УИХ-ын намрын чуулган хаахтай зэрэгцэн “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль”-ийг батлав. Эндээс бид төрөөс гаргасан шийдвэр бүхэн иргэдэд ээлтэй байдаггүйг харлаа.
Хүмүүсийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхийг хязгаарлах агуулга бүхий хуулийг баталсны дараа иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж, иргэдэд уг хуулийн талаарх ойлголт өгч, Ерөнхийлөгчид хориг тавих хүсэлт гаргасан юм. Улмаар Ерөнхийлөгч тус хуульд бүхэлд нь хориг тавьж, иргэдийн шуугиан намжив.Иргэний нийгмийн байгууллага ийм л байх ёстой. Иргэдээ өмөөрч, эрх ашгийг нь хамгаалдаг байх ёстой юм. Төрийн аливаа шийдвэр нийгэмд ямар нөлөө үзүүлэх талаар ойлголт, мэдээлэл хүмүүст өгч, олон нийтийн дуу хоолойг төрд хүргэх “цагаан хоолой” байх ёстой. Энэ их хариуцлага иргэний нийгмийн байгууллагын “нуруун” дээр байдаг. Түүнчлэн иргэний нийгмийн байгууллага нь иргэдийг чиглүүлж, төрийн алдаатай, адармаатай шийдвэрүүдэд чагт, зангилаа болдог учир тэдний үйл ажиллагааг хязгаарлах зорилготой хуулийг ч төрийн зүгээс гаргаж байсан гэхэд хилстэхгүй.
Ингэж хэлсний учир нь, 2022 онд Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Мөн үеэр тус хуулиар иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагааг хязгаарлах гэж байна гэх дүгнэлтийг судлаачид болон хөндлөнгийн шинжээчид гаргаж байв. Тэд тус хуулийн төслөөр иргэний нийгмийн байгууллагын удирдлага, хяналт, төсөв рүү төр өнгийх нөхцөл байдал бүрдлээ гэж үзсэн бөгөөд ингэснээр төр уг байгууллагыг хараа хяналтдаа байлгаж, хүссэн үедээ өөрсдийн үзэмжээр хөдөлгөх боломжтой болно хэмээж байсан юм.

Манай улс иргэний нийгмийн өдрийг албан ёсоор тэмдэглээд 15 жил болж байна. Гэвч өнөөдрийг хүртэл иргэний нийгмийн байгууллага үр дүнтэй үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин, санхүүжилт, нийгмийн дэмжлэг зэрэг таатай орчин бүрдүүлэхэд ахиц дэвшил гарсангүй. Харин ч иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагааг хязгаарлах хууль батлах гэж байна. УИХ-аар хэлэлцэж буй Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн заалтууд иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарлаж, ТББ-уудын хараат бус ажиллах нөхцөлийг хааж боомилох нөхцөл байдал үүсгэж байна.
Хэдийгээр Холбооны эрх зүйн байдлын тухай хууль эцэслэн батлаагүй, хэлэлцүүлгийн шатандаа байгаа ч хэрэв хууль батлагдвал төр иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагааг хязгаарлах, цаашлаад өөрийн үзэмжээр хөдөлгөх боломж бүрдэх эрсдэлтэй. Хэрэв төр иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, өөрсдийн эрх ашигт нийцсэн элдэв шийдвэрт уялдуулах хөдөлгөдөг болчихвол шударга, ардчилсан иргэний нийгэм байхгүй болсонтой утга дүйнэ.
Тэгвэл иргэний нийгмийн байгууллага байхгүй нийгэм ямар байх талаар болоод уг байгууллага үйл ажиллагаагаа явуулахад ямар хүндрэл гарч байгаа талаар дэлгэрүүлэн авч үзье. Ингэж авч үзэхийн учир, иргэний нийгмийн байгууллага нь ардчиллын суурь багана, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн суурь билээ.
Дарангуйлал руу...
“Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ" хэмээн Үндсэн хуульд заасан байдаг. Энэ заалт нь Үндсэн хуулийн амин сүнс гэгддэг бөгөөд ард олон Засгийн эрхийг гартаа атгах тогтолцоо юм. Ард түмэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн хэрэгт оролцох хэдий ч тэдгээрийг нэгтгэсэн нэгдэл байхгүй байвал ганц, хоёроор дуу хоолойгоо хүргэнэ. Энэ нь төрд төдийлэн хүрэхгүй учир олон нийт төрийн аливаа шийдвэр, ажил хэрэгт хяналт тавих боломж хязгаарлагдана. Ард түмний дуу хоолойг Засгийн газарт хүргэх, ард олныг уриалан дуудах субект нь иргэний нийгмийн байгууллага юм. Хэрэв өнөөгийн нийгэмд иргэний нийгмийн байгууллага үгүй болбол ямар байх талаар холбогдох хүмүүс ийн хэлж байна.

