2023 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 61, эмэгтэйчүүдийн 53 дахь удаагийн тэмцээний хагас шигшээ шатны тэмцээн Сүхбаатар дүүрэгт байрлах "Дүүрэн" төвийн байранд өчигдөр эхэллээ. Тэмцээн 2023 оны гуравдугаар сарын 14-19-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Швейцарь системээр тоглоно.

Тэмцээний эрэгтэй ангилалд 102, эмэгтэй ангилалд 70 шатарчин өрсөлдөж байна. Эрэгтэй ангилалд их мастер С.Билгүүн, их мастер Г.Мөнхгал, их мастер Д.Шаравдорж, өнгөрсөн жилийн Монгол Улсын дэд аварга олон улсын мастер Г.Амартүвшин, олон улсын мастер С.Ган-Эрдэнэ тэргүүтэй шатарчид өрсөлдөж байна. Харин эмэгтэй ангилалд эмэгтэйчүүдийн их мастер Б.Мөнгөнтуул, эмэгтэй их мастер Б.Аминаа, улсын гурван удаагийн аварга эмэгтэй олон улсын мастер Д.Янжиндулам, өнгөрсөн жилийн улсын дэд аварга эмэгтэй олон улсын мастер Б.Баярмаа, дэлхийн шатрын холбооны мастер Б.Мөнгөнзул нарын шилдэг шатарчид өрсөлдөж байна.

Энэхүү тэмцээний ангилал бүрийн эхний 11 байрыг эзэлсэн шатарчид шигшээ шатанд шалгарч Монгол Улсын аварга цолны төлөө өрсөлдөх эрхээ авах юм. Улсын шүүгч М.Гүнбаяраар ахлуулсан Монголын шатрын холбооны шүүгчдийн баг тэмцээнийг шүүж байна.