Зуун дамжин дуулагдаж буй “Сүүн цагаан хурим”, “Зүүд”, “Хэн юм бэ”, “Шинэ жилийн шөнө” зэрэг “брэндүүд”-ийг зохиогч, хөгжмийн зохиолч, удирдаач, найруулагч, хормейстр урлагийн гавьяат зүтгэлтэн Гомбосүрэнгийн Энхбаяртай ярилцлаа. Гавьяат жүжигчин Б.Дашдондогийн нэрийн хуудас болсон “Охин”, “Элкондор” хамтлагийн хит уран бүтээлүүдийн нэг “Охин минь дээ” зэрэг дуунуудаас эхлээд түүний урын санд охид, эмэгтэйчүүдэд зориулсан цөөнгүй бүтээл бий. Тиймээс энэ удаад зөвхөн бүсгүйчүүдэд зориулсан уран бүтээлүүдийнх нь ярилцлаа.

-Дуу бүтээгч бүхэн ээждээ зориулж уран бүтээл хийсэн байдаг. Таны хувьд ээждээ зориулж ямар уран бүтээл хийсэн байдаг вэ?

- Ээждээ зориулсан ганц л дуутай. Яруу найрагч Д.Ган-Очир бид хоёр хамтраад “Ээждээ би хайртай” гэж дуу бүтээсэн. Ээжийнхээ амьд ахуй цагт нь зориулж бүтээсэн юм. Дуучин Л.Банзрагч дуулсан. Хэдийгээр зохиолын дуучнаар дуулуулсан ч энэ бол зохиолын ч биш эстрад ч биш поп дуу гэж ойлгож болно. Олонд хүрсэн л байдаг юм билээ.

-Таны хувьд ээжийгээ хамгийн их баярлуулсан мөч тань хэзээ вэ?

-Бид чинь ер нь ээжийгээ өнгөрсөн хойно нь баярлуулж байх минь яав даа гэж санадаг хүмүүс шүү дээ. Бие нь тааруу байхад байнгын харагдаж, үзэгдэж баярлуулсан юм болов уу даа гэж боддог.

Та миний амьдралын талаар сонссон л байх. Бор дарстай хэсэг нөхөрлөснийг минь. Би том охиныхоо анхны хүү, зээ хүүгээ хараад бор дарсыг “хаясан”. Зээ хүү минь одоо надаас өндөр, маш том залуу болжээ. Архи, дарс амсалгүй 15 жил болж байна. Яг энэ үед ээж минь харин “Миний хүү ухаан гаргалаа даа” гэж баярласан.

Миний ээж насаараа багш хийсэн. Багш хүний айхтар үг байдаг. Бор дарсанд хэдийгээр дурласан байсан ч миний ажил их сайн явж байсан. Цэргийн чуулга, Монголын радио, “Хөх тэнгэр” хамтлагт байхад аль алинд нь. Гэсэн ч ээж минь надад “Миний хүү дандаа хөлнөөсөө баллуур зүүж явдаг” гэж хэлж байсан юм. Хийсэн сайхан бүхнээ архиар дандаа баллуурддаг гэсэн санаа. Багш хүний айхтар үг байгаа биз.

-Ханьтайгаа хойно сурч байхдаа танилцсан гэдэг. Танд ханьдаа зориулсан уран бүтээл байдаг уу?

-Тиймээ. Орост сурч байхдаа танилцсан. Хайрын тухай олон байдаг ч яг ханьдаа зориулсан бүтээл байдаггүй. Бид 1982 онд хуримаа хийсэн. Түүнээс хойш 41 жил өнгөрчээ. Салаад явчих үйлдэл гаргаж л байсан. Хань минь надтай зууралдсаар байгаад өдийг хүрлээ.

-Та хоёр сайхан дэрсхэн охинтой. Анх аав болж мөчөөсөө хуваалцвал?

-1983 онд миний амьдралд их олон зүйл тохиолдсон. Аав маань тэр жил бурхан болж, том охин маань мэндэлсэн. Том охин минь миний аавын бүх зан авир, бүр биен дээр нь тавьсан тэмдгийг хүртэл дуурайсан байдаг юм. “Миний аавын сүнс” гэж би охиндоо их хайртай. Миний том охин муугүй, томоохон хуульчдын нэг. Томоохон группийн хуулийн газрын захирал хийдэг. Бага охин минь харин АНУ-д амьдардаг. Миний хоёр охин хоёулаа маш өндөр боловсролтой мундаг охидууд. Хамтлагийнхан бас найзууд минь “Хоовон чи яаж хоёр охиноо ингэж мундаг хүмүүжүүлсэн юм бэ” гэдэг. “Миний хүмүүжүүлэх гэж юу байх вэ. Ээж нь ингэж мундаг хүмүүжүүлсэн” гэж хэлдэг юм.