Дарангуйлал ил гарч, асуудал бүгд дээрээс доош гэсэн загвараар шийдэгддэг болно. Төр болон түүнтэй холбогдсон хувийн хэвшлийн дарангуйлал руу амьдрал шилжин орно. Иргэд тэдгээрийн эсрэг дуу хоолойгоо хүргэхийг хүсэх ч хүч тарамдаж, зохион байгуулалтад орж чадахгүй тул ганц нэгээрээ дуугарсан иргэдийг “няц дарна”. Маргиналь иргэд (Маргиналь гэдэг нь ямар нэгэн бүлгийн шинж чанар агуулж чадаагүй, саармаг шинжтэй гэсэн үг) улам бүр дарлагдаж, нийгмийн ёроолд очно. Хэн ч тэдний төлөө дуу хоолойгоо хүргэхийг хүсэхгүй.

Нийгмийн гурав дахь тулгуур багана нь иргэний нийгмийн байгууллагууд юм. Уг байгууллага нь маш энгийнээр хэлбэл иргэд төрийг хянаж, төрд хариуцлага хүлээлгэж чаддаг тийм л тогтолцоог бий болгодог. Хэрэв иргэний нийгмийн байгууллага үгүй болбол иргэд төрийг хянаж чадахгүй, ард олны амьдрал доройтон унах нөхцөл бүрдэнэ.
Иргэний нийгмийн байгууллага үгүй болбол дарангуйлал бий болж, иргэд төрийн үйл хэрэгт хяналт тавьж чадахгүйд хүрэх аж. Иймийн тулд иргэний нийгмийн байгууллага олноор байгуулагдаж хоорондоо мэдээлэл солилцдог, харилцан бие биеэ дэмждэг хэлбэр рүү шилжин, хүчирхэгжих хэрэгтэй байгаа юм. Тэгж чадвал иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчин бага ч болов хангагдаж, төрийн буруу шийдвэрийг таслан зогсоож чадна.
Хоргонд хорогдогсод
Монгол Улсын хэмжээнд нийт 23 614 төрийн бус байгууллага (ТББ) бүртгэгдсэн бөгөөд тэдгээрийн ердөө 4000 орчим нь тогтвортой үйл ажиллагаа явуулдаг гэх дүн мэдээ бий. Хувьд шилжүүлбэл, нийт байгууллагын 83 хувь нь үйл ажиллагаагаа тогтмол явуулдаггүй аж. Ийнхүү ихэнх иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаа жигдрээгүй байгааг олон талын байр сууриас тайлбарлаж болох ч хамгийн том хоёр хүчин зүйлийг санхүүжилт, улс төрийн нөлөөтэй холбон тайлбарлаж болно. Учир нь иргэний нийгмийн байгууллагуудын ихэнх нь дотоодын болон олон улсын түвшинд санхүүжилт авах туршлага, чадвар байдаггүй аж. Иймд санхүүжилтийн гол эх үүсвэрээ гишүүнчлэлийн хураамж, хандиваар босгодог бөгөөд энэ нь найдвартай, тогтмол санхүүгийн эх үүсвэр болж чадахгүйн улмаас хаалгаа барихад хүрдэг. Тиймээс уг байгууллагууд олон улсын түвшинд санхүүжилт авах арга барилд суралцах хэрэгтэй байна.
Харин улс төрийн нөлөөний талаар авч үзвэл, зарим УИХ-ын гишүүн, төрийн өндөр албан тушаалтнууд хоёр гурваар нь ТББ нээж, сонгуулийн үеэр үйл ажиллагааг нь идэвхжүүлэх тохиолдол элбэг. Энэ талаар сүүлийн таван жил тасралтгүй ярьж байгаа ч дорвитой шийдвэр гаргаж, шийдэлд хүрсэн зүйл алга. Угтаа иргэдийн эрх ашгийг хамгаалж, сайн сайхан нийгмийг цогцлоон бүтээх үндэс суурь нь болох иргэний нийгмийн байгууллага өнөөдөр орон тоо нь их харагдаж байгаа юм шиг болов ч ихэнх нь үйл ажиллагаа явуулдаггүй, сонгууль болмогц ажилдаа ордог байдалтай байна. Иймд УИХ-ын гишүүд, төрд өндөр албан тушаал хашдаг эрхмүүдийг ТББ-ын удирдах зөвлөлөөр суулгахгүй байх зохицуулалтай хэрэгтэй юм.