Өнгөрсөн оны зургаадугаар сард тухайн үеийн Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Газрын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Түүнээс хойш уг хуулийн төслөөр аймаг бүрд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хамгийн сүүлд л гэхэд Цагаан сарын өмнөхөн Дархан-Уул, Орхон аймагт тухайн аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд нь хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Батлут хэлэхдээ "Энэхүү багц хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлгийг 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт танхим болон цахимаар зохион байгуулсан. Уг арга хэмжээнд нийт 10000 гаруй иргэн оролцож, хуулийн төслүүдтэй холбоотой нийт 5300 орчим санал ирсэн" гэсэн юм.
Газрын багц хуулийн төслөөр 21 аймаг, есөн дүүрэгт хэлэлцүүлэг хийж хүн хүч, хөрөнгө мөнгө зарцуулснаас гадна өнгөрсөн хоёрдугаар сарын 6-нд Төрийн ордонд томоохон хэмжээний хэлэлцүүлэг хийсэн. Ингэж бөөн ажил болж олон хүн цаг заваа зарцуулсан Газрын багц хуулийн төслийг буцааж татахаар болсон гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн мэдэгдлээ. Тэрээр "Нийслэлийн Ерөнхий төлөвлөлттэй холбоотой асуудлаар Ерөнхий сайдтай санал солилцлоо. Энэ хүрээнд нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, түгжрэлийн асуудлаар тодорхой шийдвэр гаргаж, алхам хийх, 2040 он хүртэл нийслэлийг хөгжүүлэх төлөвлөгөөг энэ ондоо багтаан батлуулах шийдэлд хүрлээ. Нийслэлийн гол асуудал бол газрын асуудал байдаг. Тиймээс өргөн барьсан хуулийн асуудлыг зохицуулж, төлөвлөлт хийгдсэн газар газар олгодог болох шийдэлд хүрсэн. Тиймээс УИХ-д өргөн барьсан Газрын багц хуулийг буцааж татаж, нийслэлийн ерөнхий төлөвлөлтийг хийж, төлөвлөлтийн дагуу газар олголт хийдэг шинэ зарчимд хүрнэ. Мөн хөдөө орон нутгийн иргэд газрын хууль дээр шүүмжлэлтэй хандаж байгаа. Малчдын эрх зөрчигдсөн байна гэдгийг хөдөөгийн иргэд хэлж байгаа. Түүнчлэн энэ хууль батлагдвал уул уурхайг дэмжих юм байна гэдгийг орон нутгийн иргэд хэлж байгаа. Тиймээс УИХ-д өргөн барьсан Газрын долоон багц хуулийг эгүүлэн татахаар боллоо. Сайжруулаад, эргээд хэлэлцэнэ" гэв.
Уг нь хуулийн төслийг боловсруулахдаа судлагаа сайн хийж, иргэд олон нийтийн саналыг авч тусгасан бол өргөн барьсныхаа дараа алдаа дутагдлыг нь олж харахгүй, буцааж татахгүй, цаг алдахгүй байх байлаа. Хууль тогтоомжийн тухай хуулиар хуулийн төслийг өргөн барихаасаа өмнө олон нийтээр хэлэлцүүлж саналыг нь тусгасан байх ёстой. Харин энэ удаад Газрын багц хуулийн төслийг босон суухын хооронд боловсруулж, өргөн бариад дараа нь иргэдээр хэлэлцүүлж саналыг нь авахаар төлөвлөсөн нь эцэстээ үнэнд гүйцэгдэж эгүүлэн татахаас өөр аргагүй болов. Мордохын хазгай гэж энэ.