Цагдаагийн ёс зүй, багшийн ёс зүй, эмчийн ёс зүй, бүр УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрэм гэж бий. Салбар бүрт ёс зүйн хэм хэмжээг зохицуулсан дүрмүүд, хариуцлага хяналтын тогтолцоо байгаа. Үнэндээ ёс зүй гэдэг хүн хоорондын зөв харилцаа, үйлчилгээний соёл, хүний ухамсар, хүндлэл. Гэвч үүнийг заавал хуульчлах хэмжээнд ярих болсон нь ерөөсөө монгол хүний ёс зүй ухамсар төлөвшил алдагдсан уу гэж асуухад хүргэж байна.

Ёс зүйг хуульчилж болох уу?

Бид уг нь эртнээсээ хүндлэл харилцааны өндөр соёлтой ард түмэн. Гэтэл ёс зүйн доройтолд орсон уу. Одоо 60 гаруй хууль тогтоомжоор төрийн албан хаагчийн ёс зүйн харилцааг зохицуулж байгаа нь багадаад Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль гаргахад хүрсэнд нийтээрээ том дүгнэлт хиймээр. Төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа иргэн. Төрийн албаны мөн чанар нь өөрөө ард түмэндээ үйлчлэхэд оршдог. Төрийн албаны нүүр царай бол төрийн албан хаагчид. Гэтэл бүх шатны удирдах ажилтан, албан хаагчийн хувьд ёс зүй нь тэдний гаргасан шийдвэр, үйл ажиллагаа, үг яриа, үйл хөдлөлд илэрч, хүнд суртал, үйлчилгээний соёлгүй байдал, шан харамж харсан байдал нь яван явсаар албан тушаалаа ашигладаг авлигач соёлыг бий болгосон.

Ингээд төрийн алба бол төрлийн алба, авлигын алба, хүнд суртлын алба гэсэн шүүмжлэлүүдийг сонсох болсон. Энэ шүүмжлэлүүд зөвхөн олны амыг дагасан цуурай биш бодитой. АТГ-т ирүүлсэн өргөдөл, гомдлыг харахад авлигын гэмт  хэргийн шинжтэй, хүний нөөц томилгоо, төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдлууд давамгайлж байна. Олон судалгаа, тоо хэлж болох ч ерөөсөө төрийн албаны ёс зүйн асуудлыг томоор авч үзэх цаг нь болсон. Сууриар нь харвал төрийн албыг төрлийн алба болгосон хэтэрхий намжуулсан, нам дагасан томилгоо ковидоор далимдуулж сонгон шалгаруулалтгүй хэтэрхий олон хүн тавьсан, мерит зарчмаасаа халиад тойрог бүрийн даргын хүрээгээр бүх шатны удирдлагыг бүрдүүлж байгаа байдал шууд нөлөөлж, тэр хүмүүсийн “би артай хүн” гэх хандлага үйлдэл олон мянган төрийн албан хаагчийг нэрийг баастаж байна.

Төрийн албаны ёс зүй, нэр хүнд буурахад нам дагасан улстөржилт нөлөөлсөн

Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино. Гэхдээ төрийн албанд нэг биш нэг хэсэг албан тушаалтны эвэр доргиж байгаа учраас нийтээр нь муухай харагдуулж байна.

Өнөөдөр 4206 төрийн байгууллагад 208 864 төрийн албан хаагч ажиллаж байгаагийн 21135 нь төрийн захиргааны, 4165 нь улс төрийн, 45899 нь төрийн тусгай, 137 665 нь төрийн үйлчилгээний албан хаагч. Энэ хүмүүст ёс зүйн хариуцлага заасан 60-аад хууль байгаа. Ихэнх төрийн албан хаагч төрийн албаны  нэр хүндийг өргөж ажил албан тушаалдаа эзэн болж нэр төртэй ажиллахыг хичээдэг ч төрийн албыг даргын, танилын, төрлийн хүрээ болгосон хэт намжуулснаас үүдэж ёс зүйгүй хэсэг тодрон гарч бусдынхаа үйл хэргийг баллуурдаж байгаа.

Ёс зүйн зөвлөлүүдийн зөвхөн нэг жилийн тайланг харахад 1422 төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан. Эдний 809 нь төрийн тусгай, 353 нь төрийн захиргааны, 260 нь төрийн үйлчилгээний албан хаагч байна.

Энд ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн болон ажлын хариуцлага  алдсан, албан үүргээ гүйцэтгэх явцдаа, ажлын байранд архидан согтуурсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажлын цаг барьдаггүй, бусад буюу нууц задруулах, захирах захирагдах ёсыг зөрчих, албаны нэр барих, байгууллагын эд хөрөнгийг хувийн зорилгоор ашиглах зөрчлүүд давамгайлж байна. Одоо төрийн албаны ёс зүй яагаад ингэж муудсаныг үндсээр нь авч үзэх хэрэгтэй. Жинхэнэ ажил хийж байгаа төрийн албан хаагчдад бүгдийг нялзааж хариуцлага, хяналт ярихаас илүү төрийн албыг улс төрийн намууд, тойргоо манасан дарга нар, нутгийн зөвлөлүүд, бизнесийн сонирхлын бүлгүүд, ковид далимдуулан сонгон шалгаруулалтгүй томилогдсон гээд дарга албан тушаалыг хэрхэн дүүргэсний хор хохирлоо эхлээд ярих хэрэгтэй.