-Хоёр охин тань сайн сайхан явж таныг баярлуулж байна. Гэхдээ таныг мартагдашгүйгээр баярлуулсан мөч хэзээ вэ?

-Зөндөө. Тоочоод барахгүй. Хоёр охин минь хоёулаа аавыгаа баярлуулах гэж маш их хичээнэ. “Яах юм бэ. Аавд нь хэрэггүй” гээд байхад л зүтгээд байдаг.

-Гавьяат жүжигчин Б.Дашдондогийн “Охин” дууг та хоёр охиндоо зориулж бүтээсэн гэсэн. Энэ тухайгаа ярьж өгөхгүй юу?

-1990 онд хоёр охиндоо зориулж, Монголын радиод байхдаа энэ дууг бүтээсэн юм. “Хөх тэнгэр” хамтлаг бичлэг хийлгэж байхад ер нь хоёр охиндоо зориулж дуу бүтээе гэсэн санаа төрсөн юм. Аялгуу нь түрүүлж гарчихсан дуу юм. Үгийг нь бас аятайхан байлгачихмаар санагдаад яваад хэнд хэлэхээ мэдэхгүй яваад л байсан. Ингэж явж байгаад яруу найрагч Л.Мягмарсүрэн буюу Шар Мийгаадаа хэлж, “Яг энэ аялгуунд миний хоёр охинд зориулаад шүлэг бичээд өг. Битгий айхтар толгой холбосон шүлэг бичээрэй” гэж хэлсэн. Гэтэл маргааш нь шүлгээ бичээд ирсэн. Нэг бадаг, дахилттай.

“Зөрөөд өнгөрөх тэрхэн зуур

Зүрх сэтгэлд гэгээ татсан

Зүрх сэтгэлд гэгээ татсан

Хараад өнгөрөх тэрхэн зуур

Халуун зүрхийг уяраан татсан

Халуун зүрхийг уяраан татсан

Хүнээс илүү төрсөн

Ээжийн охин байх юм аа

Хүнээс илүү төрсөн

Аавын охин

Аавын охин байх юм аа” гээд бичээд ирсэн. Үгүүдийг их гоё олоод хэлсэн. Аялгуундаа ч их гоё зохицсон. Шар Мийгаа бид хоёрын цөөнгүй бүтээл бий. Ж.Дашдондог “Үзэсгэлэн төгөлдөр эх орон”-гоос хойш хит бүтээлтэй болсон нь “Охин” юм. Энэ дуу гарсан цагаасаа хит болсон. Одооны залуусын хэллэгээр бол. Харин биднийхээр бол олон түмний хүртээл болсон. Тухайн үедээ “Хөх тэнгэр” хамтлагийн дуунууд шинэ соргог, найруулга, хөгжмийн дуугаралт нь их өөр байлаа. Энэ үед гарч ирсэн учраас хүмүүст хүрсэн гэж боддог.

-“Охин” дууг Ж.Дашдондог гуайгаас гадна олон уран бүтээлчид дуулсан байдаг юм билээ?

-“Охин” их олон ковертой. Гэхдээ хамгийн олон дуучин дуулсан, хамгийн олон клиптэй дуугаар миний “Сүүн цагаан хурим” дуу шалгарах байх. Найман клиптэй. Найман хос буюу 16 дуучин дуулсан байдаг юм.

-Охидууд тань “Охин” дууг өөрсөддөө зориулсан дуу гэдгийг мэдээд хэрхэн хүлээж авч байсан бэ?

-“Бид хоёрын дуу” гээд манай хоёр онгирох үедээ онгирно шүү дээ. Манайхан аялан тоглолтоор явахдаа Лос-Анжелест очоод “Хоовон ахын охин хаана байна. Та хоёрт зориулсан аавынх нь дуу” гэж байгаад зориулж дуулдаг. “Ааваа ингээд сонсох үед аймар гоё байдаг” гээд хэлдэг л юм.

-“Элкондор” хамтлагийн “Охин минь дээ” бас таны уран бүтээл гэдгийг “Хоовон 60” хүндэтгэлийн тоглолтын үеэр мэдэж авсан. “Охин”-г бодвол их хүнд үгтэй дуу юм билээ?

-Тийм их хүнд үгтэй. Шүлгийг нь хараад хүнд үгтэй юм байна даа гэж бодож л байсан. Шинээр гарч ирж байгаа хамтлагт зориулж хийж өгч байгаа учраас цааргалалгүй аялгууг хийж өгсөн. 1995, 1996 оны үед шиг санаж байна. Энэ дууг бол би өөрийнхөө хоёр охинд зориулаагүй.

