Монголчууд эрт дээр үеэс олон төрлийн тоглоом наадгайгаар дамжуулан үр хойчдоо өв соёлоо уламжилж ирсэн түүхтэй. Тухайлбал, шагайн наадгай, хөлөгт тоглоом, алаг мэлхий өрөх, оньсон, аман наадгай, уран ээдрээт гогцоо гээд олон төрлийн уламжлалт тоглоомоор нааддаг. Үүнээс сар шинийн баяраар ирсэн зочин гийчид “Дөрвөн бэрх” орхиж аз хийморио шинжин тоглодог уламжлалттай. Мөн үйчүүр, алаг мэлхий, хорол зэрэг тоглоомуудаар тоглон тухайн жилийн өнгийг тодорхойлдог хэмээн үздэг. Ийнхүү уламжлалт тоглоомын төрлөөс зарим наадгайн талаар онцлон хүргэж байна

Дөрвөн бэрх орхих

Зөв эрчтэй дөрвөн шагай сонгож авна. Шагайг орхиход хонь, ямаа, морь, тэмээ гэсэн дөрвөн өөр дүрс буухыг дөрвөн бэрх гэнэ. Тоглоом наадгайг тоглохдоо “Найр ахаасаа, наадам дүүгээсээ” гэдэг зарчмыг баримтлан хамгийн залуугаасаа эхэлнэ. Улмаар дарааллаараа ээлжлэн дөрвөн шагайг орхиж, түрүүлж 100 оноо авсан хүн хожно. Хэдэн оноогоор тоглохоо дараах байдлаар тогтооно.

Үүнд:

Дөрвөн морь - 100 оноо

Дөрвөн тэмээ -95 оноо

Дөрвөн бэрх – 80 оноо

Гурван морь, нэг хонь – 75 оноо

Гурван тэмээ, нэг ямаа – 45 оноо

Нэг морь, гурван хонь – 25 оноо

Нэг тэмээ, гурван ямаа – 15 оноо

Дөрвөн хонь, дөрвөн ямаа (тус бүр), хоёр хоёроороо ижил бол - 2 оноо авна.

Авсан оноог нэмэхэд нийт 100 болж байвал уг наадамд түрүүлэх юм.

Алаг мэлхий

Алаг мэлхий тоглоом нь 92 шагайг мэлхийний бие болгон өрж нааддаг тоглоом юм. Мэлхийний нурууг зургаа үелсэн, бүгд 36 шагайгаар бүрдүүлж өрнө. Нурууны дөрвөн үзүүрт тус бүр дөрвөн шагайнаас бүрдэх дөрвөн шилбэ буюу нийт 16 шагайг өрнө. Ийнхүү шилбэний доод талд дөрвөн тавхай тус бүрд тав буюу нийт 20 шагай өрнө. Нурууны дээд талд нь хүзүү болгож зургаан шагайг хоёр эгнээгээр өрөх юм. Хүзүүний дээд талд нь толгой болгож гурван шагайг өрөөд хоёр талд нь нүд хоёр, чих хоёр болгож өрнө. Улмаар нурууны доод талд нь сүүл болгож гурван шагай өрж,нурууны 36 шагайн дээр давхардуулж бөөрний хоёр, зүрх ба давсаг хэсгийн нэг, нэг шагайг зохих журмын дагуу байрлуулан өрнө. Бөөр, зүрх, давсгийг тод өнгийн шагайгаар төлөөлүүлнэ. Ийнхүү тоглогчид тохиролцсоны дагуу нэг нь эхэлж шоо хаяхад дээш харж буусан шооны нүхний тоотой тэнцүү шагайг мэлхийн эрхтнүүдээс нэрлэн авна. Хамгийн түрүүнд шагайгаа өрж дуусгасан нь хожно.

Үйчүүр

Цагаан сарын шинийн нэгэнд тоглодог ихэд хүндтэй тоглоомын нэг нь үйчүүр тоглоом юм. Үйчүүрийг шоо хаяж тоглох бөгөөд шооны нүд бүр нь урам зориг, хийморь бэлгэдлийг илэрхийлдэг. Энэхүү наадгайг хэдэн ч хүн тоглож болно. Хэрэв олуулаа тоглох бол тоглогчид тэгш тоотой хоёр баг болон талцан тоглоно. Үйчүүрийн мод тус бүрд шувуу, туулай, хүдэр, харцага, буга, ирвэс, арслан, үнэг, нохой зэрэг амьтныг дүрсэлсэн байдаг. Амьтдыг зургаар нь ангилан тавьж, зургаан ширхэг шоог нар зөв тойруулан ээлжлэн хаяна. Амьтан бүр тоотой. Тухайлбал, дөрвөн нүхтэй зургаан ширхэг шоо буувал нэг арсланг авах бөгөөд тэр нь 64 лантай тэнцдэг. Энэ нь тэмцээний хамгийн өндөр оноо юм байна. Хоёр нүхтэй шоо буувал нэг нохой авна. Нэг нохой нь 12 лан аж. Тоглоом дуусахад хожсон амьтдад харгалзах тоог гаргаж, лангийн хэмжээг тогтоон, дүнгээ тооцдог. Улмаар хамгийн их дүнтэй нь хожно. Үйчүүрээр наадсанаар багаар ажиллах, түргэн сэтгэх, шийдвэр гаргах, цээжээр зөв бодох, тооцоолох чадвар эзэмших давуу талтай.

Хорол

Хорол нь 60 ширхэг модоор жарныг цогцлоох цаг хугацааны бэлгэдэл болсон тоглоом билээ. “Хорол” тоглоомын тоглох цаг хугацаа, журам дэг нарийн бөгөөд тэнгэрийн дуутайд тоглохыг цээрлэдэг. Тоглоомд 2-4 хүн, эсвэл зургаан хүн оролцон тогловол толгой толгойгоо мэдэж тоглодог. Харин 4,6 хүн тогловол талцан тоглодог. Уг тоглоомоор тоглохдоо жаран ширхэг модоо тав таваар нь давхарлан 12 овоо босгож, тойрог болгон өрнө. Улмаар тоглож эхлэхийн өмнө хамгийн бага настай тоглогч нь 12 жилээ магтах ба жилийг магтахдаа тооллыг тэргүүлэгч хулгана жилээс эхлэн магтаж дуулна. Дараа нь тоглоомд оролцогчид нь нар зөв эргэх дарааллаар овоогоо хуваан авч тоглоно. Үүнийг овоо сөхөх гэнэ. Эхний хүн модыг дангаар болон ижилсүүлэн гарч дараагийн хүн ахлах буюу дагуулан өгөх журмаар тоглоом үргэлжилнэ. Тоглоом дуусахад олон гэр барьсан тал нь хожно.