Монгол оронд өвөлжилтийн нөхцөл тун амаргүй байна. 2023 оны хоёрдугаар сарын 1-ний байдлаарх зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 70 гаруй хувьд их (35 хувь нэн их, 41 хувь их), 20 гаруй хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байна.

416560 толгой мал зүй бусаар хорогджээ

Аймгийн дүнгээр үзвэл Увс, Завхан, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Архангай аймгууд нийтдээ зудын эрсдэл ихтэй гарсан бөгөөд зудын эрсдэл баруун аймгуудаар ихээхэн нэмэгдэж, хаваржилт илүү хүндрэхээр байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас (2023.02.17) мэдээлээд буй юм. Он гарсаар 416560 толгой том малын зүй бусын хорогдол гарсан бөгөөд энэ нь оны эхний 71.1 сая малын 0.6 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Увс (64057), Сүхбаатар (59936), Завхан (57873), Архангай (54212), Ховд (22962) аймаг байна. Зудын эрсдэл ихтэй бүс нутгаар малын тарга хүч дутуу, мал борлуулах зах зээл байхгүй, өвс тэжээл үнэтэй, малчид мөнгө олох боломж муутай байгаа нь зудад нэрвэгдэхийг улам бүр нэмэгдүүлсээр байгаа юм.

30 жил,  21.1 сая толгой мал, 860 тэрбум

“Зуд” гэдэг нэр томьёо нь Монгол орны уур амьсгалын онцлогтой холбоотой бөгөөд 1999-2001 оны зудын уршгаар үүссэн хохирлыг үндэслэн “ZHUD” гэж гамшгийн нэг төрөл болохыг хүлээн зөвшөөрч дэлхийд зарлажээ.

1944 оноос хойш хийсэн судалгаагаар манай оронд болсон зудын нөлөөгөөр нэг жилийн дотор хамгийн ихдээ ес орчим сая, багадаа нэг сая орчим толгой мал тус тус хорогдож байжээ. Энэ нь тухайн жилд тоологдсон нийт малын тооны 2-33 хувийг эзэлж байв. Зөвхөн сүүлийн 30 жилийн хугацаанд нийт 21.1 сая толгой мал хорогдсоныг мөнгөн дүнгээр илэрхийлбэл 860 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. 1990-2020 оны хооронд зуд хамгийн олон тохиолдсон аймаг нь Завхан, Хөвсгөл, Төв, Дорнод аймгууд. Мөн энэ хугацаанд Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Сэлэнгэ Дархан аймгууд 2-4 удаа буюу найман жилд 1, Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Булган, Хэнтий, Сүхбаатар аймгууд 5-7 удаа буюу дөрвөн жилд нэг удаа, Завхан, Хөвсгөл, Төв, Дорнод аймгууд 8-10 удаа буюу гурван жил тутамд зуд тохиолджээ.

1990-2020 оны хоорондох зудын давтагдлын судалгаа

Зуданд “уруудсан” малчид Улаанбаатарыг л зорьдог

Зудтай холбоотойгоор иргэд олноороо отроор нүүдэллэдэг. Гэхдээ үүнээс илүү цараатай нүүдэл нь зуданд нэрвэгдсэн малчдын Улаанбаатар хотыг чиглэх их нүүдэл юм. Энэ нүүдэл хэдийнэ эхэлж, хотын хаяаг дэрлэх малчдын цуваа үргэлжилж байна.

Ган зуданд нэрвүүлсэн Завханы малчин иргэн 7 ам бүлээ дагуулаад хотын захад ирчихэж. 43 тооны охин адууг 20 саяд зарна гэнэ. Нийслэлийн айл болно гэнэ. Улаанбаатарын иргэд ингэж л нэмэгддэг. Монголын хөдөөд зуд болоход хотын хүн огцом өсдөг нэг жишээ энэ шүү дээ.

1999-2002 оны хоорондох гурван жил дараалсан зудад нийт малын гуравны нэг хорогдсон нь орон нутгийн иргэд шилжилт хөдөлгөөн хийж, хот сууринг бараадах иргэдийн тоо огцом өссөн байна.

