
“Улаан ном”-нд 110 зүйлийн амьтан, 192 зүйлийн ургамал бүртгэгджээ. Шинээр бүртгэгдсэн 25 зүйлийн амьтдын дотор шинээр шилүүс, суусар булга, ойн булга, хүрэн баавгай зэрэг зургаан хөхтөн, цагаан тогоруу одой галуу, ооч ёл зэрэг 18 зүйл шувуу, эгэл загалмайт могой гэсэн 1 зүйлийн мөлхөгч багтсан байна.
Одоогийн байдлаар дэлхийн ”Улаан ном”-д 660 гаруй зүйлийн ховор буюу ховордож буй амьтад, олон тооны ургамал бүртгэгджээ. Зарим мэдээ баримтаас үзвэл дэлхийн ургамлын аймгаас даруй 25000 зүйлийн ургамал хүчтэй хөнөөгдөж, тэдгээрийн олонхийг хамгаалалтад авах шаардлагатай болсон ба 72 зүйлийн ургамлыг олон улсын тусгай хяналтаар улсууд хоорондоо өгөлцөж авалцаж байхаар ховорджээ.
БНМАУ-ын СнЗ-ийн 1985 оны 12-р сарын 23-ны 340 дүгээр тогтоолоор 23 зүйлийн хөхтөн, 19 зүйлийн шувуу, 6 зүйлийн хоёр нутагтан ба хэвлээр явагчид, 2 зүйлийн загас, 86 зүйлийн ургамлыг багтаасан ”БНМАУ-ын улаан ном”-ыг буй болгохоор шийдвэрлэсэн нь 1987 онд биелэлээ олсон юм. Харин шинэчилсэн хувилбар 1997 онд олны хүртээл болж байв. Монгол Улсын Улаан номыг хамгийн сүүлд 2013 онд шинэчилжээ. Уг “Улаан ном”-нд 110 зүйлийн амьтан, 192 зүйлийн ургамал бүртгэгджээ. Шинээр бүртгэгдсэн 25 зүйлийн амьтдын дотор шинээр шилүүс, суусар булга, ойн булга, хүрэн баавгай зэрэг зургаан хөхтөн, цагаан тогоруу одой галуу, ооч ёл зэрэг 18 зүйл шувуу, эгэл загалмайт могой гэсэн 1 зүйлийн мөлхөгч багтсан байна. Харин 192 зүйлийн ургамалд 95 зүйлийн дээд ургамал, 5 зүйл хаг, 11 зүйл хөвд, 6 зүйл мөөг, 13 зүйл замаг бүртгэгджээ.
Улаан номонд устаж, ховордож буй амьтан, ургамлыг оруулснаар хүмүүс тэдгээр амьтдыг хамгаалах улмаар тоо толгой нь өсөх өндөр ач холбогдолтой бөгөөд шинэ Улаан номноос 3 зүйлийн хөхтөн, 13 зүйлийн шувуу, 60 зүйлийн дээд ургамал, 2 зүйл хаг, 3 зүйл хөвд, 1 зүйлийн замаг хасагдсан байна. ТОЙМ сэтгүүл энэ дугаартаа Хүрээлэн төслийг хоёр дахь удаагаа урилаа. Гэхдээ энэ удаа зөвхөн Монголын улаан номонд орсон амьтан, ургамалын талаар өгүүлнэ. Дугаар багтсан 25 амьтан, ургамал бол уг төслийнхний авсан гэрэл зургуудын тун ч бага хэсэг гэдгийг өгүүлэх юун.
Янгир

