Сар шинийн баяр болох гэж буйг тохиолдуулан нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг хугацаанаас нь өмнө олгохоор шийдвэрлэсэн. Улмаар нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, эхийн алдар одонгийн мөнгөн тусламж зэргийг өнөөдөр буюу хоёрдугаар сарын 14-нд олгох юм.

Үүнийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ахмад настнуудын гуравдугаар сарын тэтгэврийг хоёрдугаар сарын 14-нд олгоно гэж мэдээлснээр иргэдийг төөрөгдүүлээд байна.

Ахмад настны ирэх сарын тэтгэврийг энэ сард олгохоор шийдвэрлэсэн эсэхийг ХХҮЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяраас тодрууллаа. Тэрээр "Ахмад настны тэтгэврийг энэ сарын 14-нд олгоно гэдэг ташаа мэдээлэл. Нийгмийн халамжийн тэтгэврийг урьдчилж олгоно гэснийг хүмүүс өрөөсгөл ойлгосон бололтой" гэсэн юм.

Түүнчлэн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүрийн 20-нд олгодог. Харин энэ сар урьдчилж буюу хоёрдугаар сарын 16-нд олгохоор болсон юм. Үүнийн мөн л олон нийтийн сүлжээнд өнөөдөр буюу 14-нд олгоно гэж мэдээлсээр иргэд төөрөгдөөд буй. Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл бөгөөд мэдээлэл шинэчлүүлэх хүсэлт өгсөн иргэдийн мэдээллийг нэгтгэж, шинэчлээд 16-нд олгох юм байна.