2000-2001 оны өвөл Монгол оронд тохиолдсон зуд хохирол (4.2 сая толгой мал хорогдсон)-ын хэмжээгээр 1944-1945 оны зуд (9.2 сая толгой мал хорогдсон)-ны дараа хоёрдугаарт бичигдсэн ба нийт хохирлын хэмжээ 162.5 тэрбум төгрөгт хүрчээ. Жишээлбэл, албан ёсны статистикийн судалгаанаас харахад сүүлийн 10 жилийн хугацаанд жилд дунджаар 24000 болон түүнээс дээш тооны хүн Улаанбаатар хотод шилжин суурьшсан байдаг ч 2010 оны зудын дараагаар Улаанбаатар хотын иргэний бүртгэлийн газарт орон нутгаас шилжин ирж байгаа хүмүүсийн тоо урьд жилүүдээс 40 хувиар өссөн буюу нэмэлт 10000 хүн Улаанбаатар хотод шилжин ирснийг “Улаанбаатар хотын шилжилт хөдөлгөөний хязгаарлалтын үр нөлөө болон шилжин суурьшигчдын эмзэг байдлын судалгаа”-нд дурджээ. Мөн 1993 онд болсон хамгийн олон буюу 16 аймгийн нутгийг хамарсан зудын улмаас 1381.5 мянган толгой мал хорогдож, 49234 хүн шилжин суурьшсан гэдэг статистик бий.

Хот хөдөөгийн хөгжлийн ялгаатай байдал, ган зуд зэрэг байгалийн гамшигт үзэгдэл нь иргэдийг шилжилт хөдөлгөөн хийхэд хүргэж байна.

НҮБ-ын шилжилт хөдөлгөөний байгууллага

Зудын улмаас малын зүй бус хорогдол нэмэгдэж малчид малгүй болсны улмаас төв суурин, хот газарт шилжиж тэнд төлөвлөгдөөгүй хүн амын тоог нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болж байна. Зудын нөлөөгөөр хүн амын шилжилт хөдөлгөөн ихсэх магадлалтай бөгөөд цаашид хөдөө аж ахуйн салбарт үзүүлэх сөрөг нөлөөлөл ихсэх магадлалтай байна.

“Монгол орны мал аж ахуйн салбарт зудын давтамжийн үзүүлж буй хохирлын үнэлгээ” өгүүлэл

1998 оноос хойш дараалан болсон зудын дараа нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн эрчимтэй нэмэгдсэн байгааг доорх зургаас харах боломжтой.

Монгол оронд тохиолдсон томоохон зудын хохирол

Онцгой байдлын ерөнхий газраас өгүүлснээр Монгол орны нутаг дэвсгэрт сүүлийн 60 гаруй жилийн 65 хувьд нь их бага хэмжээтэй зуд тохиолдож байсан бөгөөд статистик судалгаанаас үзэхэд тохиолдож буй зудын улмаас жил тутам дунджаар 1.3 сая толгой мал хорогдож байна. Харин 1944-1945 онд 8.3 сая, 1950 онд 3.5 сая, 1967-1968 онд 2.9 сая, 1976-1977 онд 2.1 сая, 1999-2002 онд 11.2 сая, 2009-2010 онд 9.7 сая, 2015-2016 онд 1.02 сая, нийт 38.7 сая толгой мал хорогдож байжээ.

Зудын хохирлын хоёрхон жишээ өгүүлэхэд түүхэнд “Бичин жилийн зуд” хэмээн тэмдэглэн үлдсэн 1944 оны зуд 150 хоног үргэлжилж 8.1 сая толгой мал буюу нийт малын 33 хувь нь хорогдож байжээ.

Харин 2009-2010 оны зуданд 8.5 сая толгой мал буюу тус улсын нийт малын 20 хувь нь хорогдож 769 мянган хүн буюу нийт хүн амын 28 хувьд нөлөө үзүүлсэн гэдэг. Мөн 2010 онд зудын эрсдэлийн индекс 7.3 хувьтай гарч, тухайн жилд тохиолдсон зуд 18 аймгийг хамарч, 8576 малчин өрх малгүй болж 32756 малчин өрх малын 50 хувийг алдсан гэж үздэг байна.

Монгол оронд зуд тохиоход бид ийм хохирол амсаж, ийнхүү туулж байжээ. Урин цагтай золгосны баяр Сар шинийн баяраа монголчууд дэлгэр сайхан тэмдэглэн өнгөрүүлсэн. Гэхдээ малчдын ажил одоо л жинхэнэ эхэлж байна. Өвөлжилтийн нөхцөл амаргүй байгаа ч гарз, хохирол багатай энх улиралтай золгох нь малчдад болоод улсын эдийн засаг, уламжлалт өв соёл аль алинд нь л таатай зүйл. Саар бүхэн ард үлдэж, сайныг дагуулан урин цаг удахгүй ирэх биз ээ.