Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг дахь УБТЗ-ын “35 дугаар зөрлөг” гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 33 км-т хоёр автомашин хоорондоо мөргөлдсөн гэх дуудлага өчигдөр ОБЕГ-д 19:35 цагт иржээ. Дуудлагын дагуу алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Сайншанд сумын чиглэлд зорчиж явсан “Киа гранбирд” загварын хот хоорондын зорчигч тээврийн автобус, “Тоёота приус 20” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байжээ. Улмаар алба хаагчид суудлын автомашинд зорчиж явсан иргэн Д /27 настай, эрэгтэй/ бүхээгтээ хавчуулагдсан байсныг 20 минут ажиллан эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна. Харин зорчигч тээврийн автобусанд явж байсан 14 иргэний биеийн байдал хэвийн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.