Даргын хүмүүс л дарга болдог тогтолцоо төрийн албаны нэр хүндийг сэвтээдэг

УИХ-ын тогтоолоор зургаан багц асуудлаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж, иргэдийнхээ санал бодлыг сонсоход санал асуулгад оролцогчдын 87.9 хувь нь төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, мэдлэг чадварт суурилсан, улс төрөөс ангид байлгахыг хүсчээ. Гэвч эрх баригчид болон намууд, дарга нар төрийн албан хаагчдад тавих хариуцлага л яриад байхаас төрийн албыг яаж намжуулсандаа дүгнэлт хийгээд гар хөлөө татаж аваад, өөрийнх нь дэг жаягаар хөгжүүлэх тухай ярихгүй байна. Шинэхэн мэргэжилтнээс салбар, хэлтсийн дарга болтол сайн ажиллах залууст боломжий нь үлдээе. Чадахуйн буюу бидний мерит гэж ярьдаг зарчим нь ажилтны мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг хэлж байгаа. Энэ зарчмаар урагшилна гэж байтал тэр даргын хүн, энэ намын идвэхтэн, тэр гишүүний сонгуулийн менежер, дээрээс явуулсан хүн гээд дарга албан тушаалыг тэс өөр анги бүлгийнхэн дүүргэдэг. Тэгээд тэр албан тушаал дээрээ өөрөө ч ашиг хийнэ, өрөөлд ч өрөө төлнө, доошоо ч өөрийн хүрээллийг үүсгэнэ. Тиймээс улстөрчид эхлээд өөрсдөө төрийн албыг ямар болгосноо нэг ярилцвал ямар вэ?

Улстөрчид төрийн албанаас гар хөл, ашиг сонирхлоо татаж байж төрийн албаны нэр хүнд сэргэнэ

Улс үндэстний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдлыг “төр” гэдэг ойлголт төлөөлдөг. Төрийн алба нь үндсэн үүргээ гүйцэтгэх чадамж хомсдож, улмаар нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх легитимт чанар доройтож, төрд итгэх ард түмний итгэл буурах нь засаглал, үндэсний аюулгүй байдалд нүүрлэх асуудал. Манай улсын хувьд төрийн албаны үүрэг гүйцэтгэх чадамж яагаад сулрав гэхээр өнөөх мерит зарчим алдагдаж намын томилгоо хэтийдсэнийх.

Төрийн албаны нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх чанар яагаад доройтов гэхээр чадалтай чадвартай залуу мэргэжилтнүүдээс илүү даргын хүрээллийн хүмүүс дарга болж, тэд нар нь өөрсдөө ахиад өөрийн хүрээлэл үүсгэж ирсэнийх.

Уг нь төрийн албан хаагч ард түмнийхээ тусын тулд, төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллах үүрэгтэй.

Гэтэл намжсан дарга ангийн нөлөөгөөр даргад үйлчлэх, намд үйлчлэх, бизнесүүдийн ашиг сонирхолд үйлчлэх, албан тушаал бүр дээрээ өөрийн нөлөөг тогтоохын тулд дээд даргын ивээл бүлэглэлд орох, бусдад давуу байдал олгож мөнгө олдог хэсэг бүлэг төрийн албыг бүхэлд нь муухай харагдуулж байна. Бид шударга, иргэний, ардчилсан нийгмийг бүтээх гээд явж байгаа. Энэ зорилгын хүрээнд 2050 он хүртэлх хөгжлийн зорилгоо тодорхойлохдоо

“Иргэндээ үйлчилдэг, мэргэшсэн, чадварлаг, ил тод, үр нөлөөтэй, ухаалаг төрийн албыг төлөвшүүлнэ” гээд 2021-2030 онд “Төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагын оновчтой тогтолцоо бүрдүүлж, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх”, 2031-2040 онд “Төрийн албан хаагчид нийгэмд ёс зүй, сахилга хариуцлагаар үлгэрлэх тогтолцоог бэхжүүлнэ” гээд заасан. Зорилго тодорхой байна. Энэ зорилгод чиглүүлэх төрийн албан хаагчийн ёс зүйг заасан 60-аад хууль байна.

Аливаа харилцааг хуулийн зүйл заалтаар нарийвчлан зохицуулахыг буруутгаагүй. Дарга бүхэн доошоо тойрог, аймаг дүүрэгтээ, ажиллаж байгаа, ажиллаж байсан салбартаа өөрийн хөл гартай болж, ахлах мэргэжилтнээс дээш албан тушаалыг хувааж авдаг. Нам бүхэн улс төрийн зорилгоор зонхилох нөлөөтэй албан тушаалыг томилдог. Тойрог руугаа тонгойж явдгаас чинь болоод төрийн алба ийм болсон. Нийтээр нь төрийн албаны мууг цоллож, 2050 он гэхэд ёс зүй сахилга хариуцлагаар үлгэрлэх албыг төлөвшүүлнэ гэх гэгээн зорилго дэвшүүлж яваа эрх баригчид, намууд, улстөрчид, улс төрд нөлөөтэй хүмүүс төрийн албанаас гар хөл, ашиг сонирхлоо татахаас нааш төрийн алба цэвэр нэрийг малгайлахын “заяа алга”. 60 тэрбумаар үнэлэгдэж зарагдсаар л байх болно.