Хүн ам өрхийн мэдээллийн санд өнөөдрийн байдлаар “Хадаг” нэртэй зургаан хүн байдаг гэсэн статистик тоон мэдээлэл бий. Ер нь хүний дуудах нэрийг лам багш, эцэг эхийн аль нь ч өгсөн байлаа гэсэн тодорхой утга учрыг бэлгэддэг. Монголчуудын сэтгэлгээнд нэр хүнддэх, нэр хугарах, нэр цагаатгах, аальгүй хүн нэрээ аврахгүй гэх зэргээр хэлц хэллэгүүд ч байх нь элбэг. Нэг үгээр хэлбэл хэн нэгний оноосон нэр гэдэг тухайн хүний насан туршийн тодотгол, илэрхийлэл болдог.
Харин “Хадаг” гэх нэрийн тухайд Монголчууд энэ эд зүйлийг эртнээс өнөөг хэр нь хүндэтгэн үзсээр буйтай салшгүй холбоотой. Ялангуяа сар шинийн баяраар ахмад, настан азай буурлуудынхаа амар мэндийг мэдэхдээ алд цэнхэр хадгаа дэлгэн барих нь олонтоо. Сар шинийн баяраас бусдаар бэр гуйх, хурим найр, даахь үргээх ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ гээд гэгээн бүхнийг бэлгэдсэн, билэг төгөлдөр өдрүүдэд хадгийг ашигладаг байна.
Сайн оюунт тааллын чимэг үзэсгэлэнт сувдан эрхэд өгүүлснээр “Хадаг бол өлзий хутгийг бэлгэдсэн, үлэмж ариун цагаан сэтгэлийн илэрхийлэл” хэмээжээ. Түүнчлэн хадгийг анх Энэтхэгт уран Бишүү-Гарма мяндсаар урлаж хийсэн гэдэг.
Хадгийг хээ угалз, хэв шинж, бэлгэдэл зүйгээр нь дараах байдлаар ангилна.
Их Аюуш хадаг: Монголчуудын хамгийн түгээмэл ашигладаг хадгийн нэг бөгөөд аз жаргал, амар амгаланг бэлгэддэг. Эртний сурвалжид тэмдэглэснээр аав, ээж, ахмад буурлууд, дээдэст хүндэтгэлийн журмаар эл хадгийг өргөн барьдаг гэсэн нь бий. Харин энэ уламжлал өнөөг хэр нь өргөн дэлгэр хэвээр байна. Хадган дээр Лянхуа цэцэг дээр орших Авид бурхан болон түүний шавь, олон бодисадва тэргүүтэйг дүрсэлсэн байдаг. Хангарди шувуу, хоёр буланд нь хорол хээ, голд нь урт удаан наслахын бэлгэдэл болсон өлзий хээг урласан нь бий.
Бага Аюуш хадаг: Авид бурхан, баруун зүүн талдаа шавь нартайгаа сууж буйгаар сангийн бойпор, хумх цэцэг, шашныг хамгаалагч махранз зэргийг дүрсэлсэн байна. Амар амгалан, аз жаргалыг бэлгэдэн ахмад настнуудад өргөдөг энэ хадаг мөн л хүндэтгэлийн утга илэрхийлнэ.
Баранзад хадаг: Шашин төрийн томоохон үйл хэрэгт хүндэтгэлийн зориулалтаар “Баранзад” хадгийг ашигладаг. Бусад хадагнуудыг бодоход хамгийн урт хэмжээтэй буюу 3.2 метрийн урттай. Мал сүрэг өсөж үржих, малчны амьдрал бялхан баяжихын бэлгэдэл болсон хамар угалз бадраа хээг урлаж, дээр нь лянхуа, лавай, загас, хорол, шүхэр, бумба, жанцан, өлзий зэргийг дүрсэлсэн байдаг.
Даш хадаг: Хэн нэгний амар мэндийг мэдэхэд энэхүү хадгийг ашигладаг. Ахмад настнууд золгож байгаа хүнээ хүндэтгэж, гар хоосон золгохгүй гэсэн үүднээс баруун гарын ядам хуруундаа ороож золгодог байна. Шашны зарим зан үйлд ашиглах нь ч бий. Алхан хээг дүрсэлсэн байх бөгөөд хээний хажууд “Ум сайн амгалан болтугай” хэмээн монголоор бичсэн байдаг.
Вандан хадаг: Энэхүү хадгийг бурхан болоочийн хойтын буянд тусгайлан зориулж ашигладаг. Дүрслэлийн хувьд цэвэр ариуны бэлгэдэл лянхуа цэцэг ишнээсээ урган гарч, түүн дээр намжү вандан түүнийг тойрсон бурхны таван орныг илэрхийлсэн тэмдэг бүхий угалзарсан навч бий. Ланз үсгээр тэмдэглэсэн хээтэй байдаг.
Хийморийн хадаг: Нэрийн шууд утгаар хийморь сүлд, цог жавхланг бэлгэдэн эрчүүд, өрх гэрийн тэргүүн голчлон хэрэглэдэг хадаг. Тухайн жилийнхээ хийморь сүлдийг даатган уул овоонд өргөх эсвэл хурдан моринд хүндэтгэн зүүдэг. Дүрслэлийн хувьд хий салхи хөлөглөсөн, нуруундаа гал бадарсан эрдэнийн зэндмэнэ хөлөглөсөн алтан хазаар тоног сэлттэй. Мөн Хангарди амандаа могой барьсан хээтэйгээр дүрсэлсэн байна. Энэ нь хүний цог хийморь, сэтгэл санааг тэгш байлгадаг гэлцдэг.