Янгирыг 2006 онд Монгол орны амьтдын “Улаан данс” номонд “Ховор болон ховордож болзошгүй” зэрэглэлээр оруулсан юм. Нас гүйцсэн эрийг нь тэх, эмийг нь мэгж гэдэг. 1-ээс 5, заримдаа 10 хүртэл тоотойгоор сүрэглэх боловч хүйтний эрч чангарах хөхөө өвлөөр сүрэг дэх янгирын тоо 20 хүрэх ажээ.“Тэр жилийн тэр нэгэн өвлийн өнтэйг яана, тэхийн зогсоол гэдэг тэр нэгэн оргилын өндрийг яана” гэж Явуухулангийн шүлэгт гардаг.Тэх өндөрт гарч зогсоо нь бараа харж сэрэмжлэн байгаа нь тэр. 2009 онд хийсэн Монгол орны уулын туруутны нөөцийн үнэлгээгээр 13 аймгийн 86 сумын нутагт 30 мянга орчим янгиртай гэж үзсэн бол Дорноговь аймаг 120 орчим л янгир ямаатай гэсэн тоо гарч байжээ. Ямаат, Ямаан Ус зэрэг газрын нэр Монгол орын өнцөг булан бүрт энд янгир ямаатай байсан гэсэн дурсамж түүхийн гэрч болон үлджээ.
Ирвэс

Ирвэсийг биологичид “Экологийн индикатор” гэж нэрлэдэг. Энэ нь юу гэсэн үг вэ? Тухайн нутаг ирвэстэй байна гэдэг байгалийн онгон төрхөө хадгалж байна гэсэн үг. Ирвэсийн нутаг түүний гол идэш тэжээл болох янгир, аргалийн амьдрах орчинтой давхцдаг ажээ. Нэг ирвэс сард хоёроос доошгүй удаа амьтан агнана. Жилд дунджаар 16 янгир барих шаардлагатай байдаг гэсэн судалгаа бий. Яагаад ирвэсийн тухай яриа илбэ шидийн юм шиг, хачин сонин байдаг юм бол? Яагаад чухам цоохор ирвэсийг хүн болгон гайхалтай амьтан гэж дуу алддаг юм бол? Ирвэсийн тухай хэдхэн баримт сөхье. Ирвэсийн биен дээрх толбо хээ нь давтагдахгүй. Өөрөөр хэлбэл хүний алганы хээ шиг ирвэс бүрийн толбо давтагдашгүй. Метр гаруй урт сайхан биетэйгээ бараг адил буюу бас метр орчим бахим сүүлтэй. Сүүл нь хадан дунд тэнцвэрээ олох, идэш болох амьтнаа шавхуурдан ороож унагах, хамгийн гол нь биеэ хамгаалж, дулаан алдахгүй байх гэсэн үндсэн үүрэгтэй юм. Ийм сонин сайхан амьтан дэлхийд 3500 орчим, манай оронд ердөө 1000 хүрэхтэй үгүйтэй үлдэж хоцорсон гэж таамагладаг. Энэ бол манай дэлхийн цоохор ирвэс бүгд нийлээд Монголын дундаж 10-20 малчин айлын хонин сүргээс бага тоо толгойтой гэсэн үг. Бидний олсон ирвэс газрын доод талаас нь дөхөж яваа манай гэрэл зурагчин Ганбаярыг өнгийн харж байна. Хамгийн их буюу 10 гаруйхан метр ойртсон Ганбаярыг болгоомжлонгуй ажиглаж буй нь тэр. Энэ амьтан хойд хоёр хөл дээрээ хүчээ цуглуулан, 10 гаруй метр зайд үсэрч чаддаг гэвэл зурагчин түүний нэг л харайлтын зайд энэ зургийг авсан.
Хавтгай

Доктор Мижиддоржийн номд өгүүлснээр 2012 оны байдлаар Говийн их дархан цаазат газрын “А” хэсэгт 24 мянган дөрвөлжин км нутагт нааш цаашаа 300 бодгалийн хэлбэлзэлтэйгээр 815 хавтгай тэмээ байгаа гэсэн тооцоо бий. Өөрөөр хэлбэл энэ нь ихдээ 1100, багадаа 500 бодгаль гэсэн үг.
Мазаалай