“Элкондор” хамтлагийн дуучин П.Хэрлэн энэ дууны үгийг Ч.Мөнхбаяр гэдэг найздаа хэлж бичүүлсэн юм билээ. Шүлгийг нь надад авчирч өгөөд би аялгууг нь хийсэн. Хөгжмийн найруулагч А.Болорхүү манай гэрт ирээд хоёр удаа аяыг нь тоглуулаад, “Ойлгочихлоо” гээд л яваад өгсөн. Дараа нь сонстол маш гоё найруулга болсон байсан. Түүнийг би үнэхээр авьяастай гэдгийг тэр үед мэдэрсэн. “Элкондор” хамтлагийн анхны тоглолтод энэ дуу дуулагдаад л түүнээс хойш хит болсон.

Дэндүү гэнэн насны зовхиндоо нуусан сувдан дусал

Дэлхийн тал ууландаа дэгдэж яваа миний үр

Сартай нартай хорвоод бүтэн жаргал үгүй болохоор

Сүүтэй бурхан ээжээсээ аавыгаа битгий нэхээрэй

Дх: Хавар хаврын анхны яргуй шиг

Хонгор зул охин минь дээ

Цэлмэг залуу насны зүрхэндээ нуусан өнчин гуниг

Цэнгийн шувуудын араас дэгдэж яваа миний л үр

Дэрстэй харганатай хорвоод илүү жаргал үгүй болохоор

Дээлтэй бурхан ээжээсээ аавыгаа битгий нэхээрэй.

Дх: Намар намрын мөнгөн хяруу шиг

Наранзул охин минь дээ

Томоогүй залуу насны өөрөөсөө нуусан өнчин гуниг

Тоостой будантай хорвоод тоглож яваа миний л үр

Цэцэгтэй жимстэй хорвоод бүтэн жаргал үгүй болохоор

Цээжиндээ хурсан гунигаа ээжийдээ битгий гаргаарай

Дх: Ариун ариун хурын дусал шиг Алтанзул охин минь дээ.

Заяа тавилангийн манантад ээжийгээ

Хайрлаж яваарай охин минь дээ

-Та “Охин минь дээ” дууны аялгууг хэр хурдан хийсэн бэ?

-Маш хурдан хийсэн. П.Хэрлэнг шүлгээ авчирч өгөхөд хараад сууж байхдаа аялгуу нь орж ирсэн. Дуу зохиоход шүлэг маш их үүрэгтэй. Шүлэг бүхэн өөрийн аялгуутайгаа ирдэг юм. Өгүүллэг шиг шүлгэнд яагаад ч ая орж ирэхгүй шүү дээ.

-Охид тань таны мэргэжлийг өвлөөгүй юу?

-Бага охин минь Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуур хөгжмийн ангид байсан. Би өөрөө гаргачихсан юм.

-Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8. Та энэ өдөр гэрийнхээ бүсгүйчүүдээ хэрхэн баярлуулдаг вэ?

-Хол байгаа охинтойгоо видео дуудлагаар мэнд хүргэчихнэ. Тэр минь хоёр мөн охинтой. Ойр байгаа охиноо хэрхэн баярлуулах тухайгаа зээ хүүтэйгээ ярилцаж байгаад шийднэ. Ер нь би жил бүр охиндоо торт авч өгдөг. Харин ханьдаа цэцэг бэлэглэдэг. Манай эхнэрийн хувьд цэцэг авчихвал л болчихож байх шиг байгаа юм. Цэцэг гэдэг чинь их гоё, бүх юмны бэлгэдэл шүү дээ. Нар хамба, нандин чавга огт сонин биш.

-Та “The Hu” хамтлагийн зөвлөх, дасгалжуулагч багшаар ажилладаг гэсэн?

-Шинэ уран бүтээл гарах бүрт хамт байж, амьд тоглолтынх нь бүх сургуулилтыг хийлгэдэг. Найруулга дээр зөвлөгөө өгөх зэргээр бүхий л зүйл дээр хамт ажиллаж байна. Б.Дашдондог өөрөө миний шавь. Тиймээс надад санал тавьж хамтарч ажиллахаар болсон байдаг. Түүний зөвшөөрөлтэйгээр “хатуу” үзэх эрхтэй. Гэхдээ нас яваад загнаж чадахаа больжээ. “Миний хүүхдүүд ингээрэй, тэгээрэй” гэдэг болсон байна. Жаахан эвгүйтвэл хааяа нэг муухай орилчихдог.