө нь хөдөөгийн хүн амын амьжиргаанд улам бүр сорилт учруулж, хүнсний импортоос хараат байдлыг нэмэгдүүлж, хөдөө орон нутаг дахь тээвэрлэлт, хүнсний хадгалалтад бэрхшээл учруулна” хэмээжээ. Уур амьсгалын өөрчлөлт болон хоол тэжээлийн хоорондын холбоог цогц байдлаар илүү сайн ойлгосноор уур амьсгалын сөрөг нөлөөг үл харгалзан Монгол Улсын хүн амд хангалттай, аюулгүй, шим тэжээллэг хоол хүнсийг хүртээмжтэй хангах үр дүнтэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь энэ асуудлын гол түлхүүр болохыг ч өгүүлжээ.