Анх 1943 онд домог мэт байсан Монголын говийн баавгайг Зөвлөлтийн судлаач нар амьд бараа дүрээр нь харж байснаас хойш одоо мазаалай ердөө 23 бодгаль орчим байна гэдэг. Хорин гурав… Үлдэж хоцорсон 23-ын нэгийг бид харж байна. 100 гаруй кг жинтэй залуу эр баавгай “Хүрээлэн”-гийн дуранд дүрээ үлдээсэн нь энэ. Бидний сайн дураараа чадан ядан бүрдүүлж буй Монгол орны биологийн олон янз байдлын гэрэл зураг, дүрс бичлэгийн санд багтсан хамгийн ховор амьтан энэ байлаа. Улаан ном дахь мазаалайн тоог харвал 1960-аад онд 15-20 толгой, 1970-д онд 20 гаруй, 1980-д оны эхээр 25-30, 1980-аад оны сүүлчээр 50-60, 1990-ээд оны эхээр 30 гаруй толгой байсан байна. Хамгийн сүүлд 2011 оны байдлаар доод тал нь 22-31 бодгаль байна гэж үздэг. Монгол Улс мазаалайг 1953 оноос агнахыг цаазлан хориглож, 1975 оноос амьдрах нутгийг нь дархан цаазтай болгож, 1987 оноос улаан номонд бүртгэжээ. Гэвч түүнээс хойш төдийлөн их өсөөгүй шалтгаан нь тэгвэл юу байж таарах вэ? Өнөөдөр зөвхөн Монголд, зөвхөн Алтайн өвөр говьд хорь гучхан бодгаль үлдэж хоцорсон мазаалай баавгайг аварч үлдэх, өсгөж олон болгох боломж бий юу? Эсвэл түүнийг Монголын нутгаас эгнэгт устаж алга болсон шарангад чоно, мангис доргоны хувь заяа хүлээж байна уу?
Цэн тогоруу

Яагаад цэн тогорууг ховор гэж онцлоод байгаа хэрэг вэ? Энэ үзэсгэлэнтэй шувуу байгальд зэрлэгээр ердөө 5000 хүрэхтэй үгүйтэй үлдсэн гэсэн тоо бий. Харин Монголд ойролцоогоор 400 хос бий гэсэн тооцоо байдаг. Дэлхий дээрх нийт цэн тогоруу бүгд нийлээд Биндэр сумын хүн амаас арай гэж жаахан илүү гарах хэмжээний тоо толгойтой гээд бод доо. Харин манайд дундаж монгол айлын малын тооноос ч цөөхөн цэн тогоруу ирж зусдаг. Цэн тогоруу ийм л ховор шувуу. Тийм ч учраас цэн тогоруу бол “Нэн ховор зүйл” гэсэн статустайгаар Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангиллын шалгуураар “эмзэг” зүйлд хамаарна. Бидний харж буй цэн тогорууд жил бүрийн хавар намрын нүүдлийн улиралд 2000-2500 километр замыг нисэж туулна. Тийм алс холын нутгаас нүүдэллэн явах замдаа тодорхой цэгүүд дээр тогтмол үдэлж буун, хүч тамираа сэргээдэг байна. Энэ хөндийгөөс ниссэн цэн тогоруунууд Хятадын зүүн хэсэг, Солонгосын хойг, Японы өмнөд хэсэгт очиж өвөлждөг гэж Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн захирал, шувуу судлаач, доктор Б.Нямбаяр ярьсан юм.

ХҮРЭЭЛЭНГ ХҮРЭЭЛЭН ДЭМЖИГЧИД
- Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Байгаль хамгаалалын судалгааны удирдагч Б.Бүүвэйбаатар - Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь Хөтөлбөрийн газар - А.Баяржаргал захиралтай Ирвэс хамгаалах сан - Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв - “Байгаль хамгаалах “Монголын тул сан”-гийн дэд захирал Пүрэвдорж болон хамт олон - Довчин даргатай Говийн их дархан газрын хамт олон - Б.Хашмаргад даргатай Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамт олон - Г.Батболд даргатай Нөмрөгийн дархан цаазат газрын хамт олон - Их нартын байгалийн нөөц газрын хамт олон, Аргал агнуур судлалын төвийн дарга С.Амгаланбаатар - Шувуу судлаач доктор Б.Нямбаяр захиралтай Монголын Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн хамт олон - Доктор Н.Банди захиралтай “Хустайн Цогцолборт Газар” төвийн хамт олон - Монголын Шувуу Ажиглагчдын Клуб

